Ч.ОЛДОХ
Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх тухайд улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, ТББ-ынхан байр сууриа илэрхийлж байна. Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаярын байр суурийг сонирхлоо.
-Шинэ Засгийн газрыг ямар байгаасай гэж харж байна?
-Шинэ Засгийн газрын бүтцийг боловсруулахдаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн онцлог нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг харгалзан авч үзэх ёстой. Ер нь засаг болон яамдын бүтцийг аль нэг нам, эвсэл гарахаараа бялуу хуваах хэлбэрээр өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчилдөг, мөн нэрийг нь хольж сольдогоо болимоор юм. Үндсэн чиглэлийн яамдын нэр болон дотоод бүтэц гэх мэт зүйлсийг судлаач, эрдэмтдийн тусламжтай сайн тодорхойлж хуульчилж журам гаргаж аль нэг нам, эвслийн Засгийн газар байгуулагдахад өөрчлөгдөхгүйгээр тууштай, мэргэшсэн тогтвортой байдлыг ханган ажилладаг байдлыг бий болгох хэрэгтэй байна.
-Сонгуулиар, эсвэл сайд, дарга өөрчлөгдөхөөр төрийн албан хаагчдыг халж, сольдог. Энэ тухайд ?
-Ажилдаа дадлагашаад зүгширч байсан төрийн албан хаагчдыг ахиад л шинэ засаг бүрэлдсэн гэх байдлаар хольж солихоор ажлаа хэн нь мэдээд байгаа нь мэдэгддэггүй, хөл толгой нь солигдсон юм болдог. Хэн мэдэх вэ гэхээр тэр ч, энэ ч гээд л иргэдийн шийдүүлэх гэсэн алив нэг асуудлаар бие, биерүүгээ бөмбөг шидэлцээд л байдаг байдал нь цаашлаад хичнээн хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагын ажлыг цалгардуулах бол гэж бодогдохоор тийм хэмжээнд өнөөдөр байна. Юун тэр мэргэшсэн тогтвортой байдал, динамик байдлаар солигдоод байгаа нь илт байна. Олон яам байхын хэрээр олон дарга, олон нарийн бичиг байхаас гадна олон яам хоорондын харилцаа холбоо, ажлын давхцал их байдаг шүү дээ. Заавал тэр хүн л сайд, дарга болох ёстой мэтээр нэг хүнийг тахин шүтэх байдлыг таслан зогсоож, чадварлаг, боловсролтой, эх ороноо гэх сэтгэлтэй, хэл сайн эзэмшсэн энгийн ард гаралтай залуучуудаасаа сайд болгох хэрэгтэй.
-Гэхдээ шинэ Ерөнхий сайдад тэрийг, энийг сайд болго гэх мяагаар нам дотроос нь шахалт үзүүлж байх шиг?
-Ер нь шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд аль нэг намын гишүүн гэхээс илүүтэй нам үл харгалзан ажлаа мэддэг, зохион байгууллалт сайтай, хариуцлагаа үүрч чадах, эх оронч сэтгэлтэй, нам бус болон намын гишүүнчилэлтэй залуу боловсон хүчинг сонгож ажилуулбал зүгээр гэж бодож байгаа. Мөн засгийн газрын агентлагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хуваарилах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай үр дүнтэй, шуурхай явуулах шаардлагад нийцүүлэн өөрчлөн байгуулах хэрэгтэй гэж харж байна.
-Дэд сайдын асуудал байнга яригддаг. Энэ удаад ч хэвээр үлдэх бололтой. Учир нь бүтцийг өөрчлөхгүй гэж шинэ Ерөнхий сайд мэдэгдсэн?
-Дэд сайдуудын хэрэг юу байна тэд бол эх орныхоо төлөө биш намын төлөө ажилладаг хэсэг бүлэг, нөхдийг ажилд томилж мэргэшиж буй боловсон хүчний бодлогыг алдагдуулдаг улсууд. Мэргэшсэн тогтвортой байдал гэдэг үгийг энэ улс төрчид хэзээ ойлгох юм бол. За дүүрч дээ гэхэд, хэдий өөр мэргэжилтэй хүн төрийн албанд намын харьялалаар томилогдсон ч бай тэдэнд ядаж төрийн албаны талаарх мэдлэгийг олгох хэрэгтэй.Төрийн алба тогтвортой байхаас төрийн үйл ажиллагаа жигд сайхан явагдах учиртайг мартаж болохгүй.
Ер нь бол МАН гэж төрийн дээр гарчихсан Төрийн Бус Байгуулага байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой заасан байдаг Төрийн Байгуулалтын Байнгын хороо хуралдаад л Их хурлаар хэлэлцээд Ерөнхий сайдыг батална гээд байгаа биз дээ. Гэтэл Үндсэн хуульд Ерөнхий сайдыг аль нэг намын бага хурлаас сонгож, нэг намын бүлгийн хурлаар батална гэж заагаагүй байхад төрийн ажлыг үл тоон намын эрх ашгийн төлөө энэ олон хоног хойш татан байж сая л нэг батлуулж байна. Энэ өөрөө юу гээд байна гэхээр нам төвтэй төрийн тогтолцооноос салах цаг болсныг илтгэж байгаа юм. Ер нь намын хатуу гишүүнчлэлийг халж төрийг аль нэг намын, хэсэг бүлэг, улс төрөөр бизнес хийдэг нөхдийн захиалгаар удирддаг байдлыг одоо энэ шинэ засгийн газрын үеээс таслан зогсоох шаардлагатай.
-Яам, агентлагуудын тухайд та юу хэлэх вэ?
-Онцолж яримаар зүйлүүд байлгүй яахав. Эрчим хүч гэхэд л яах аргагүй төрийн тусгай хамгаалалттай объектуудаас бүрдсэн маш эмзэг салбар, ийм асуудал. Сүүлийн хэдэн жил бид эрчим хүчний бодлогыг байнга өөр бодлогын яаманд нэгтгэж хольж хутгаж ирсэнийг хэн хүнгүй мэдэж л байгаа. Одоо болтол эрчим хүч импортолж улсынхаа төсвийг нимгэлсээр байна. Монголын эрчим хүч, дулааны салбарыг Хятадын төрийн өмчит компани хариуцахаар зэхэж буйг нуух юун. “Чайна Датанг” групп БНХАУ-ын Бээжин хотын дулааны болон эрчим хүчний хэрэгцээний ихэнхийг хангадаг төрийн өмчит компани манай улсын эрчим хүч, дулааны салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлж засгийн газартай гэрээ хэлэлцээр хийх төсөл боловсруулах түвшинд яригдаж байна. Иймд эрчим хүчний бодлогыг тогтвортой байлгаж, ядаж дотоодын хэрэглээг хангах хэрэгтэй байна. Оюу Толгой л гэхэд жилд Хятадаас 200 сая долларын эрчим хүч импортолж байна шүү дээ. Ер манай Харилцаа холбооны салбарын шинэчлэл тоног төхөөрөмж маань 100 хувь хятадын төрийн өмчит ZTE гэх компаний тоног төхөөрөмжинд суурилсан.Удахгүй дулааны болон цахилгаан станцуудыг хувьчилна. Энэ хувьчлалаар хятадын төрийн өмчит компаниудын гарт манай эрчим хүч, дулааны салбар шилжих магдлалтай..Тусгаар улсын хамгийн чухал стратегийн салбар бол харилцаа холбоо болон эрчим хүч гэдгийг мэдэж л баймаар юм даа.
Эх сурвалж: www.polit.mn