С.УЯНГА
АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 хөдөлмөрийн виз мэдүүлэхтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболдоос тодрууллаа.
-АНУ-д ажиллах визийг хэзээ мэдүүлж эхлэх вэ?
-АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н-2 визний зөвшөөрөл Монгол Улсад олгогдоод хоёр сар гаруй болж байна. Хөтөлбөрийн талаар иргэдэд мэдээлэл өгөхийн тулд Консулын газар цахим хуудастаа хөдөлмөрлөх виз гэсэн тусгай цэс гаргасан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас олгогдсон эрх бүхий этгээд АНУ-ын ажил олгогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол Улсын иргэдийг бүртгэж, хөтөлбөрт хамруулах ёстой. Гэвч одоогоор тусгай эрх авсан, АНУ-ын ажил олгогчтой гэрээ байгуулсан компани алга.
-АНУ-д ажиллах виз авсан хүмүүс өөр төрлийн төлбөр төлөх үү?
-Зарчмын хувьд визний хураамжаас өөр төлбөр авах ёсгүй. Виз хүсэгчийн тухай нэр, мэдээллийг компьютер дээр бичихэд зардал их гарахгүй. Виз гарсан хүний зардлыг ажил олгогч хариуцдаг учраас нэмж зардал гарахгүйг иргэд анхаарах хэрэгтэй. Мөн АНУ руу явуулж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг анхаарахаас гадна ямар ажилд явуулж байгаагаа мэдээлэх ёстой.
-Виз мэдүүлэхэд иргэд өөр юуг анхаарах ёстой вэ?
-Сүүлийн үед цахим орчинд өөрсдийгөө албан ёсны ажиллах хүчээр зуучлах эрхтэй гэсэн хувь хүн, байгууллагууд зарлал явуулж байна. Үүнд итгэж хохирохгүй байх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн одоогоор тусгай эрх авсан, АНУ-ын ажил олгогчтой гэрээ байгуулсан компани байхгүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин