Б.ТУУЛ   Монгол Улсын түүхэнд тэмдэглэлт үйл явдал гэж хэлж болохоор нэгэн чухал үйл явдал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өчигдөр боллоо.  Ерөнхийлөгч 2015 оны аравдугаар сарын 16-ны өдөр “Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” 162 дугаар зарлиг гарган энэхүү зарлигийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран хэл, соёл, түүхийн чиглэлийн хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлсэн билээ.  Үүний нэг нь “Монголын эртний түүх”  таван боть  бүтээлийн нээлт. “Монголын эртний түүх” (таван боть) төслийг 2016 онд  Ерөнхийлөгчийн санаачилга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхим хамтран хэрэгжүүлсэн байна. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, шинжлэх ухааны байгууллагуудын удирдлагууд,  монгол судлалын чиглэлээр зохиол бүтээл  туурвиж буй эрдэмтэд, судлаачид оролцлоо. “Монголын эртний түүх” таван боть зохиол нь НТӨ V-IV зуунаас НТ XII зууныг хүртэлх үеийн монгол угсаатны түүх, угсаа гарвал, улс төрийн түүх, төр нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор авч үзэж, судалгааны өнөөгийн төвшинд нэгтгэсэн бүтээл юм байна. Түүнчлэн Монголын эртний түүх бичлэгийг урагш ахиулсан суурь судалгааны бүтээл хэвлэгдэн гарч байгаагаараа чухал ач холбогдолтой гэдгийг эрдэмтэн мэргэд яриандаа дурдаж байв.    Уг түүхэн бүтээлд Монголын эртний улсуудын төрийн залгамж чанар, монгол угсаатан бүрэлдэн тогтох үйл явц, аж ахуй соёлын монгол хэв шинж бүрэлдсэн түүх, нүүдэлчдийн Евразийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тод томруун нээн харуулснаараа эх түүх, соёлоороо бахархах, түүхээ эргэцүүлэн ухаарах, түүхэн сургамжийг танин мэдэх бололцоог олон нийтэд энгийн ойлгомжтой байдлаар хүргэж  байгаагаараа онцлог юм байна. “Монголын эртний түүх” таван боть зохиолын нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлсэн юм.  Тэрээр “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монголын ард түмэн сар шинийн баярын босгон дээр Монголын эртний түүхийн таван  боть цогц бүтээлийг өлгийдөн авч байна. Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн тэгш ойн босгон дээр буюу хоёр сарын өмнө та бид “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, “Монголын түүхийн цахим тайлбар толь” хэмээх бүтээлийг нээж байсан. Тухайн үед би та нарт амлаж байсныхаа дагуу өнөөдөр “Монголын эртний түүх” таван боть бүтээлийг танилцуулж байгаадаа туйлын баяртай байна. “Монголын эртний түүх” таван боть бүтээл нь нийтийн тооллоос өмнөх  Y-IY зуунаас эхлээд нийтийн тооллын ХII зууныг хүртэлх Монгол  газар нутагт оршиж байсан эртний гүрэн, улсуудын түүх, бусад зүйлийг нэгтгэж бичснээрээ чухал ач холбогдолтой”гэсэн юм.   “Монголын эртний түүх” таван боть номын зохиогчоор  манай өмнөө барьдаг түүхийн ухааны докторууд ажилласан байна. Тухайлбал, “Хүннү” тэргүүн ботийг доктор П.Дэлгэржаргал, доктор З.Батсайхан, “Сяньби” дэд ботийг доктор П.Дэлгэржаргал, “Жужан” гутгаар ботийг доктор С.Өлзийбаяр, доктор А.Энхбат, “Түрэг, Уйгур” дөтгөөр ботийг доктор Б.Батсүрэн, докторант Р.Мөнхтулга, “Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд” (VI-XII зуун) тавдугаар ботийг доктор Б.Батсүрэн, доктор Б.Чинзориг, доктор Э.Жигмэддорж нар бичжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин