Ч.ЗОТОЛ
С.Зориг агсны эхнэр Б.Булганыг энэ сарын 18-нд ТЕГ-аас дуудсан гэх мэдээллийн мөрөөр сэтгүүлчид очиход тэрээр өмгөөлөгчийн хамт “Нууцын гэрээнд гарын үсэг зурсан” гэж мэдэгдсэн нь олон нийтийг төөрөлдүүлсэн ташаа мэдээлэл байжээ. Нийслэлийн прокурорын газраас өчигдөр мэдээлэл хийхдээ “ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын мөрдөн байцаах албатай хамтарсан Ажлын хэсгээс УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэрэгт уг хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинээр цугласан нотлох баримтын хүрээнд талийгаачийн хамтран амьдрагч Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж, прокуророос яллагдагчаар татаж, тогтоолыг танилцуулан гарын үсэг зуруулж байцаалт авсан. Холбогдсон хэрэгт Б.Булганаас нууцын баталгааг өмнө нь авсан байсан учраас дахиж авах шаардлага байгаагүй. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэв. Уг хэргийн гүйцэтгэсэн гэх үндэслэлээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд 20-24 жилийн ял ногдуулан хорьсон. Захиалагчдыг тогтоогоогүй байж шүүх ажиллагааг явуулсан, дээр нь цорын ганц гэрч болох Б.Булганыг баривчилж жил тойрон хорьчихоод шүүх хуралдаанд оролцуулаагүй зэрэг нь эргэлзээ дагуулсаар ирсэн. Тэгвэл өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлаас тухайн үед Б.Булганыг баривчилж хорьсон нь гүйцэтгэгчтэй уулзах, ярилцах, улмаар мэдүүлгээ нэгтгэх зэргээс тусгаарласан гэж ойлгогдож байна. Одоо аллагын захиалагч, зохион байгуулагчдын хэргийг мөрдөн шалгаж буй учир түүнийг дахин тусгаарлаж хорих магадлал бас өндөр юм. Үйл явдлын эргэн тойрондох мэдээллээс “С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг задарлаа” гэж үзэх нь цөөнгүй байна. Захиалагч, зохион байгуулагчдыг илрүүлэн тогтоож, эхнээс нь яллагдагчаар татаж эхэллээ гэдэг өнцгөөс харвал С.Зоригийг хөнөөсөн хэрэг шувтарч байна гэж хэлж бас болохоор ажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин