М.БААСАНДЭЛГЭР
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчийн төсөвт үйлдвэрийн газрыг 2009 онд байгуулж, нийтдээ 973 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Нийт талбайн 15 хувь нь тохижилт, 85 хувийг ногоон байгууламж байгуулахаар эхний ээлжинд 183 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан ажиллаж байгаа аж. Тиймээс дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ онд худалдаа үйлчилгээний чиглэлээр ил тод нээлттэй төслийн сонгон шалгаруулалт явуулж, хувийн хэвшилтэй менежментийн гэрээ байгуулан шинэ стандарт тогтоохоор боллоо. Авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, “Маршал таун” хотхон талаас “Гэрэлт гудамж” төсөл хэрэгжүүлэх, спортын талбайнуудыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойш 80 гаруй мянган мод суулгасан. Үйлчлүүлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тиймээс худалдаа үйлчилгээг сайжруулах зорилгоор төслийн баг буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар гүйцэтгэх нь зөв гэсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс гаргалаа.
Ингэснээр урин дулааны цагт цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, барааны бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломжтой болох юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин