Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд сурталчлав. Нээлттэй хаалганы өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, “УАЗ Мега” ХХК-ны захирал Н.Мягмаржав, “Медимпекс” ХХК-ийн Төслийн албаны дарга С.Цэлмэг, ОХУ-ын “Agilent technologies” компаний мэргэжилтэн Александр Петрович Кравченко болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Өдөрлөгийн үеэр явуулын лабораторийн зориулалт бүхий таван ширхэг “УАЗ-Фургон” маркийн автомашин, хүний биеийн биоматериалд /цус, шээс, үс, хумс/ шинжилгээ хийх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох гурван төрлийн “6530 QTOF шингэний хроматограф-масс спектрометр, 1290 HPLC өндөр мэдрэмжит шингэний хроматограф, 5977 загварын хийн хроматограф масс спектрометрийн аппарат” болон гэрэл зураг боловсруулах “Fujifilm Frontier LP7700” маркийн шинэ тоног төхөөрөмжийг тус тус хүлээн авчээ.
Мөн өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн ажилтнууд болон иргэдэд байгууллагын үйл ажиллагааг танилцуулахаас гадна тэдний санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна.
Үүнээс гадна гэмт халдлагад өртсөн, бие махбодид нь ямар нэг гэмтэл учирсан тохиолдолд хэрхэн тус хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт үзүүлж, шинжилгээ хийлгэх талаар танилцуулж, иргэдийн галт зэвсгийн хонгио хошууг мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, тэдний цусны даралт, бүлгийг тодорхойлж, гарын хээний дардсыг нь авч, дурсгал болгон өгсөн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин