-Дарьгангын тал хоёр дахь Тамсаг болох гашуун тавилан хүлээж байна-
Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 20 хувийг газрын тосны, 50 хувийг ураны лиценз эзэлж байна. Нэр бүхий 68 компанийн мэдэлд байгаа нийт 122 зөвшөөрөл дуусгавар болох цаад талын хугацаа нь 2034 он. Энэ бүхнийг гардаж хийсэн хэргийн эзэн, хэнгэргийн дохиур бол экс Ерөнхий сайд С.Баяр болохыг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Энэ удаа тус нутагт олгогдсон газрын тосны зөвшөөрлүүд, түүний эргэн тойрон дахь мэдээллүүд, үүссэн нөхцөл байдал, үйл явдлын баримтыг сөхөлөө.
Монголчуудын хөсөр хаяж, сул асгасан газрын тосны гашуун жишээг бид Дорнод аймгийн нутаг Тамсагийн орд газар, Мэнэнгийн талыг нүд хальтарч сэтгэл эмтэртэл сэглэсэн “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн жишээнээс хангалттай мэднэ.Энд тэндгүй цооног тавьсаар эрүүл газар үлдээгүй, тоосжилт,хуурайшилтын байдал ч байх ёстой хэмжээнээс хэд дахин давсан аюултай орчин тэнд бий болсон. Хүн амынх нь дунд онош нь олдохгүй өвчин дэлгэрч, сүүлийн жилүүдэд Чойбалсан хот, хөдөө сумдын уул уурхай дагасан газруудад иргэд үйлдвэрийн осол, химийн шингэнд хордож нас барсан хэргүүд шилээ даган гарч байгаа.
Гэтэл улс оронд хийгээд, орон нутагт өгдөг ашгийн талаар мэдээлэл нь ил тод биш. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчээр халхавчилсан далд бизнес л цэцэглэж ирсэн, одоо ч тийм л байна. Тэгвэл Дорнодтой хаяа залгаа Сүхбаатар аймаг хоёр дахь Тамсаг болж, Дарьгангын байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар Мэнэнгийн талын гашуун түүхийг давтах суурь нэгэнт тавигдаж, бууриа тэлээд эхэлжээ.
Одоогийн байдлаар тус аймагт “Петро Матад”, БНХАУ –ын хөрөнгө оруулалттай “Монголиа шиний энержи”, Австралийн “Вульф петролиум”, “Макс ойл”, “Вэллэх индастриал” зэрэг таван компани газрын тосны зөвшөөрөл эзэмшиж байна. Тэдгээрээс “Петро Матад” ХХК \Монгол\ тус аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 10343.2 км/кв талбайг эзэмшдэг. “Дарьганга XXIV “ төслийг хэрэгжүүлэгч “Монголиа шиний энержи” ХХК \БНХАУ\ Асгат, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Халзан, Дарьганга, Наран зэрэг долоон сумын сумын нутгийг хамарсан нийт 24706,2 км/кв талбайд зөвшөөрөлтэй. “Сүхбаатар XXVII” төслийг хэрэгжүүлж буй “Вульф петролеум” ХХК \Австрали\ нь Түвшинширээ, Мөнххаан, Уулбаян, Халзан, Баяндэлгэр зэрэг таван сумын нутгийг хамарсан 23047,5 км/кв талбайд зөвшөөрөл авчээ. “Ар булаг XXIX” төслийг хэрэгжүүлэгч “Maкс Ойл ХХК \Монгол \ Эрдэнэцагаан сумын нутагт 1769,4 км/кв талбайг эзэмшдэг бол “ Хэрлэн тохой ХXVIII” төслийг хэрэгжүүлэгч “Вэллэх Индастриал” ХХК \Koнконг\ Сүхбаатар сумын нутагт 14280 км/кв талбайд зөвшөөрөлтэй юм байна. Дээрх компаниудын мөрөөр “Их, Бага Баяншарга” ТББ нэлээд хэдэн жилийн өмнөөс хөөцөлдөн судалж, орон нутгийн иргэдэд байнга сэрэмжлүүлж ирсэн байдаг. Мөн гэрээний хугацаа хэзээ дуусахыг тодруулж, аль болох сунгахгүй байх талаас удаа дараа шаардлага тавьж байж. Гэвч төр, засгийн “машин”-ы өмнө ТББ ч, орон нутгийнхан ч адилхан хүчгүйджээ.
Сүхбаатар аймаг нийт 13 сумтай. Тэгвэл Түмэнцогтоос бусад 12 сумд нь газрын тосны зөвшөөрөл олгогдсон байна. Өөрөөр хэлбэл, энэ аймгийн нутаг газрын тосны лиценз нэрээр 100 хувь бусдын хараат болжээ. Түүнээс гадна жанжны нутгийхны эцэг өвгөдөөс тахиж шүтэж ирсэн Алтан-Овоо, Зотол хан, Дархан хан, Өлзийт овоо, Шаргын уул гээд олон тахилгат уул овоо лицензэд орж, дээрх компаниудын ашиглалтын талбай болохоор байгаа юм. Мөн эдгээр талбайнууд нь өмнө нь олгогдсон бусад ашигт малтмалын хайгуул, ашиглалтын талбайтай давхацсан, тусгай хамгаалалтанд орсон бүстэй давхацсан, усны эх, ойн сангийн бүстэй давхацсан байна. Түүнчлэн түүх археологийн судалгаа хийгдээгүй, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Соёлын өвийн тухай хууль, Урт нэртэй хууль зэрэг олон хууль зөрчсөн учраас дэмжих боломжгүй гэсэн ч зөвшөөрөл олгогдсон байдаг аж. Уул уурхайн компаниуд жил бүр тайлангаа мэдүүлэх үүрэгтэй ч Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр компаниас нэг нь ч тайлангаа гаргаж өгдөггүйг холбогдох албаныхан хэлж байна.
Лицензийн хугацааг авч үзвэл, хайгуул 14 жил + ашиглалт 30 жил= нийт 44 жил Сүхбаатар аймгийн нутаг гадаад, дотоодын компаниудын мэдэлд байхаар байна. Ийм урт хугацаагаар уул уурхайн компаниудын мэдэлд байх нь нүүдэлчдийн соёл иргэншил, аж амьдрал,байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Нэг ёсондоо Сүхбаатар аймаг байгаль орчин, хүн, мал,соёл иргэншилтэйгээ устаж үгүй болох аюул нүүрлэжээ.
Судалгаа
♦ Сүхбаатар аймаг 82.9 мянган хавтгай км/кв нутагтай. Үүнээс зөвхөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын талбай 20 хувь, бусад ашигт малтмалын талбай 50 хувийг эзэлдэг. Тэгвэл газрын тосны зөвшөөрөлтэй талбай бараг 100 хувь байна. Энэ нь 1 сая гаруй га-талбайг хамарч байна.
♦ Манай улсаас урд хөрш рүү газрын тосыг 20 гаруй жил зам тавихгүй зөөж байгаагаас Дорнод, Сүхбаатар аймгийн байгаль орчин ихээхэн талхлагдаж, хүн мал амьтан эрүүл мэндээрээ хохирч, бэлчээр ус ургамал ихээхэн бохирдон сүйдсээр байгаа ч хэн ч ямарч хариуцлага хүлээхгүй өдийг хүрчээ.
♦Байдал ингэж хяналтаас гарсан байхад Монгол Улсын төрөөс газрын тосны зөвшөөрлийг хязгаарлахгүй олгосоор байна.
Эх сурвалж: /Их, Бага Баяншарга ТББ/
Эх сурвалж: “Зууны мэдэээ” сонин