Ч.ҮЛ-ОЛДОХ

Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой  тэмцэгч, Ардын хувьсгалын анхны  жолоодогч, Ардын намыг үүсгэн байгуулагч их жанжин Д.Сүхбаатарын өлгий нутаг  бол өнөөгийн  Сүхбаатар аймаг.  Тэгвэл өнөөдөр уул уурхайгаас  олз ашиг хайгчдын ширээн дээр бялуу шиг хэрчүүлж дуусах   лиценз нэртэй цаазын ялыг Монголын төрөөс хүлээгээд байна. Энэ бол  82.285.15 км.квадрат нутаг   дэвсгэртэй, 58 мянган хүн амтай жижигхэн аймагт ахадсан уул уурхайн 122 лиценз бүхий 68 компанийн  дарангуйлал ажээ. Нийт газар нутгийнх нь 20 хувьд нь газрын тос, 50 хувьд нь уран болон байгалийн бусад баялгийн зөвшөөрөл олгогджээ.

2-1-1

Лавшруулаад үзвэл, С.Баярын үед Монголын Засгийн газраас хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээ, хугацаа сунгасан шийдвэрүүдээр Сүх жанжны нутаг 44 жил гадаад, дотоодын компаниудын мэдэлд байхаар байна. Энэ нутаг  цайрын баяжмал, жонш, хүрэн нүүрс, уран, газрын тос,шатдаг занар,зэс, вольфром гээд   олон төрлийн эрдэс баялгийн нөөцтэй.  Тэр бүхнийг ердөө  68 компани  мэдэлдээ авчээ. Хууль түшвэл уул уурхайн компанид олгосон лицензүүдэд орон нутаг оролцох, тэр бүү хэл мэдээлэл авах ямар ч эрхгүй юм. Зөвхөн танилцах л үүрэгтэй аж. Тэгвэл хэн  мэдэж, зөвшөөрөл олгодог вэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэр гаргадаг.  Тэнд хэдхэн хүн сууж, ийм бизнес цэцэгжүүлж байна  гэвэл хилсдүүлсэн болохгүй. Үүний дүнд Сүхбаатар аймгийн онгон дагшин байгаль, аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой  хосгүй үзэсгэлэнт Дарьгангын цогцолбор газар сүйдэх аюул хэдэн жилийн өмнөөс  нүүрлэж, ил далд яригдаж ирэв. Сүүлийн үеийн тод жишээ бол  өнгөрсөн жил Монгол орны зүүн бүс нутагт дулаан орноос ирж зусдаг шувуудын цуглардаг гол цэг болсон Ганга нуурын ус татарч,ширгэхэд хүрсэн явдал. Бас газрын тос, уран олборлогч компаниуд сонгуулиар далимдуулан Дарьганга сумын  нутаг дахь хүн чулуудыг байрнаас нь хөдөлгөж, ашиглалтын талбайгаа чөлөөлөхөөр нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч багагүй бужигнаан үүсч байсныг олон нийт мартаагүй байна. Хүн  ардын мэдлэггүй, мэргэжлийн байгууллагуудын хяналтгүй, эрх барьж буй намын   олонхиор түрсэн байдалд  газрын тосны “Петро матад” ХХК,  БНХАУ –ын хөрөнгө оруулалттай “Монголиа шиний энержи”, Австралийн “Вульф петролиум” ХХК, “Макс ойл” ХХК, “Вэллэх индастриал” ХХК ирэх хавраас   тусгай хамгаалалттай газар нутгийг сүйдэлж мэдэхээр байгааг эх сурвалжууд хэлж байна. Хамгийн аймшигтай нь Сүхбаатар аймаг хоёр дахь Хонгор болоод зогсохгүй,  Дорноговийн Улаанбадрахын үргэлжлэл болох аюул тун ойртжээ.

 Монгол, АНУ, ОХУ, Бермуда улсын хөрөнгө оруулалттай “Гурван сайхан” компани, “Арева”, “Кожеговь” зэрэг  ураны муу жишээгээр дэлхийд хар данстай үндэстэн дамнасан компаниуд одоогоор хайгуулын зөвшөөрөлтэй ч удахгүйолборлолт хийх, магадгүй зарим газарт  туршилт хийж эхэлсэн байхыг үгүйсгэхгүйг нутгийн иргэд ярьж байгаа юм.

нэмэлт