Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ долоо хоногийн Баасан гаригт тохионо. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр. Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-наас зургадугаар сарын 2-ны хооронд тэмдэглэх юм байна. Ингээд зургаадугаар сарын 1-нд хаана, юу болох талаар дэлгэрэнгүй танилцуулъя.
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД:
Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хамгийн том арга хэмжээ “Монгол хүүхэд” сэдвийн хүрээнд зургадугаар сарын 1-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Энэ үеэр багачуудад зориулсан “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай” , “Ээдрээ тайлах наадгай” гэсэн 15 төрлийн 3000 гаруй үндэсний уламжлалт тоглоом наадгайг хүүхдүүдэд танилцуулах юм. Мөн төв талбайд эрүүл мэндийн үзлэг хийгдэж, эмч нар зөвлөгөө өгнө.Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарна. Хүүхдийн байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулна.
ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНД:
Энэ сарын 29-нөөс зургадугаар сарын 4-ны өдрүүдэд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг зохион байгуулна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн насны ангиллаар олон төрлийн тэмцээн уралдааныг зохионо. Тухайлбал, хөгжилтэй цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан болно. Оройн хөтөлбөрт, хамтлаг, дуучдын тоглолттой.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД:
Тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд “Цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдүүд” арга хэмжээг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.
ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРТ:
Тус театрын хамт олон багачуудад зориулсан бэлгийн багцаа эртнээс задлаад байна. Тэд энэ сарын 25-наас зургадугаар сарын 1-ний өдрүүдэд 13:00, 14:00 цагуудад “Гайхамшигт хайрцаг-2” буюу “Алтан залаат азарган тахиа”, “Бүлтэйхэй Дэгдээхэй хоёр”, “Долоон дэлбээт цэцэг”, “Том хамарт одой” жүжгүүдийг өөрийн тайзнаа тоглоно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин