Ч.ЗОТОЛ
Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн Байнгын хорооны даргын урилгаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй зочид Эрээн хотод ажлын уулзалт хийгээд ирлээ.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Уул, Эрээн хотын орлогч дарга Лай Шан Хуа нар боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, өрхийн үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай санал солилцжээ.
Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө Эрээн хотын талаас аль ч салбарт дэмжиж хамтарч ажиллах, тэр дундаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн хоёр тал дараах асуудлыг харилцан тохиролцожээ. Үүнд:
- Хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр Чингэлтэй дүүргээс 10 хүнийг Эрээн хотод сургалтанд хамруулах
- Эрээн хотоос Ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын талаар сургалт явуулах, газрын хөрсний судалгаа шинжилгээ хийлгэх зорилгоор нэг мэргэжилтнийг Чингэлтэй дүүрэгт томилон ажиллуулах
- Эрээн хотоос Монголын эрс тэс хөрсөнд ургах чадвартай мод, суулгацыг дэмжлэг болгож өгөх
- Дүүргийн өрхийн үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр Эрээн хотод жил бүрийн уламжлал болон зохиогддог “Олон улсын яармаг худалдаа”-нд Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэл эрхлэгч нарт 10 павилионыг үнэ төлбөргүй бэлтгэх
- Боловсролын чиглэлээр хүүхэд багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар хамтран ажиллах юм байна.