С.САРУУЛ

Маргаашнаас /2018.10.22/ эхлэн Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор 12 жилээс дээш насжилттай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, бага оврын микроавтобусуудыг нэвтрүүлэхгүй байхаар болжээ.

Өнгөрсөн сард тус аймгийн гурван микроавтобус ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдож олон хүн бэртэж гэмтсэнээс дээрх арга хэмжээг авахаар болсон байна. Баян-Өлгий аймгаас Казахстан Улс руу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг 70 микро автобус байдгаас 10 гаруй нь стандартын шаардлага хангадаг бөгөөд Өлгий хотын дотор 35-40 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдгээс ихэнх нь үйлдвэрлэгдээд 12-оос дээш жил болсон аж.

Иймд мэргэжлийн байгууллагаас цаашид улс дотор ч стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх явдлыг таслан зогсоохыг зорьж байгаа бөгөөд иргэдийг найдвартай унаагаар үйлчлүүлж,  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.

 Эх сурвалж: www.polit.mn