С.УЯНГА
Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газраас энэ онд хийх авто замын бүтээн байгуулалтын ажлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр газрын дарга Ж.Тогтохбаяраас зарим зүйлийг тодруулав.
-Энэ онд автозамуудыг өргөтгөх, шинэчлэх ажил хэр их хийх вэ?
-Энэ онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Мөн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрний бүтээн байгуулалтын ажил хийнэ. Энэ сарын 5-15-ны хооронд ажлаа эхлэхээр төлөвлөсөн. Орон сууцны хороолол дунд дөрөв, гэр хорооллыг холбосон 11 зам барина. Яармагийн замын ажлыг энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд дуусгах бол Сонсголон, Туулын гүүрийн ажил пүрэв гаригаас эхэлнэ. Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Нийслэлд дулааны болон дэд бүтцийн 100 гаруй ажил хийгдэх учраас Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбоотойгоор найман байршилд түр зам гаргаж байгаа.
-Бүтээн байгуулалтын явцад олон хоногоор зам хаах төлөвлөгөө бий юу?
-Ус Сувгийн Удирдах Газар автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотойгоор 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийнэ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн XIX хороо Чингүнжавын гудамж, СБД-ийн I, IV, V хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн III хороо буюу Баруун сэлбийн гудамжинд 17-20 хоногийн хугацаанд автозамууд хаагдаж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэх юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин