Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /05.24/ хуралдаанаар хамгийн эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Г.Туулхүү, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нарыг томилохыг дэмжлээ.  Тэдэн хандаж гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:-Ш.Солонгыг  би эртнээс танина. Бүх Засгийн газарт ажиллаж байсан өргөн хүрээний мэдлэгтэй хүн.  Мөн ЗГХЭГ-ын дэд даргаар олон жил ажиллаж байна. Засгийн газраас гаргаж буй хууль, шийдвэрүүдийн гол үндэс нь Ш.Солонгын гараар дамждаг. ҮХЦ-д очоод маш сайн ажиллана гэдэгт итгэж байна. Ш.Солонгыг чөлөөлсөнтэй холбогдуулж ЗГХЭГ-т түүнтэй  дүйхүйц чадвартай хүн томилоорой.  Чамбай, туршлагатай хүний л хийдэг ажил шүү.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:-ҮХЦ Үндсэн хуулийн шүүх. ҮХЦ нэр хүндтэй байх, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх боломжоо өнгөрсөн хугацаанд алдсан. Төрийн албанд ажилласан гэдэг шалгуураар орж ирдэг. ҮХЦ-ийн томилгоог ярихад Төрийн өмчийн хувьчлалтай холбоотой асуудал энэ танхимд яригдаж байгаа нь монгол төрийн эмгэнэл мөн. Нэр дэвшигчдийн анкеттай танилцсан. Зарим хүнд сэтгэл дундуур байсан. ҮХЦ-д нэр дэвшигчдийг төрийн албанд ажилласан гэдэг шалгуурыг авч хаях ёстой. Энэ бол цэвэр мэргэжлийн хуульчдын ажил. Улстөрчдийн арын өрөөнд ҮХЦ-ийн цэцийн гишүүд согтуу битгий таараарай. Битгий энд тэнд улстөрчидтэй наймаа яриарай.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Хал үзсэн хашир хуульчид Цэцэд баймаар байна. Гурван нэр дэвшигчийг сайн мэднэ. Үндсэн хуулийнхаа агуулга заалт бүрийг мэддэг, мөн чанарыг нь ойлгодог, дэлхийн хэмжээнд сэтгэдэг байх шаардлага тавигдаж байна гэдгийг хэлье. Ахмад хүмүүсээс нэрэлхэлгүй асууж мэд. Чөмөг дундалсан ажил шүү.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:-Цэцийн гишүүн болох хүн улстөр, хуулийн өндөр мэргэшсэн байх гэж заасан байдаг. Би анхандаа гайхдаг байсан ч утга учиртай үг гэдгийг нь ойлгосон шүү. Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл гэдэг зүйл их хэрэгтэй дээ. Өнгө, мөнгөний л хорвоо боллоо. Тал талаас чинь асар их шахалт ирнэ шүү. Эрдэнэтийн асуудлаар Цэцийн гишүүдийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон байна лээ. Хүнд хэлэхийн аргагүй зүйл хийсэн байсан. Ятгах, дарамтлах, айлган сүрдүүлэх гээд.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь  дуусгавар болоод багагүй хугацаа өнгөрсөн. Яагаад  Цэцийн гишүүдийг шинээр томилох асуудлыг  удаасан бэ? ҮХЦ өнгөрсөн хугацаанд багагүй хэл ам дагуулсан. Эх нь булингартай бол адаг нь ч булингартай шүү. ҮХЦ-ийн унасан нэр хүндийг сэргээх эсэх нь та гурваас шалтгаална. Анхнаасаа үлгэр жишээ ажиллах хэрэгтэй. Ажлын амжилт хүсье.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Цэцийн шинэ гишүүдийн ажилдаа хандах хандлагаас цаашдын бүх зүйл хамаарна.  Ашиг харсан нийгмээ дагаад хүмүүс ахуй, хангамжид анхаарал хандуулдаг болсон нь үнэн. ҮХЦ-ийн гишүүд улс төрийн намууд, улстөрчдөд тал зассан шийдвэрийг гаргавал төвөгтэй асуудал үүснэ шүү. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд ҮХЦ тулгатай шийдвэр гаргасан шүү. Шинэ гишүүдийн намтартай танилцсан. Болохгүй ч хүмүүс биш байна гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат:– Цэцийн гишүүд хуулиа дээдэлж, ёсзүйг баримталж ажиллах байх аа. Үндсэн хуулийн цэцийн гишүүд бол Үндсэн хуулийн манаачид. Цаг хугацааны хувьд 19 жилд Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж байна. Нэр бүхий 14 гишүүн Оюутолгойн төслийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр лобби бүлэг байгуулагдсан. Үндсэн хуулийн өөрчлөлт болон Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар ард түмнээс санал асуулга авахад ч буруудахгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -ҮХЦ-ийн дээр гагцхүү хөх тэнгэр л бий гэдэг. ҮХЦ-ийг улстөржсөн байгууллага болж хувирсан гэх шүүмжлэл гарах болсон. Энэ байдал өнөөдрөөс эцэслэгдэх байх аа. Хариуцлагатай албандаа шударга ажиллаарай. Б.Буяндэлгэртэй би олон жил орон нутагт хамтарч ажиллаж байсан. ҮХЦ-д хариуцлагатай ажиллаж чадна гэдэгт найдаж байна. Ард түмнийхээ итгэл найдварыг дааж ажиллаарай

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:   -Чуулганаар орж томилогддог цөөхөн албан тушаал бий. Чуулганаас орж ирэхээс өмнөх ажил авсны дараах хоёрын дунд их зөрүү бий. Чуулганыхаа хуралдаанд ирдэггүй албан тушаалтнууд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд их гарсан. Шударга зарчимтай, улс төржихгүй ажиллаарай гэдгийг гишүүд хэлж байна. Цэцийн гишүүд тэнгэрт биш газарт буун ажиллаж, Үндсэн хуулиа манаж ажиллах ёстой. Үндсэн хуулийн манаач болох хүмүүс Үндсэн хуулийнхаа зарчмаар манаачийнхаа үүргийг сайн сахиж ажиллаарай.

Эх сурвалж:www.polit.mn