Ч.ЗОТОЛ
Үндсэн хууль судлаач С.Чимэдцэрэнтэй ярилцлаа.
-Та Үндсэн хууль судлаачдын нэг. Энэ хуулийн эргэн тойронд өрнөж буй асуудалд ямар байр суурьтай байна?
– Үндсэн хуулийг ганц би ч биш олон эрдэмтэн, судлаач, хуульчид судалдаг. Би тэдний л нэг. Өнөөгийн ажилгүйдэл, ядуурал нүүрлэсэн нийгэм, монголчууд ядуу байгаа нь Үндсэн хуультай холбоотой. Монголчууд яагаад ядуу амьдраад байгааг олон талаас авч үзэхэд ийм гэдгийг эрдэмтэн, судлаачид гаргаж тавьж байна. Манай Үндсэн хууль цөөн хүнийг баяжуулдаг, олонх нь ядуурдаг агуулгатай. Тийм учраас бүгдээрээ жигд сайхан амьдрах, эрүүл байх, дээд боловсролыг тэгш эзэмших, эдгээр үйлчилгээг үнэгүй болгож хуульчлах хэрэгтэй.
-Ингэж хэлэхээр үүнд их мөнгө зарцуулна, тийм хөрөнгө, чадал хаана байгаа юм бэ гэх хүн бий. Та ямар тайлбар хэлэх бол?
-Ийм чадал Монгол Улсад байгаа. Манай улсын өргөн уудам нутаг дэвсгэрт асар их боломж, байгалийн баялаг бий. Эдгээр баялгаа төр мэдэлдээ авч ард түмэндээ тэгш хуваах ёстой. Гэтэл өнөөгийн байдалд цөөн хүмүүс хамтарч идээд, мөнгө нь багтахгүй болохоор хаа байсан оффшорт аваачиж хадгалж байна. Тэнд 17 тэрбум ам.доллар бий. Өөрөөр хэлбэл, цалингаа нэмэх, иргэдээ тэтгэх, эрүүл мэндийн үйлчилгээг төлбөргүй болгоход ядах юм үгүй. Алт олборлох гэж явснаас байгалиа унаган байдлаар нь байлгаж, малаа үржүүлж, малынхаа түүхий эдийг боловсруулж, үйлдвэрлэл эрхэлж, ажлын байр нэмэгдүүлээд явахад цаашид баян чинээлэг амьдрах боломжтой. Энэ талаар би “Монголын хөгжлийн мөн чанарын сөрөг өнцөг” гэж ном бичсэн. Үүний өмнө “Эргэн бодохуй” гэж ном гаргасан. Монголчууд бүгд чинээлэг амьдрах ёстой. Цөөн хүнийг баяжуулах хууль хэрэггүй. Үүнийг ард түмэн ойлгох ёстой. Энд нам, үзэл суртал хамаагүй. Бүгд тэгш чинээлэг амьдрахад аль ч нам үзэл бодлоор ялгаварлах хэрэггүй.
-Намууд ялгаатай байж болох ч хамгийн гол нь бүгд тэгш сайхан амьдрах боломжийн төлөө нэгдэх ёстой гэсэн үг үү?
-Тийм. Өнөөдөр бидэнд ийм л зүйл дутагдаж байна. Иймд үзэл бодлоор биш гэхэд эв нэгдэл, ирээдүйн хөгжил, иргэдийнхээ аж амьдралыг бодож бодлогоо нэгтгэж Үндсэн хуулиа өөрчилж, тэгш сайхан амьдрах боломжийн төлөө явах учиртай.
-Тэгвэл та МАХН-аас санаачлан эрдэмтэн, судлаачдын хамтран боловсруулж, батлуулахын төлөө ард түмнээсээ гарын үсэг цуглуулж байгаа Дээд хуулийг юу гэж үзэж байна?
-Дээд хуулийг батлах санал асуулга, гарын үсэг цуглуулах аян Хэнтий аймгийн төв Чингис хот, цаашлаад 18 суманд нээлтээ хийхэд нь би оролцсон. Манай нутгийн иргэд маш сайн ойлгож, дэмжиж байна. Одоогийн Үндсэн хууль маань үүргээ гүйцэтгэсэн. Цаашид энэ Үндсэн хуулиар явбал монголчууд улам ядуурна. Үүнийг би түрүүнд хэлсэн, цөөн тооны баячууд улам баяжих болно. Хэний ч бий болгоогүй, зүй тогтлоороо бий болсон байгалийн баялгаа ард түмэн өөрсдөө шийдэж, өөрсдөө эзэмших ёстой. Өөрөөр хэлбэл, бүгд жигд сайхан амьдрах хууль хэрэгтэй. Тэгвэл МАХН-аас дэвшүүлж буй Дээд хууль эрх тэгш байхыг хуульчилсан. Өнөөдөр цөөн хүн хагартал баяжиж байгаад хамаг учир байна. Иймд энэ хуулийг батлах нь бидний хамтын зүтгэл, өөрсдийн амьдрал, үр хойчийнхоо төлөөх хамтын шийдвэр байх юм.
-Та Хэнтий аймгийн даргаар хэдэн онд ажиллаж байв. Өнөөдөр иргэдийн амьдрал ямар байна вэ?
– Би 1990-1993 онд Хэнтий аймгийн АДХГЗ-ны дарга бөгөөд Гүйцэтгэх товчооны даргаар ажиллаж байсан. Энэ албаны хамгийн сүүлийнхийг би хашсан. Засаг даргаар ажиллах боломж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгсөн юм. Миний ажлыг хүлээж авах, аймгийн даргаар ажиллах хүн олдохгүй байсан тул би өөрөө хот руу явж Хэнтий нутгийн уугуул, Усны аж ахуйг удирдах газрын орлогч даргаар ажиллаж байсан Ц.Балдандоржийг олж ирж байлаа, тухайн үед. Сүүлийн жилүүдэд нутаг орон маань хөгжиж байгаа. Бидний ажиллаж байх үетэй харьцуулшгүй өөрчлөгдсөн. Ард иргэдийн байдал ч дээрдсэн. Хэдий тийм ч шалгарсан, төгс сайхан болсон нь үгүй. Сая хэдэн сумаар ороход иргэдийн амьдрал сайнгүй байгаа нь харагдаж байна. Өөрсдөө ч хэлж байна. Үүнд төр, засгийн бодлогын, тогтолцооны гажгууд нөлөөлсөн. Өөрчлөх гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй. Цөөн хүн баяждаг биш ард түмнээ тэгш сайхан амьдруулах хууль л хэрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn