С.УЯНГА

МАН-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газраас  “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулав.

Хуралд Ажлын хэсгийн гишүүдээс гадна  шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллага гээд өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намуудын төлөөлөл МАН-аас боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эрс эсэр­гүүц­сэн юм. Мөн Үнд­сэн хуулийг өөрчлөх гэсэн ир­гэдийн санал асуулга хууль зөрчсөн, хангалт­гүй байгааг багагүй шүүмжил­лээ. Энэ үеэр “Үндсэн хуулийн боломж шавхагдсан уу”   сэдвээр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл илтгэл тавих үеэрээ “Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт, өөрчлөлтийг дахин оруу­лах­гүй байх баталгаа байна уу гэдгийг УИХ-аас асуумаар байна. Үндсэн хуулиа л сайн болговол, өргөс аваад хаясан мэт сайхан болно гэж бодож суугаа бол эндүүрэл. Монголын нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй, хариуцлагагүй болсон. Хууль, тэр дундаа Үндсэн хууль үүсмэл бол, ёс суртахуун бол хүн бүрийн уураг тархинд байдаг төрмөл зүйл. Монгол Улсын өнөөгийн байдал нь Үндсэн хуулиас шалтгаалаагүй” гэв.

Мөн МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Ард түмэн захиалж, хүлээн зөвшөөрөгдөх бүрэлдэхүүнтэй хуралдайг зарлан хуралдуулж Үндсэн хуулиа бүтээх. Өөрөөр хэлбэл, Үндэсний зөвшлийн чуулганаар хэлэлцэж, өргөн хүрээнд авч үзье” гэсэн юм. Түүнчлэн МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдорж нар МАХН-аас боловсруулсан Дээд Үндсэн хуулийн төслийг танилцуулав.

Эрдэм шинжилгээний хуралд ирсэн хүмүүсийн байр суурийг хүргэе.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа: ЯАМ БАЙГУУЛАХЫН ТӨЛӨӨ ҮНДСЭН ХУУЛИАР ОРОЛДОХ ХЭРЭГГҮЙ

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол бусад хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг тодорхой болгомоор байна. “Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэсэн хэсэг байна. Үндсэн хуулиар бий болгосон түр хороо гэж байгаа. Дэд хороодоо нэр зааж байгуулдаг. УИХ байнгын хороодоо байгуулдаг бол УИХ-ын дарга Хянан шалгах түр хороог байгуулах юм байна. УИХ-ын дарга захирамж гаргадаг болохоос түр хороо байгуулдаг хүн биш. Үүнийг засмаар байна. Түүнчлэн “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх” гэсэн заалт байна. Үүнтэй холбогдуулаад бусад хуульд ямар өөрчлөлт оруулахыг хармаар байна. Үндсэн хуулийн ба Үндсэн хуулийн бус хоёр яамтай болж байна. Үндсэн хуулийн таван яам, Үндсэн хуулийн бус долоон яамтай болохоор байна гэсэн үг. Ийм байж таарахгүй. 1924, 1960 оны Үндсэн хуульд засгийн газрын гишүүн хэн байхыг заасан. 1940-1960 оны Үндсэн хуульд яамтай холбоотой асуудлаар таван удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан. Нэгийг нэмдэг, нэгийг нь хасдаг байлаа. Гэхдээ бүгдийг нь жагсааж бичдэг байсан. Тиймээс яам байгуулахын төлөө Үндсэн хуулиар оролдох хэрэггүй.

Ардчилсан хувьсгалын анхлагчдын зөвлөл ТББ-ын тэргүүн Д.Хархүү: ДАРАНГУЙЛЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ АВЧИРЧ, ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН

-УИХ-ын Тамгын газраас манай байгуул­ла­гад бичиг ирсэн. Бид­ний зүгээс Үндсэн хуульд оруулах гэж бай­гаа нэмэлт өөрчлөлт ир­гэний нийгмийн байгуул­лагуудын суурь үзэл баримт­лалтай тохи­рох­гүй байна гэсэн бич­гийг УИХ-д таван удаа явуулсан. 2005 онд философи социологийн хүрээлэнгээс Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэл гээд томоохон хэмжээний судалгаа хийж дүгнэлт гарсан. Үүнд Монголын ардчи­лал иргэний нийгмийн төлөвшил ихээхэн гажуу­дал эхэлж байна гэж тэр үед УИХ-д танилцуулсан байдаг. Манай байгууллага энэ асуудлаар 12 жил судал­гаа хийж парламен­тад суудалтай таван намын үзэл баримтлалыг оролцуулж судалсан. Иргэний нийгэм гэж юуг хэлээд байгааг ойлгохгүй байна. Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намын эрхийг өргөтгөсөн. Ямар нэг дарангуйллын эх үүсвэрийг авчирч, иргэдийн эрхийг хязгаарласан. Сум, баг хорооны Засаг даргыг томилж иргэдийн төрд тавих хяналтыг алга болголоо. Шүүх засаглалын хараат байдлыг хэвээр байлгаж байна. Тиймээс Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг хойшлуулъя.

Ардын их хурлын депутат н.Лханаа: МӨДХӨН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДЭЭР ОЧНО

-Ард нийтийн санал асуулгын хуультай Зөвлөлдөх санал асуулга зөрчилдөөд байгаа юм биш үү. Үндсэн хуульд Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай нэг ч үг үсэг байхгүй. Энэ бол маш ноцтой. Аягүй бол мөдхөн Үндсэн хуулийн цэц дээр очих байх. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэхгүй ч болж магадгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал өнөөдөр ард түмэн юу хүсч байгааг тусгах ёстой. Төр засгийн эрх мэдэлд хуйвалдааны журмаар улс төр, бизнесийн мафийн бүлэглэлийн гишүүд гарсан байна. Үүнийг яаж таслан зогсоох вэ. Мөн УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг зарчмыг Үндсэн хуульд суулгая. УИХ-ыг тараадаг механизмыг бий болгоё. Ард түмэн төрийн эрх барьдаг эрхийг яаж сэргээх вэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Түр хороо байгуулах, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах явдал хэзээ ч байж болохгүй. Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн гишүүд бүгд нэг санаатай байж Үндсэн хуулийг өөрчилнө.

Улсын Бага хурлын гишүүн асан Д.Чилхаажав: ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦСОН ХҮМҮҮСТ БУРУУ ТАНИУЛСАН

-Үндсэн хуулийн өөрч­лөлтийн төслөөр оруулж ирж байгаа энэ захиалга бүрэн хэрэгжихээр бай­на уу гэвэл үгүй. Ард түмэн төрийг хяналттай бол­гож, дээд төвшний бай­гуул­лагуудыг хариуцлагатай болгоё, хууль шүүхийн өмнө бүх хүмүүс эрх тэгш байя гэсэн санал өгчээ. Одоогийн төсөл дээр үүнийг хэрэгжүүлэх боломж хомс. Хууль хяналтын байгууллагаа улс төрөөс хараат байлгаж чадаагүй. Төрийн хянал­тын байгууллага бага­даагүй. Захиалгаар ажил­лаж байна. Ийм байж шинэ байгууллага байгуулах шаардлага байна уу. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон хүмүүст зарим зүйлийг буруу таниулсан. Санаатай, санамсаргүй юу. Ийм байдлаар Зөвлөлдөх санал асуулга явбал хохирол дагуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин