Т.САЙХАН
Албадан эмчилгээг нэг жилийн хугацаатай хийнэ
Согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт доор захиргааны журмаар албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулсан. Энэ хуулийн хэрэгжилт нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэж байна. Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ хэмээн хуульд заажээ. Ингэхдээ жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглосон байна. Уг хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн 2000 онд баталсан Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийг хүчингүй болох юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэв
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай. Уг хуулийн заалтын хүрээнд оны эхний өдрөөс цалингийн доод хэмжээг 320,000 төгрөг болгох шийдвэрийг энэ оны наймдугаар сард гаргасан. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 болгож байсан юм. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харсан. Нэг цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил тодорхой хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхээргүй болсон" гэж байв. Улсын хэмжээнд 1.1 ажиллагсад байгаагийн найман хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг юм байна.
Хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байна
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан. "Энэ тогтоолын дагуу 2019 оны дүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй гэсэн үг. Уг шийдвэр одоо зээлтэй байгаа хүнд хамаарахгүй. Анх зээл авахад банктай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө үргэлжлүүлэн төлнө" хэмээн Монголбанкны мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд тайлбарласан. Хэрэглээний зээл авахыг хүссэн иргэний татварын дараах орлого нь 500 мянган төгрөг байвал түүний сард төлөх зээлийн үндсэн болон хүүний нийт төлбөрийг 350 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй. Мөн Монголбанкнаас иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоож, ирэх оноос мөрдөхөөр шийдвэрлэв. Энэхүү шийдвэр нь ипотекийн зээлээс бусад иргэдийн зээлд хамаарах юм.
Эх сурвалж:www.polit.mn