Д.ОЮУН
“Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болон “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” хамтран 24500 хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг “Зэс эрдэнийн хувь” компанийн захирал Д.Алтанхуяг хэрхэн зөрчиж буй талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус холбооны дарга Д.Батбаяр “Эрдэнэт үйлдвэрээс гарч буй овоолгыг ашиглах үйлдвэр байгуулан 150-180 хүний ажлын байрыг бий болгож, Орхон аймгийн иргэд хувьцаа эзэмшиж өндөр хэмжээний ногдол ашиг авах боломжтой хэмээн 24500 хүнээс 600 сая төгрөгийг төвлөрүүлсэн. Гэвч одоог хүртэл нэг ч ажил хийгээгүй, үйлдвэрийн барилгаа ч бариагүй байгаа” гэв. Д.Алтанхуяг үйлдвэр барихаар “Блюмон” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан 8.2 тэрбум төгрөгийг авсан боловч нэг ширхэг тоосго ч өрөөгүй гэдгийг тэрээр онцлов. Нөгөөтэйгүүр үйлдвэр барих ТЭЗҮ бэлэн атал дахиж боловсруулна хэмээн зургаан тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн талаар хурлыг зохион байгуулагчид ярилаа. “Блюмон” компаниас хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгийг буцааж өгч чадахгүй болсон гэх нэрийдлээр “Зэс эрдэнийн хувь” компанийг шилжүүлэхээр оролдож элдэв арга саам хийж байна хэмээн “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо”-ны гишүүн Н.Түвшинбаяр хэлсэн юм. Энэ мэт хууль бус, илт залилж буй Д.Алтанхуягтай холбоотой асуудлаар орон нутгийн хууль, хяналтын байгууллагад өргөдөл гаргасан ч дорвитой шийдэлд хүрэхгүй байгаа тул ЭЦГ, УЕП болон АН-д шаардах бичиг хүргүүлэхээр болжээ. Тэд Эрдэнэтийн 24500 иргэнийг залилсан Д.Алтанхуягт хариуцлага тооцохыг шаардаж байгаа аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин