Ц.МЯГМАРБАЯР
Түрүүч нь Үенчийн Цагаан түнгэ “хар түнгэ” болох ирмэг дээр-1, Үенчийн Цагаан түнгэ “хар түнгэ” болох ирмэг дээр-2
“Зууны мэдээ” сонин, “ТВ9” хамтран Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багт өнгөрсөн онд байгуулсан Хөшөөтийн уурхайн Гаалийн хяналтын бүсэд газар эзэмшүүлэх хууль бус үйл явцыг газар дээрээс нь очиж сурвалжилсан билээ. Уг Гаалийн бүсийн үйл ажиллагаа стандартын шаардлага хангахгүй иргэд, малчдын эсэргүүцэлтэй тулгараад байгааг Үенчийн Цагаан түнгэ “хар түнгэ”болох ирмэг дээр цуврал нийтлэлүүдээ өмнөх дугааруудаар хүргэсэн. Тус Гаалийн бүсэд нүүрс тээвэрлэлтийн урт дараалал үүсч, нүүрсний тортог, замын тоос шороо байгаль орчин, иргэдийн эрүүл аюулгүй аж төрөх эрхийг зөрчиж буйг хөндсөн. Мөн газар олгох зөвшөөрөл хуудуутай болсоныг баримттайгаар хүргэсэн. Энэ удаа аймгийн удирдлагууд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа болон “ Мо Эн Ко” компанитай байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар сурвалжилснаа хүргэж байна.
Манай сурвалжлах баг энэ сарын 14-ны үдээс хойш Үенч сумаас аймгийн төв рүү зургаан цаг гаруй давхисаар шөнийн 23:00 цагт Ховд хотод ирсэн юм. Маргааш өглөө нь аймгийн удирдлагуудтай уулзахаар очиход аймгийн Засаг дарга Д.Галсандондог амралтаа авсан байв. ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Г.Пүрэвгандитай уулзаж дээрх асуудлаар тайлбар авсан юм. Тэрээр “2017 оны аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд Үенчийн Цагаан түнгэд Хөшөөтийн уурхайн Гаалийн хяналтын бүсэд газар эзэмшүүлэх тухай тусгагдаагүй байсан. Харин сумын Засаг дарга нь аймгийн засаг дарга болон ГХБХБ-ын газарт ерөнхий төлөвлөгөөнд нэмэлтээр оруулж өгөх хүсэлт ирүүлсэн байсан. Тиймээс нэмэлтээр оруулах газруудын хүсэлтийг хүлээн авч ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэсэн. Үенчийн Засаг дарга Э.Уртнасан аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Асуудлаа өөрөө оруулж хамгаалсан. Ингэснээр газар эзэмшүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нэмэлтээр тусгаж тогтоол гаргасан. Тогтоолын дагуу Аймгийн Засаг дарга захирамжаа гаргасан. Багийн ИНХ хуурамч, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг өөрчилсөн зэрэг нарийн зүйлийг мэдэхгүй байна. Энэ тухай Засаг даргаас тодруулах хэрэгтэй” гэсэн юм. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг өөрчлөх эрх Засаг даргад байхгүй. Нутгийн өөрөө удирдах ёсны анхан шатны байгууллагын эрх бүхий этгээдийн гаргасан тогтоолыг гүйцэтгэх байгууллагын дарга өөрчилсөн шийдвэр гаргаснаас болж дараагийн шатны дээд байгууллагын шийдвэр хууль бус гарч асуудал дагуулаад байна. Анхан шатны байгууллагын тогтоолыг дээд байгууллага хянах ёстой. Энэ тухай Г.Пүрэвганди хэлэхдээ “Ховд аймгийн ИТХ-ын 2017 оны зургадугаар сарын 2-ны өдрийн 3/03 тогтоолын I хавсралтад заасан байршил хэмжээгээр аймгийн Засаг дарга захирамж гаргах ёстой. Нарийн сайн мэдэхгүй. Засаг даргын орлогч Батсүхээс тодруул. Саяхан тийшээ шалгалтаар яваад ирсэн” гэж өөрөөсөө зайлуулж яриа өгөхөөс татгалзсан юм. “Мо Эн Ко” Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулсаар олон жил болж байгаа том компани. Тус компани Ховд аймагтай 2016-2020 хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Ш.Батсүх: ТОГТООЛ, ЗАХИРАМЖ ХОЁРЫН ҮГ ЗӨРҮҮТЭЙ БАЙЖ БОЛНО
Засаг даргын орлогч Ш.Батсүх “Гаалийн талбайн асуудлын тухайд аймгийн ИТХ-аар газрын асуудлыг оруулж хэлэлцүүлсэн. Координатаар заасан учраас “Хөрс” ШТС-аас урагш, хойшоо, морь уралддаг газар гэж нарийвчлан мэдэхгүй. Координатаар заасан газрыг л хурлаар баталж өгсөн. Кординатад заасан газарт Засаг дарга захирамж гаргах ёстой. Тиймээс буруу гаргаж, хууль зөрчсөн гэж хэлэх боломж надад алга. Ер нь тогтоол, захирамж хоёрын үг зөрүүтэй байж болно” гэж байв. Тэр байгаль орчны асуудал хөндөгдсөн учраас газар дээр нь очиж сумын ард иргэдтэй уулзжээ. “Мо Эн Ко”-д байгаль орчин, хүн, малд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр мананжуулагч машиныг олон болгож, суурин мананжуулагч машин тавих үүрэг өгчээ. Мананжуулагч машин гэдэг нь эргэлдэх хөдөлгөөнөөр усыг тусгай хошуугаар чиглэл бүрт цацаж бороожуулах маягаар манан үүсгэж тоос, тортогийг саармагжуулдаг байна. Гаалийн талбай хариуцаж байгаа удирдлагууд өндөр хүчин чадалтай суурин мананжуулагч хоёрыг захиалсан. Хашааныхаа булан бүрт энэ сардаа багтааж байрлуулна гэжээ. Одоогоор мананжуулагч машин нүүрс ачиж буулгах үед ажиллаж буй ч тоос, тортогийг бүрэн дарж чадахгүй байгаагаа Гаалийн хяналтын бүсийн удирдлагууд хүлээн зөвшөөрчээ. Аймгийн зүгээс иргэд, иргэний нийгмийн байгууллагынханыг холбогдох мэргэжлийн байгууллага, БОАЖЯ-нд хандахыг зөвлөсөн аж. Байгууллага орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Үүний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа тухай Засаг даргын орлогч Ш.Батсүх онцолж байв. Цаашдаа Гаалийн талбай байгуулаад үйл ажиллагаагаа явуулах эрх тус компанид бий. Харин байгаль орчин, хүн малд сөрөг нөлөөгүй байхыг шаарддаг. Мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгөх, үйл ажиллагааг нь зогсоох боломж аймгийн удирдлагуудад хомс гэв. Саяхан мэргэжлийн багаас бүрдсэн ажлын хэсэг тус Гаалийн хяналтын бүсэд ажилласан аж. Гэвч дүгнэлт нь гараагүй гэж байв. Харамсалтай нь координатад заасан газрыг км-ээр тооцож зөрүүг хэлэх боломжгүй гэдгийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга н.Дөлбадрал, мэргэжилтнүүдийнхээ хамт тогтоож чадаагүйг өмнөх нийтлэлдээ дурьдсан.
“МО ЭН КО” ӨМНӨХ СУМЫН АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ДАРААГИЙН СУМАНД ГАЙ ТАРЬСААР
Цагаан түнгийн Гаалийн хяналтын бүсийг анх Булган суманд байгуулах тухай яригдаж аймгийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж байжээ. Харин яагаад Цагаан түнгэд байгуулах болсон тухайд аймаг, сумын удирдлагууд авлига авсан байх магадлалтай гэж иргэд хардаж асуудал дагуулсаар байна. Хөшөөтийн уурхайд хамгийн ойр Булган суманд Цоохор нуур хэмээх Гаалийн хяналтын талбай байдаг аж. Аймгийн ИТХ-аар тус гаалийн талбайг өргөтгөж нүүрс цагаалах зорилгоор нэмж 10 га газар өгчээ. Одоогоор тус гаальд Увсын Харганатын төмрийн хүдрийг цагаалдаг юм байна. Нэмж газар өгөөд байхад тус компани дахин өөр суманд халдаж уул уурхайн үйл ажиллагаа явуулаад байгаа нь сонирхол татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн боломжийн мөнгө санал болгоно тус компанид ашигтай. Ингэж компанид сонголт хийх боломж олгоод байгаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, удирдлагуудыг ч хардах үндэслэлтэй. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг үг энэ баруун хязгаарт биелэлээ олж гэж хэлэхэд хилсдэхгүй. Хонгконгод бүртгэлтэй эзэд нь хятадууд гэх энэ компанийн ард нэр нөлөө бүхий монгол хүн ч байх магадлалтай гэж эх сурвалж дурьдав. Компани гэрээний хугацаанд экспортлосон нүүрсний нэг тонн тутмаас 0.70 ам.доллараар тооцож Хөшөөт Хөгжил санд төвлөрүүлдэг аж. 2016, 2017 онд Хөшөөт Хөгжил санд нийтдээ 500 орчим сая төгрөг оруулсан аж. Гэхдээ энэ хөрөнгө оруулалт нь тус аймгийн хувьд хангалтгүй гэж үзсээр ирсэн. Тиймээс нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж жилд сая тонноос дээш болговол санд төвлөрөх хөрөнгө хоёр тэрбум төгрөгт хүрэхээр байгаа аж. Гэхдээ оруулсан хөрөнгө нь томоохон тухайлбал, Дулааны цахилгаан станц барих хөрөнгө төвлөрүүлж чадаагүй өнөөдрийг хүрчээ. Манай аймаг энэ том ордыг өчнөөн жил ашиглууллаа. Ганц дулааны станц ч бариад өгч чадахгүй байна гэж аймгийн төвийн иргэд гомдоллож байлаа. Оронсууц, аж ахуйн нэгж нь төвлөрсөн халуун усанд холбогдоогүй. 1976 оноос хойш ажиллаж байгаа нийт 30 гаруй нийтийн халуун усны газрыг XXI зуунд халах цаг болсон гэдгийг ч хэлж байв. Үе үеийн аймгийн удирдлагууд ч үүнд санаачлагатай ажилладаггүй хэмээв. Компанийн хариуцлагагүй уул уурхайн гайгаар Цэцэг сумын Хөшөөт багийг нүүлгэх тухай асуудал босч ирсэн. Өнөөдөр иргэдэд нөхөн олговрыг нь шийдэж чадахгүй байж дараа дараагийн суманд гай тарьсаар байгааг иргэд ойлгохгүй байна. Тус компанийн дэд захирал Д.Оюунчимэг нь “Олон юм яриад байвал Цэцэг шиг танайхыг нүүлгэчихнэ шүү” хэмээн сумын иргэдийг дарамталсан гэж “Үенч нутгийн төлөө” ТББ-ынхан хэлж байв. Байгаль орчны тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гээд олон хуулийг зөрчсөн. Энэ тухай Аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр “Нарийвчилсан үнэлгээг хийхдээ гаалийн бүс голын ай саваас хол байх тухай хэлж байсан. Үүний дагуу сумын хурал нь тогтоолдоо бидний зөвлөснөөр холдуулж өгсөн байдаг. Харин Засаг дарга нь газраа зааж өгөхдөө голын голдиролд оруулж 1.3 км-т ойртуулж өгсөн.
Энэ нь өвлийн цагт нүүрсний хөө тортог голын мөсөн дээр тогтсоноос харж болно” гэв. Түүнчлэн Үенч голын дэргэд байгуулсан гүний худгаасаа мананжуулагч машин усаа тээвэрлэдэг. Өдөрт 16 тонн ус ашигладаг аж. Энэ нь гүний болон гадаргуун усны нөөц багасахад урт хугацаандаа нөлөөлөхөөр байгааг мэргэжилтэн хэлж байв. Түүнээс гадна энэ жилийн тухайд Үенч голын урсац муу байгаа талаар малчид ярьсан юм. Энэ оны эхний улиралд ус ашигласны төлбөрт 860 мянган төгрөг төсөвт оруулжээ. Эцэст нь эдгээр асуудалд анхаарлаа хандуулж гай тариад байгаа Цагаан түнгийн Гаалийн хяналтын бүсийг татан буулгаж өгөхийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтод нутгийн иргэд нь уламжилж байв.
Эх сурвалж: “Зууны эмдээ” сонин