“5 асуулт 10 хариулт” булан ОУВС  эдийн засгийн өргөжүүлсэн хөтөлбөрөө Монголд хэрэгжүүлэхээ хойшлуулсан асуудлаар  МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын байр суурийг сонирхлоо.  

-ОУВС-д хамрагдах манай улсын хүсэлтийг хойшлуулсан нь төсвийн бодлоготой холбоотой гэлээ. Танай бүлэг юу гэж үзэж байна? 

-Хөрөнгө оруулагчдын мөнгийг Монголын банкаар дамжуулна гэснээс үүдэж ОУВС гэдийсэн гэж хэвлэлүүд  ярьж, бичиж байна. Энэ бодитой юу?

-Гадны шахалтаар асуудал шийдэж байна гэсэн хардлагыг та юу гэж үзэж байна?

-Татвар нэмчихээд ОУВС-гийн хөтөлбөртөө хамрагдсангүй гэсэн шүүмжлэлийг зарим хүн хэлж байна?

-Эдийн засгийг эрүүлжүүлэх талаар та ямар байр суурьтай байна?

Д.Хаянхярваа: ОУВС-тай ярьж, тогтоолоо  өөрчилнө

Л.ХЭРЛЭН

-Манай бүлэг MIP хөтөлбөрт хамрагдахгүйгээр цааш явах боломжгүй гэдэгт санал нэгдсэн. ОУВС-тай дахиж ярилцаж УИХ-ын төсвийн тодотголын тогтоолынхоо заалтыг эргэж харах шийдвэр гаргалаа.

-Хөрөнгө оруулагчдаас гадагшаа гарч буй валютын урсгалыг 100 хувь Монголын банкаар шийдэх боломжгүй гэсэн асуудлын талаар бүлгийн гишүүд  ОУВС болон “Рио Тинто”-той холбогдож, цаашид хөтөлбөртөө хамрагдаад явбал Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа гаднын хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний хөрөнгийг Монголоор дамжуулах нөхцөлийг нэмэгдүүлэх чиглэл рүү яриа хэлцэл хийж болно гэдэг талаас  ойлголцсон зүйлүүд бий. Төсвийн байнгын хороо, холбогдох байнгын хороодтой ярилцаж тодорхой шийдвэр гаргана.

-ОУВС-гийн төлөөлөгчтэй уулзаад нэг компанийн шахалтаар ийм зүйл хийж байна уу гэдэг асуудалд Монголын нийгэм бүхэлдээ эсэргүүцэн, хандаж байгаа гэдэг байр сууриа илэрхийлсэн. ОУВС-гийн суурин төлөөлөгч “Бид нэг компанийн шахалтаар бус танайд хийсэн 580 сая ам.долларын ченжийг хийх, хөрөнгө оруулагчтай уулзаж байгаа асуудал, танайд эргэж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зэрэг олон асуудал дээр ярихад үнэхээр банк санхүүгийн системийг эрүүлжүүлэх бодлого баримтлах ёстой. Тиймээс энэ заалтыг харах хэрэгтэй гэдэг шийдлийг өгсөн” гэсэн.

-МАН анх гаргасан шийдвэрээсээ буцсан зүйл байхгүй. Улс төрийн нөхцөл байдал гэхээс илүү эдийн засгийн нөхцөл байдал тун амаргүй байна. Тиймээс хэдийгээр бид нухацтай нягталж шийдвэрээ гаргаж байгаа ч, дахиж харах шаардлага цаашид ч мөн гарна. Өнөөдөр үнэндээ нийгэмд ашигтай байх шийдвэр гаргаж улсынхаа эдийн засаг, улс төрөөр тоглох уу? Эсвэл гашуун нясуун ч гэсэн хатуу шийдвэр гаргаж, эдийн засгаа эрүүлжүүлэх үү гэдэг ийм хоёр асуудлын нэгд нь хариулт өгч байна.

-Манай бүлгийн гишүүд 100 хувь эдийн засгаа эрүүлжүүлэх чиглэлд анхаарах шийдэлд хүрсэн. Олон улсын байгууллагуудтай эргэн ярилцах, санал солилцох асуудлууд байна. ОУВС-тай тавдугаар сарын 20-ний үед эсвэл наана дахиж хэлэлцэнэ.

Д.Эрдэнэбат: УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо өөрчлөхгүй

Ч.ОЛДОХ

-МАН-ынхан  УИХ-ын төсвийн тодотголын тогтоолын заалтыг  байнгын хороогоор оруулж өөрчлөөд болчих юм шиг яриад байна. Тэгж болохгүй. Засгийн газар хууль тогтоомжийнхоо асуудлаар УИХ-д  тогтоолын төслийг өргөн барих ёстой. Дэгийн журмаар чуулганы нэгдсэн хуралдаан дээр ярих ёстой. Энэ бол Монголын ирээдүйн эдийн засгийн асуудалтай шууд холбоотой.

-Тогтоолын 11 дэх заалт зөв шүү дээ. Монголын эдийн засаг тэлсэн. Гэтэл валютаа барьж чадахгүй байна гэдэг бидний баялгаа гадагшаа өгсөн мөнгөө авч чадахгүй байгаагаас болж тогтворгүй байдал үүсч байна. Хэрэв бид өнөөдөр Оюутолгойн гадагшаа алдаж  байгаа валютын урсгалыг дотооддоо оруулж ирэхгүй бол, хоёрдугаарт гадагшаа гарч байгаа алтаа Монголбанкиндаа авч чадахгүй бол Монголд хэзээ ч валютын тогтвортой байдал үүсэхгүй. Энэ нь эргээд биднийг хүссэн хүсээгүй түүхий эдээ зарах байдал руу түлхэнэ. Эдийн засгийн алсын бодлогод хортой.

-Бид өнөөдөр алсаа харж амьдрах уу, өдөр өнгөрөөж   аргацаах уу. ОУВС гурван жилийн л асуудал шүү дээ. Гадагш урсч байгаа валютын урсгалыг Монголд оруулж ирэх нь хамгийн алсын хараатай ирээдүйтэй шийдэл. Ийм хоёр л сонголтын өмнө  бид байгаа.

-Татварыг МАН-ынхан өөрсдийнхөө санаагаар нэмсэн. Татвар нэмчихээд цалинг нэмэхгүй байна гэдэг ард түмний нуруун дээр шууд бууж байгаа  ачаа. Үүнийг бүгд харж байгаа. Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөрт ор гэж хэн шахах билээ. Нэг ч ийм хүн байхгүй. Энэ нь гурван жилийн санхүүгээ сайжруулах бодлого уу, эсвэл Монголын эдийн засгийг эрүүл байлгах  бодлого уу гэдэг зөрчилдөөн дээр бид явж байна шүү дээ.

-Ганцхан зүйлийг хэлчихэд энэ бол Монголын эдийн засгийн бодлого  гадны хараанд орсон байдалд цэг тавьж байгаа асуудал. Бүгд тэгж харах ёстой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин