Л.ХЭРЛЭН
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг нэлээд чангатгаж өгсөн. Тухайлбал, албан тушаалаа урвуулан ашигласан, нөлөөлсөн хэргүүд эрүүгийн хэргийн зүйлчлэлд хамаарна. Мөн шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаадаггүй байхаар хуульчилсан. Ингэхдээ “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, тус хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх”-ээр заасан юм.
Түүнчлэн “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсвэл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж хуульчилснаараа ололттой, иргэдийг чирэгдүүлэхгүй хэмээн хуульчид тайлбарлаж байна.
Эрүүгийн хуулийн бас нэг сайн тал нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийг бий болгосон. Үүгээр өмгөөлөгчгүйгээр байцаасан, эрхийг нь зөрчсөн, нотлох баримтыг судлуулах, тодруулах асуудлыг мөрдөгч хэрэгсээгүй юм уу, хэрэгт ач холбогдолтой гэрчийг байцаалгах хүсэлтийг хангаагүй зэрэг мөрдөн байцаах ажиллагаа дутуу дулимаг явагдахаас сэргийлжээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээд нь шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирвол хохирлыг төлүүлэх эрхтэй байхаар зааж өгсөн нь хуулийн бас нэг дэвшилттэй тал юм. Жишээ нь, тухайн хүн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны сөрөг үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй байхаар хуульд зүйлчилжээ. Хохирлыг нөхөн төлүүлэхэд:
Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсвэл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан,
Хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдсон, эсвэл баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон,
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэр нь хууль бус гэдэг нь тогтоогдож хүчингүй болгосон,
Яллагдагчийг эрүүдэн шүүсэн болох нь нотлогдсон зэрэг тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр тус, тус заажээ.
Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа эрүүгийн хэрэгтэй нь холбогдуулан өмгөөлөгчөөс мэдүүлэг авах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг тус хуулиар хоригложээ.
Өмгөөлөгчийг хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь шахалт, дарамт үзүүлэх ёсгүй. Түүнчлэн хөндлөнгөөс оролцох буюу саад учруулж болохгүй. Энэ нь яллагдагч, шүүгдэгчийн эрх ашиг, ашиг сонирхлыг хөндөнө. Нөгөө талаас хууль зүйн туслалцаа авч байгаа хүний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй байхаар хуульчилжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин