С.УЯНГА

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын аюул нийгмийг нөмөрч, тэр дундаа ирээдүй хойч үеийг хэрхэн мөхөөж байгааг  олон жил ярьж байгаа. Гэсэн ч төдийлөн ахиц дэвшил үр дүн гарахгүй байгааг хууль хяналтынхан хэлдэг. Тэгвэл Монгол Улс хар тамхи мансууруулах бодистой хэрхэн тэмцэж байгаа болон цаашид бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээг эрэлхийлсэн эрдэм шинжилгээний хурлыг Хууль сахиулах их сургууль, Хуульзүй дотоод хэргийн яам,  холбогдох байгууллагууд зохион байгууллаа.

Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд бодлогын хэмжээний судалгаанууд хийгдэж байгааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл энэ үеэр онцолсон юм. Мөн 2005 онд манай улс дамжуулан өнгөрөгч орон байсан бол НҮБ-ын 2014 оны тайланд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч орон болсон гэж зарласан болон энэ аюулд залуу үе илүү өртөж, айл болгоны хаалгыг тогших хэмжээнд хүртлээ гүнзгийрсэн учраас зайлшгүй анхаарах, эрс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатайг ХСИС-ийн захирал, хурандаа Ө.Энхтөр тэмдэглэсэн юм. Түүнчлэн “Монгол шуудан” компани гаалийн хяналтын бүсэд ашиглаж байгаа “R-SCAN”, Буянт-Ухаа дахь “DHL” шуудан илгээмжийн газарт ашиглагдаж байгаа “Fiscancmex-t 100100” рентген төхөөрөмжүүд техникийн шаардлага хангахгүй байгаа учраас хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгааг албаныхан хэллээ.

Эрдэм шинжилгээний хуралд мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх талаар тоо баримт, гарц гаргалгаа бүхий цөөнгүй илтгэл тавигдсанаас заримыг нь тоймлон хүргэж байна.

ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн захирал, доктор Б.Болдбаатар:

-Эрүүгийн хуульд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын найрлага, тунгийн хэмжээг нарийвчлан тодорхойлох замаар ялын бодлогыг ялгамжтай тогтоож өгөх хэрэгтэй. Төр засгаас энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюул, өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан эрс шийдвэртэй тэмцэл явуулахын тулд бие даасан байгууллага бий болгох хэрэгтэй. Мөн Хууль сахиулахын их сургууль зэрэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагыг түшиглэн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах тэнхим, кабинетыг байгуулах зайлшгүй шаардлагатай.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн:

-Мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац байршлыг шинэчлэн тогтоож, үр дүнтэй устгах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж тогтмол зохион байгуулах ёстой. Ихэнх улс орнууд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа ялын бодлогоороо дамжуулж явуулдаг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтсон буюу хамааралтай болсон иргэнийг Монгол Улсад эмчлэх байгууллага, туршлага хангалтгүй байгаа нь хорт зуршлаас нь татгалзуулж чадахгүй байна.

НМХГ-ын улсын байцаагч Д.Оюунбилэг:

-Мансууруулах сэтгэц нөлөөт эмийг Алтанбулаг, Сүхбаатар, Замын-Үүд, Буянт-Ухаа дөрвөн боомтоор нэвтрүүлдэг ба  тус боомтуудад улсын байцаагч бичиг баримтын хяналт шалгалт хийж  нэвтрэх зөвшөөрөл олгох зэргээр гурван төрлөөр хянаж байна. Мансууруулах, сэтгэц нөлөөт эм импорлогч, худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллага  найм, эмийн сан 12, эмийн үйлдвэр гурав байна.

ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрхлэгч (Ph.D), М.Ургамал:

- Хар тамхины гэмт хэргийн 50 орчим нь дотоодод ургаж байгаа өвс, ургамалтай холбоотой. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэрт 15 мянган га газар буюу 14 аймагт мансууруулах бодис оролцсон ургамал ургадаг.  Практикт аливаа зүйл ургамлыг хими, биохими, механик зэрэг олон аргаар  устгах боломжтой боловч биологийн аргаар устгах явдал илүү үр дүнтэй. Хот суурин газрын ногоон байгууламжид зориулж цэцэрлэгжүүлэлт хийхдээ мансууруулах, донтуулах үйлдэлтэй ургамлын үр, үндэслэг иш орсон эсэхийг сайтар шалгахаас гадна устгах хөрөнгө санхүүг шийдэн, хүн хүч дайчлан ажиллах шаардлагатай.

СЭМҮТ-ийн ШСЭСК-ийн эрхлэгч, АУ-ны магистрант С.Байгальмаа:

-Тоо баримтуудаас үзэхэд мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисын хууль бус хэрэглээ нэмэгдэж байгаа учраас  гэмт хэрэгт холбогдогсдын сэтгэцийн хувийн чанар, темпераментийн онцлогийг судлах нь нэн чухал хэрэгцээтэй. Судалгаанд оролцогчдын 40.5 хувь нь “Флегматик” темпераменттай гэсэн үр дүн гарсан. Ганц бие хүмүүс мансууруулах бодисыг илүү түлхүү хэрэглэх хандлагатай. Судалгаанд оролцогчдын 34.9 хувь  нь их, дээд сургуулийн оюутан залуучууд байсан нь анхаарал татсан, сэтгэл эмзэглүүлсэн үзүүлэлт байлаа.

ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б. Сүхбаатар:

-Гаалийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиглэлээр ажиллаж буй байцаагчдыг эрх зүйн баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэрэгслийг хуульчлан баталгаажуулах шаардлагатай. Гаалийн улсын байцаагч нарын хяналт шалгалтын явцад илрүүлсэн гэмт хэргийн сэжиг үндэслэл бүхий зөрчлийн нотлох баримт, холбогдох материалыг хэргийн илрүүлэлтэд ач холбогдолтойгоор шилжүүлэх процесст зарим хүндрэлүүд гарч байна. Сүүлийн үед улс хоорондын шуудан илгээмжийг ашиглан хар тамхи тээвэрлэх явдал нэмэгдэх хандлагатай байгаа тул Монгол шуудан ХК-ийн бичиг захидлын бүртгэл, мэдээллийн ажлыг цахим хэлбэрт шилжүүлж, гаалийн байгууллагын хяналт, бүрдүүлэлтийн нэгдсэн системд холбох шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин