Ч.ҮЛ-ОЛДОХ

 УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Нийслэлд баригдаж буй барилгын ажлын явцад хүний амь нас эрсдэх, гэмтэх, ноцтой хэрэг зөрчил удаа дараа гарч байгааг харгалзаж УИХ ажлын хэсэг томилоод удаагүй байна. Нэг гишүүнийх  нь  хувьд танаас асууя, ажлын хэсгийнхний хяналт, шалгалт ямар  шатанд байна?

-Ажлын хэсэг томилогдоод дүгнэлтээ гаргаж байнгын хороо болон УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. Тэндээс тогтоол гарахыг  хүлээж байна. Миний зүгээс ажлын хэсэгт орсон гол зорилго нь осол, аваар гарч буй  шалтгааныг  тогтоох,  цаашид тийм зүйл гарахгүй  байх арга замыг хайж, хууль дүрэмд өөрчлөлт оруулахад чиглэсэн. Нөгөө талаас, осол аваар юунаас болж яагаад гарав, ямар учраас ийм байдалд хүрэв, түүний цаана хэн байна. Тэнд  авлига хээл хахууль байна уу, албан тушаалын гэмт хэрэг байна уу гэдгийг мэдэхийн тулд АТГ-ыг бие даасан ажлын хэсэг гаргаж УИХ-д ажлаа тайлагнахыг хүссэн. Ажлын хэсгийн дүгнэлтэд энэ чиглэлээр  асуудал  тусгуулахыг хүсч, эхний ээлжинд АТГ бие даасан ажлын хэсэг гаргаж материалууд хүргүүлсэн байгаа.

-Ажлын хэсэг тодорхой газруудад очиж танилцсан. Гэхдээ хүмүүсийн хамгийн их шүүмжилдэг, олон хүний амь насыг авч одсон Зайсангийн “сүнстэй” барилгуудыг шалгасангүй. Нөгөө талаас,ажлын хэсэг  нээлтээ  сүртэй хийснээс биш ажлаа тааруухан хийж байгаа юм биш үү.  Иргэд  “Гараа сайн бол бариа сайн” гэсэн хүлээлттэйгээр та бүхнийг  харж байна?

-Ажлын хэсэг хүчтэй эхлээд хүчгүй буучихав уу гэж байгаатай санал нийлнэ. Яагаад гэвэл, анх  нэлээд ноцтой асуудлууд яригдаж эхэлсэн. Дээр нь тодорхой барилга, байшингуудыг буулгая, нураая гэж ярьсан. Ингээд  80 барилгын асуудал орж ирсэн. Түүнээс 31-ийг нь шүүхэд өгч,  2 барилгыг нураах тухай ярьсан. Гэтэл Хан-Уул дүүргийн XI хороо болон Сүхбаатар дүүргийн I, II хорооны нутаг Сөүлийн гудамжны барилгууд огт яригдаагүй. Би ажлын хэсэг дээр 16 байшингийн нэрийг зарласан байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XI хорооны “Би Ди Би” компани, Сөүл Вин компанийн гүйцэтгэж байгаа барилгын асуудал байна. Мөн Хан-Уул дүүргийн , Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт баригдаж байгаа  “Зайсан Виллаж” хотхоны  120 айлын орон сууц, гүйцэтгэгч нь “Энэл”  компани, “Идеал” групп  юм билээ. Бас л яригдаагүй. Хан-Уул дүүргийн  XI хороон дахь “М-Си-Эс”-ийн байшин мөн л асуудалтай. Энэ мэт 16 барилгын нэрийг  би ажлын хэсэг дээр зарласан. Ажлын хэсэг зүгээр  дүр үзүүлдэг байж таарахгүй, ажлаа чанаржуулах ёстой.  Би ажлын хэсэгт ороод нэг зүйлийг  гайхаж байгаа. Барилгын компаниуд яагаад ийм зоригтойгоор  хууль зөрчөөд байна вэ.  Тухайлбал,  Ерөнхий­лөг­чийн өвлийн ордны үүдэнд гурван давхар өргөтгөл барьчихсан. Хойд талд нь 25 давхар байшин барьчихсан байх жишээтэй. Тэгэхээр  Ерөнхийлөгчөөс айхгүй байна гэдэг цаанаа нэг учир байна. Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш өнөөдөр  дөрвөн жил болчихлоо. Анх сонгогдоход нь   барилга барьж эхлээд ирэх жил буухад нь ашиглалтад оруулах гэж зэхэж  байна шүү дээ.  Тиймээс түүний ард хэн байна, шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан.

-Мэдлэггүйгээс болж хууль зөрчсөн иргэдийнхээ  асуудлыг мөнгөтэй компанийн хууль бус үйлдлээс яаж ангид авч үзэх вэ ?

-Хүн хоёр байдлаар хууль зөрчдөг. Нэг нь мэдсээр байж, нөгөө нь мэдэхгүйгээсээ болж хууль зөрчдөг. Мэдэхгүйн гайгаар хууль зөрчсөн олон барилга байшин бий. Тэднийг тодорхой хэмжээгээр зөвшөөр­лийн гэж болох байдалд авч үзэж, хууль дүрмийг мөрдүүлэх хэрэгтэй. Ха­рин мэдсээр байж хуй­валдаад  хууль  зөрчсөн асуудлыг  шалгаж,улсын орлого болгох хүртэл  арга хэмжээ авах учиртай.

-Барилгын асуудлыг шалгах нэртэй “унтаа”  ажлын  хэсгийг Ж.Бат­зандан ахалж байгаа бол нэгэн үе  түүнтэй хамт жагсч  явсан О.Магнай  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг удирдаж  хүмүүсийн загатнасан газарт  маажиж, дэмжлэгийг нь  хүлээж байна. Ингэж харьцуулахын учир нь  ажлын хэсгийнхэн дарамт, шахалтанд орчихов  уу, өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй байв уу гэсэн асуулт гарч  байна?

-Намайг л лав дарамталсан хүн алга. Ажлын хэсэгт олон хүн орсон. Ашиг сонирхолтой ч хүн байх шиг байна. Ашиг сонирхолгүй хүн ч байх шиг байна лээ. Нөгөөтэйгүүр  АН дотор  байшин бариулдаг хүмүүс байдаг юм байна. Ардын намд  ч бас  байна. Тэдний зүгээс нөлөөлөхийг оролдсон, эсэхийг би мэдэхгүй. Нотлох юм алга. Харин таны хэлж  байгаа ажлын хэсэг сул байна гэсэн шүүмжлэлтэй санал нэг байгаа. Яагаад гэвэл, би нэг зүйлийг хэлж чадна. Дээр үед “Залуу техникчдийн ордон”  гэж нэрлэдэг байсан, тойроод зүлэг модтой, хүүхдүүдийн  секц дугуйланд сурдаг байсан барилгын тал талаас өм цөм авсаар одоо тэнд “Алтан гадас” гэсэн бичиг л үлдсэн байна. “Алтан гадас” –ыг анх тэнд ороход түрээслэж байгаа юм болов уу гэж бодсон. Гэтэл одоо тэр бичгээс бусад нь байшин болчихоод байна.  “Ард түмэн” гэж ярьж байгаа бол  асуудлыг   тэндээсээ эхэлмээр байна шүү дээ. Барилга баригдаад байх юм, “Наадахаа боль, нураа”  гэж олон удаа хэлсэн. Бариад л байх юм.  Тэгэхээр ард нь нөлөө  бүхий  хүн байна  гэж харж байна. АТГ-ынхан ч өнөө хүртэл хариу өгсөнгүй. Харин над руу  “Танд ямар мэдээлэл байгаа юм бэ,  нотлох баримт байна уу. Түүнийгээ хэлээч” гэж яриулж байна гэсэн. Би нотолдог хүн биш шүү дээ. Би энд тэндээс сонссон, дуулсан хов живийн асуудлуудыг нийлүүлээд шалгаж өгөөч гэсэн хүсэлтээ тавьсан. Шалгана  гээд тэд улсаас мөнгө аваад сууж байгаа шүү дээ. 

-Цаашид ямар шаардлага тавих вэ?

-Хэрэв энэ асуудалд олигтой ажиллахгүй бол би АТГ-ын дарга  Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нарыг  албан тушаалаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолын төсөл өргөн баръя гэж бодож байгаа. Яагаад гэвэл иргэд “Уул уурхай, барилгын ард томоохон бизнесийн сүлжээ байдаг” гэж ярьдаг. Үнэхээр тийм байна уу, үгүй юу. Түүнийг мэдэх үүргийг тэр хоёр нөхөрт өгсөн байгаа юм. Тиймээс тэр хоёрыг  улстөржихөө боль,  ажлаа хий гэж хэлнэ.

-Х.Тэмүүжин сайд та хоёрын  маргаан ч бас барилгаас үүдэлтэй. Тэр асуудал юу болсон бэ?

-Төрийн ордны хажуу талд 80 жилийн түүхтэй эмнэлэг байдаг юм билээ. Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг нэртэй. Цаашид тийм нэрээр байж болохгүй Батлан хамгаалах яамны харъяа цэргийн госпитальтай  нэгтгэж, цэрэг, хүчний байгууллагынханд үйлчилдэг том эмнэлэг байгуулъя. Нэгд нь 20, нөгөөд нь 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг эмнэлэг байх хэрэггүй гэж Х.Тэмүүжин үзэж байгаа юм билээ. Би УИХ-ын гишүүн болж ажлаа эхлүүлснээр  гурав дахь сардаа орох гээд явж байна. Төрийн ордонд олон сар жил болсон биш.  Өмнө нь  Их хурлаар шийдвэр гаргаж, төсвийг нь баталчихсан  юм билээ. Тэр төсвийг нь батлахад дуугараагүй хүний нэг бол Х.Тэмүүжин сайд гэж би бодож байгаа. Одоо дуугарч, гайхаж байгаа юм биш шүү дээ. Тэр үед хараад явж байсан байлгүй.  Харин одоо яагаад  архиктектор,  зураг төсөл  зэрэг бүх зүйл нь  хийгдээд  эмнэлгийн зориулттай болчихсон байшинг өөр зориулалтаар ашиглах гээд байгаа юм бэ. Ер нь аливаа барилга зориулалтын дагуу ашиглагдах ёстой. Тэр  ч утгаараа зориулалт нь ашиглаж болох уу, үгүй юу гэдгийг өнөөдөр Мэргэжлийн хяналтын газар шийддэг. Зориулалтыг нь зөрчиж барьсан байшин гэвэл өнөөдөр Лениний музейг хар л даа. Зориулалт нь музейнх байтал  өөр чиглэлээр ашигласан. Музейн зориулалттай барилга монголд цорын ганц байдаг. Гэтэл түүнийгээ  баар болгочихсон. Ний нуугүй хэлэхэд нөхцөл байдал тун хэцүү, намын өмч нэртэй балгас болчихоод байна. Тэнд дүрслэх урлагийн музей, эсвэл төв музейг байгуулах юм уу, ядаж  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хайгаад байгаа ясаа олоод ирвэл тавих газар хэрэгтэй байна. Гэтэл  түүнтэй адил  эмнэлгийн барилгыг зориулалтыг нь өөрчилье гэж яриад байгаа нь буруу.

-Зориулалтыг нь өөрчилж юу хийх гэж байгаа юм бэ гэж үү?

-Эрүүгийн цагдааг оруулъя, мөрдөн байцаах газрыг оруулъя  гэхчлэн хүчний байгууллагыг тэнд оруулъя гээд байх юм. Хүчний байгууллага чинь хүч хэрэглэдэг  байгууллага болохоос хүн эмчилдэг байгууллага биш. Тэгэхээр хүн эмчилнэ гэдэг  ариун ёсны үйлдэл. Ялангуяа өнөөдөр Монголд эмнэлэг, тэр дотроо хүн эмчлэх тоног төхөөрөмж ховор.Хууль зүйн сайдын хувьд уг нь эхлээд Эрүү­гийн байцаан шийтгэх, болон эрүүгийн хуулийг шинчлэх хэрэгтэй. Хууль өөрчлөгдөөгүй байхад байшин ярих нь утгагүй юм. Тиймээс би эмнэлгийн зориулалтыг өөрчлөх гэж  зориуд мушгиж, шинэ юм хийнэ гээд хуучнаа үгүйсгээд байгаагийн эсрэг тэмцэж байгаа. Үнэхээр тэдэнд эмнэлэг  хэрэггүй болчихоод, тэнд байгаа 200 ажилтныг   тэжээж чадахгүйд хүрсэн  бол барилга, тоног төхөөрөмжөөс эхлээд юутай хээтэй нь   Эрүүл мэндийн яаманд өгөхгүй юу. Цэргийн албан хаагч гэсэн цол тэмдэг нь  бус хүн эмчилж эдгээх  нь  тэдэнд чухал  юм билээ.

-Хотын төвд эмнэлэг байж болохгүй  гэж зарим улстөрийн хүчнүүд санал, санаачилга гаргаад байгаа юм биш үү?

-Өвчтэй хүмүүс аль болох ойр дөт газраасаа эмчилгээ хийлгэх нь чухал. Яагаад гэвэл тэнд минут секундээр хүний амь яригддаг. Иргэдийн зарим нь унаагүй явган, мөнгө төгрөггүй байдаг. Аль болох эмнэлэгт дөт байх, хурдан шуурхай үйлчилгээ авах боломжоор хангах ёстой. Тэгэхгүйгээр Хайлаастын XVII  хорооны 35  дугаар гудамжны захад эмэнлэгийг нь аваачиж тавьчихаад иргэд  түүнийг нь хайгаад явж байх ёстой юм уу.  Ийм утгагүй зүйл байж болохгүй. Миний ярьж  зарчим нэгдүгээрт, дэлхийн жишгээ баримтал гэж байгаа. Дэлхийн жишигт нэг, хоёрдугаар бүс гэж байхгүй. Хотынхоо төвд эмнэлэг  байж л байдаг шүү дээ. Харин  архи, тамхины газар нь хол  байдаг юм билээ. Би хэлээд байгаа шүү дээ, Төв шуудангийн урд хашаан дотор 25 давхар байшин барьж байна лээ. Юуны өмнө тэр байшинг Хууль зүйн яам авмаар юм. Төрийн тусгай хамгаалалтын бүсэд, хууль зөрчөөд барьж байгаа шүү дээ, түүнийг. Бүс ярья гэвэл үүнийг яримаар байгаа юм. Түүнээс биш жирийн нэг эмнэлгийг яриад утгагүй. Ямар бодлогоор, ямар зорилгоор гэдгийг нь  би хэлж мэдэхгүй ч  яавч зөв гэж хэлж чадахгүй.

-Та хоёрын маргааныг зарим нь барилгын асуудал гэж харахгүй байх шиг. Тухайлбал, О.Баасанхүү, Х.Тэмүүжин хоёр хувийн  өс хонзонтой  гэж ярьж байгаад та ямар тайлбар хэлэх бол?

-Бид хоёрын хооронд ямар ч өс хонзон байхгүй. Х.Тэмүүжин манай доод талын курст байсан. Би сайн мэднэ, дээд сургууль төгсөөд “Би багшаар оръё”  гээд дипломгүй гүйж явсан. Яагаад гэвэл, төлбөрөө төлж чадаагүй учраас дипломоо аваагүй. Түүгээр нь нээнтэглээд багшаар  аваагүй шүү дээ.  Тэр үед  гадаад валютаар цалинждаг төсөл дээр академич С.Нарангэрэл багш авч ажилуулсан. Тэгэхээр С.Нарангэрэл багшийн шавь л гэж би боддог шүү дээ. Миний хувьд өөрийнхөөрөө явж  иргэдэд өмгөөллийн үйлчилгээ  үзүүлж ирсэн. Х.Тэмүүжинг  гишүүн болсноос хойш хэвлэлээс л  харж байсан, хүнийх нь хувьд дэмждэг. Анх сайд болоход нь би хэлсэн шүү дээ “Х.Тэмүүжин хууль зүйн сайд болсон нь маш сайн  байна. Би бас хуульч хүн.   Хэн хэнээ дэмжиж ажиллана шүү.  Надад практик байна, энэ салбарт  бодож санаж яваа зүйлүүд ч байна. Яагаад гэвэл, бид хоёр  засаг бүрдүүлж байгаа хоёр намын гишүүн. Би 25 хувийн бодлого  гаргана шүү, 75 хувийн  бодлого гаргаарай. Хамтраад 100 хувь ажиллая”  гэсэн. Даанч миний хэлснийг ойшоодоггүй л дээ. Миний зүгээс түүнийг сайн  сайхан яваасай, ажил нь урагштай сайн байгаасай гэж боддог.

-УИХ-д ороод гурван сар өнгөрч байна гэж та түрүүнд  хэллээ. Та шинэ гишүүдийн нэг.  Гэхдээ парламентын гаднаас байр сууриа идэвхтэй илэрхийлж, хуулийн төслүүдэд шүүмжлэлтэй хандаж байсныг мэдэх юм.  УИХ  дотор орж ажиллахад юу анзаарагдаж байна. Яагаад гэвэл, иргэдийн нүдээр харахад марзан зүйлүүд олон  гарах юм байна шүү дээ? 

-Би заримдаа нэг зүйлийг бодож байгаа. Ц.Нямдорж хууль засдаг гэж муулаад байдаг. Нэг бодлын хөөрхий зайлуул гэж бодмоор байгаа шүү дээ. Яагаад гэхээр  хуулийн төсөл дэх үг үсэг, найруулгын талд анхаарах зүйл олон байдаг. Сая тамхины хууль баталсан. Ил задгай газар тамхи татаж болохгүй гэж бичээд  таслал тавиад байгаа юм. Хуулиар бол ой, хээрт тамх татаж болохгүй юм байна, мөн ил задгай  тамхи татахгүй гэж байгаа нь хаана ч тамхи  татахгүй  гэсэн үг юм уу. Ийм хуурай, ойлгомжгүй үгээр битгий ярь, үүнийг хэн хянах юм бэ. Сайхныг бодоод зөв гэж баталж болно. Гэтэл хэн хянах вэ гээд маргаад эхэлж байна лээ. Энэ  яахав гэхэд олонхиороо түрээ барьдаг нь жаахан төвөгтэй байна. Магадгүй би өөрийгөө зөв ойлгуулж чадахгүй байж болох юм. Гэхдээ аливаа асуудлыг ярихад  эхлээд шинжлэх ухаан чухал. Дараа нь бусад зарчмуудаа баримтлах ёстой. Хууль  батлахдаа амьдралд хэрэгждэг  байх талаас хандмаар байна. Түүнээс биш гадаадад очиж гоё юм харчихаад Монголдоо ирж дууриаж хийнэ,  хуульчилж батална   гэвэл боломжгүй. Хаана ч очсон гоё сайхан зүйлүүдээ  л хүнд харуулдаг байхгүй юу.

-Орон нутгийн сонгууль хаяанд айлслаа. Яаж ч бодсон хөдөө сумын иргэдийг намын жагсаалтад оруулах  гэж байгаа нь  ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Тухайлбал, нэг айл гэхэд л аав, ээж, эмээ, өвөө, хүү, охин гээд нам, намын нэрээр жагсаалтад багтаж, “Манжингийн үлгэр” шиг юм болох нь.  Энэ талаар та юу хэлэх вэ?

-Орон нутгаар явахад ирц  бүрдэхгүй нь гэж санаа зовж ярьж  байна. Хууль нэгэнт батлагдчихсан учраас  шүүмжлэхээс илүү яаж хэрэгжүүлэх вэ гэж бодох хэрэгтэй юм. Монгол Улс дөрвөн жилд нэг удаа сонгууль явуулахаар хуульчилсан байдаг. Тэрхүү дөрвөн жилийнх нь сүүлийн хугацаа арваннэгдүгээр сарын 21-нд товлогдсон. Орон нутгийн сонгуулиар хуулиа хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлах ёстой. Хууль хэрэгжүүлэх  асуудлаар СЕГ-г төрийн байгуулалтын байнгын хороон дээр дуудаж, асууя гэж бодож байгаа. Хөдөө орон нутагт түлшээ яах вэ, гэрэл цахилгаанаа яах вэ, унаа тээврийн асуудлыг яаж зохицуулах вэ, оюутан сурагчид  сургуульдаа явсан учраас ирцээ яах вэ  гэж их асууж байна.

-Та “Шударга ёс” эвслийн гишүүн. Эвсэл задарна задрахгүй, Ардын намтай нэгдэх гэж байгаа  гэсэн элдэв мэдээлэлд бодитой хариу өгөхгүй юу?

-МАН, МАХН хоёр нэг угшилтай. МАН-д МАХН-ын батлахтай олон гишүүн байгаа. Зарим нь МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байна. Тэртэй тэргүй нэг нам байсан юм чинь нэгдэж яагаад болохгүй гэж. МАН-ын гишүүд МАХН-ыг дагаад ороод ирнэ биз. Харин МАХН МАН руу явна гэж байхгүй. Нөгөөтэйгүүр эвсэл задрахгүй. Ийм бодол одоо УИХ-д байгаа Эвслийн гишүүдэд л лав байхгүй. Харин гудамжнаас Эвслийг задраасай гэж хүсч, янз бүрийн юм ярьж  байгаа хүн  байж магадгүй.

-МАН-ынхаа намаа татан буулгаж МАХН-д орох гэхээр одоо жирийн гишүүд нь гараад дууссан. Их төлөв дарга нар нь үлдчихээд амбицаа хадгалж үлдэх гээд байгаа юм биш үү?

-Магадгүй, тийм байхыг үгүйсгэхгүй.