Д.ОЮУНЧИМЭГ
Жил бүр зохион байгуулдаг барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд өчигдөр эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө барилга, хот байгуулалтын чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөн, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амыг эрүүл, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх зорилт тавьсан” хэмээн дуулгалаа. Энэ хүрээнд нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөж буй бөгөөд ипотекийн зээлийг хөнгөвчлөх, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгаа аж. Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцтай болгох судалгааг хийж байна. Нэн тэргүүнд түрээсийн орон сууцыг барьж 2020 он гэхэд 20 мянган айлын орон сууцны санг бүрдүүлэхээр төлөвлөсөн” хэмээв. Таван жилийн хугацаатай түрээсийн орон сууцыг иргэдэд бага хүүтэй зээлээр худалдах боломжийг эрэлхийлж байгаагаа тэрээр дуулгасан юм. Ингэхдээ одоо түрээсэнд төлж байгаа мөнгийг урьдчилгаанд суутгах боломжийг нягтлан судалж байгаа ажээ. Салбарын яамны зүгээс барилга болон орон сууцны зах зээлийг дэмжих бодлого барьж буй. Гэхдээ санхүүгийн салбарынхантай зөвшилцөх зайлшгүй шаардлага байгаа юм. Тиймээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх журмыг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа гэнэ.
Зөвлөгөөний үеэр бизнесийн төлөөллүүд санал солилцон, байр сууриа илэрхийлсэн. “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр “Барилга хүлээн авах улсын комиссын хууль зөрчсөн баримт байсаар атал холбогдох албан тушаалтнууд арга хэмжээ авахгүй байна. Тэгэхээр улсын комисст хөндлөнгийн төлөөллийг оруулах хэрэгтэй” гэв. Ер нь албан тушаалаа ашиглан, хуулийн цоорхойгоор бизнесийнхнийг дарамталдаг байдал барилгын салбарт нэлээдгүй гардаг. Түүнийг олон нийтэд хэлэх зориг нь хүрэхгүй өөр хоорондоо ярьсаар байгаа шүү хэмээн салбарын сайддаа тэрбээр дуулгасан юм. Түүнчлэн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар манай салбарын удирдах ажилтны зөвлөгөөн олон жилийн турш болж байгаа ч ямар ч шийдэлд хүрдэггүй. Энэ удаагийнх тодорхой шийдэлд хүрч, салбартаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлээсэй гэж хүсч байгаагаа хэлэв. Түүнчлэн Засгийн газар, салбарын яамнаас гаргаж байгаа тогтоол, шийдвэр хөдөө орон нутагт хэрэгжихгүй байгааг онцолсон юм. Зөвхөн улс орны амьдралыг Улаанбаатар хотоор хэмжих нь хэт өрөөсгөл гэдгийг анхааруулсан. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутагт газрын харилцааны мэргэжилтэн дутмаг байхаас гадна хариуцах ажлыг нь сонгуулийн үр дүнд олж авсан албан тушаалтанд өгч байгаа нь гажуудал гэв. Энэ мэтчилэн салбартаа тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ энэ жил ямар ажил хийх, цаашид юунд анхаарах талаар ярилцсан юм. Мөн барилгачдын нийгмийн асуудлын талаар, салбарын бизнес эрхлэгчдийг хэрхэн хамгаалах вэ хэмээн БХБ-ын сайд Х.Баделханаас асууж байв. Түүнчлэн барилгын салбарынхны хөдөлмөр эрхлэлтийг хүнд нөхцөлд оруулж өгөхийг салбарын сайдаасаа хүсч байв. Засгийн газар гурван тулгуурт бодлогоо гаргаж, хүчээ нэгтгэхийг уриалсан нь сайшаалтай. Үүний тулд ерөнхий төлөвлөгөөгөө гаргах нь зайлшгүй. Үүнийг хуулийн статустай хийх нь зүйтэй хэмээн “Үндэсний барилгын консорциум”-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнд онцлов. Мөн барилгажуулах талбайг нэмэгдүүлэх нь зөв шийдэл болно хэмээн тэрээр ярьсан.
Харин барилгын компаниуд хүнд хүчрийг нуруундаа үүрч байна. Энэ хэрээр хөрөнгө оруулахад хэтэрхий эрсдэл дагуулж байгааг онцгойлон анхаарахыг зөвлөгөөнд оролцогчид хэлж байна. Учир нь төрийн захиалгаар ажиллавал, эргэлтийн хөрөнгөө гацаадаг нь бичигдээгүй хууль болсныг ярьцгаав. Тиймээс шоовдор хүүхэд шиг адлуулж улсынхаа бүтээн байгуулалтын төлөө амьдралаа золиослон зүтгэх бизнес эрхлэгч ховор болно гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
