С.УЯНГА

 Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр  мөрдөн шалгах ажиллагаа хийж буй эрүүгийн хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямаас зарим зүйлийг тодрууллаа

 -Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нартай холбоотой хэрэгт ахиц гарч байна уу. С.Баяр, Б.Ариунсан нарын биеийн байдал ямар байгаа вэ?

-Хэргийн бодит байдлыг тогтоохоор прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. С.Баяр, Б.Ариунсан нарын хувьд хоригдоод эмнэлэгт хэвтсэн. Одоо хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хоригдож байгаа.

-Оюутолгойн гэрээ батлагдах үед Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүх, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нарыг нэмж холбогдуулан шалгах уу?

-Мөрдөн  шалгах ажиллагааны явцад дээрх гэрээнүүдэд тусгасан байгаль орчны болон эрчим хүчний асуудал нь хуульд нийцсэн эсэх, одоо хохирол учирсан, учрах боломжтой эсэх асуудлыг шалгаж байгаа. Шалгалтаар дээрх нөх­цөл тогтоогдвол чиг­лэл хариуцсан албан тушаалтнуудыг холбог­дуу­лан шалгаж болно. Гэрчийн мэдүүлэг авсан.

-Б.Бямбасайханаас нэг ч удаа байцаалт аваа­гүй гэсэн мэдээлэл бий?

-Б.Бямбасайханаас бай­­­цаалт авсан. Мөн ял­лаг­дагч нь өмгөөлөгч Цогтыг байлцуулж мэдүү­лэг өгнө гэдэг. Өмгөөлөгч нь гадаадаас ирсэн, байцаалт явагдаж байна.

-Ш.Батхүү, Төрийн банк, Эдуард Сүрэн на­рын хоорондын авлага, өглөгийн асуудлаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон уу?

-Жаст ХХК, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэний зээл, хө­рөнгө, өр, авлагын асууд­лыг нэг бүрчлэн шалгаж байна. Энэ асуудлын хувьд иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан.

-ДЦС-4-ийн захирал С.Анхбаярт холбогдох хэр­гийн талаар мэдээлэл өгөөч. Хан хуур, Хаан хуур компанийн захирал Анхбаяр гэдэг хүний гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл бий?

-ДЦС-4-ийн захи­рал С.Анхбаярын гэр, албан тасалгаа болон хамаарал бүхий обьек­туудад прокурорын зөв­шөө­рөлтэй нэгжлэгийн ажиллагааг явуулсан. Одоо хэргийн мөрдөн шал­гах ажиллагаа үргэлж­лэн явагдаж байгаа.

-Сангийн сайд Ч.Хүрэл­баатарын хол­богд­сон Хотгор шана­гын уурхайн тусгай зөв­шөө­рөлтэй холбоотой асуудалд эрүү­гийн хэрэг үүсгэсэн үү?

-Нийслэлийн про­ку­ро­рын газраасХотгор шанагаХХК-ийн 51 ху­вийн хувьцааг худалдан бор­луулсан асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байнаОдоогоор яллагдагчаар татагдсан хүн байхгүй.

-Монголбанкны Н.Зол­жаргал, Монгол­росцветметийн До.Ганболд на­рын хэрэг ямар шатандаа байна вэ?

-Монголбанкны Зол­жаргал, Монгол­росцвет­метийн До.Ганболд нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-УИХ-ын гишүүн Д.Ган­тулгын хэрэг мухардалд орсон уу?

-Мөрдөн шалгах ажил­лагааны хувьд мухардалд орсон зүйл байхгүй. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татаж, УЕПГ-аас бүрэн эрхийг түдгэлзүүлэх сана­лыг УИХ-д хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байна.

-Фортуна Батбаярын хэргийг прокурор хэ­рэг­сэхгүй болгон шийд­вэрлэсэн?

-УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт холбогдох хэрэгт явуулсан мөрдөн шал­гах ажиллагааг дуус­гаж Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шил­жүүлсэн. Яллагдагчийн хүсэлтээр дээд шатны прокуророос хянаж хүсэлтийн дагуу зохих ажиллагааг хийл­гэхээр даалгавартай буц­сан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

-“Эрдэнэт”-ийн Мөнх­жаргалын өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ цагаатгах нот­лох баримт өгсөн. Тэр нь хэрэгт хэр ач холбог­долтой вэ?

-Хэрэгт өмнө нь авагд­сан нотлох баримтуудыг өм­гөөлөгч нар гаргаж өгсөн.

-Элчин сайд М.Энх­сайханд холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-Элчин сайд М.Энх­сайханд холбогдуулан үүсгэ­сэн эрүүгийн хэрэг байхгүй. Харин Таван­толгойн ордын  гэрээний төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд бус­дад давуу байдал бий болгож төрийн эрх ашигт нөлөөлсөн үндэслэл бай­гаа эсэхийг шалгаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин