Үндсэн хуулийг шинэчлэх, өөрчлөлт оруулах, судлах ажлын хэсгүүд УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байна. Хуулийн өөрчлөлттэй холбогдуулан МАХН-аас өчигдөр хуульч, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. Оролцогчид төрийн тогтолцоо, шүүх, прокурорын бүтэц, зохион байгуулалт, өмгөөллийн үйл ажиллагаа, хүний эрхийн асуудал гэхчлэн олон чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж хэлэхдээ “Монгол Улсын Үндсэн хууль батлагдан мөрдөгдөж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх, нийгмийн хөгжил дэвшилтэй холбогдуулж шинээр томъёолох зайлшгүй шаардлагатай. Иймээс МАХН Үндсэн хуулийг шинээр гаргахын төлөө санаачилга гаргаж, зохих зүйл заалтууд дээр ажиллаж, ажил хэрэгчээр хандаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг тэр л ажлын маань нэг тал нь юм” хэмээн онцоллоо.
ШҮҮХ ЗАСАГЛАЛ ХАРААТ БУС БАЙХ ЁСТОЙ
Үндсэн хуулийн нэг чухал тал нь шүүх засаглал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэж байв. Тэр дотроо хууль, шүүхийг авч үзвэл, шүүх эрх мэдэл гэдэг хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой, түүнд халдах, бас хамгаалах асуудлууд нь монгол хүний язгуур эрх ашигтай холбоотой. Иймээс 1992 оны шинэ Үндсэн хуульд анх удаагаа шүүх эрх мэдэл гэсэн бүлгийг оруулж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмын дэвшлийг гаргасан. Тэгвэл өнөөдөр энэ тал руу эргэн харж, ажиллахаас аргагүй болсон. Одоогийн байдлаар шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог. Шүүх нь Ерөнхийлөгчийн үгээр явдаг. Үүний цаана хүний эрх, эрх чөлөөг боомилдог гэх юм уу, үл хайхарсан явдал гарч байна гэдгийг хуульч, судлаачид хэлдэг. Нөгөө талаас хүний эрхийг жинхэнэ ёсоор хууль, шүүхийн өмнө хамгаалдаг юм нь алга болсон. Прокурор ялладаг, шүүх нь тэдний үгэнд ордог, өмгөөлөгч нь үгээ хэлж чаддаггүй. МАХН-ын хуульч гишүүд, эрдэмтэн, судлаачдын дэвшүүлж буй хувилбарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүх засаглал дахь эрхийг хязгаарлах ёстой. Нэгдүгээрт, аймаг, нийслэлийн шүүгчдийг бүх ард түмнээс сонгодог болвол ямар вэ. Хоёрдугаарт, хууль тогтоох ёслолыг Бага хуралдай, Үндэсний их хуралдай гэсэн хоёр шатлалтай болгоё. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосноор Үндэсний их хуралдай томилдог хувилбар байж болно. Гол нь нэг хүний, эсвэл нэг улс төрийн хүчний хараа хяналт, томилгооноос салгах ёстой гэж үзжээ.
ӨМГӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЯ
Өмгөөлөх байгууллагыг Үндсэн хуулийн нэг институт болгож гаргаж тавих ёстой хэмээн МАХН-ын нэр бүхий хуульчид үзэж байна. Хууль, шүүхийн өмнө маргалдагч талууд болсон прокурор, өмгөөлөгч хоёр адил биш түвшинд байгаа. Прокурор нь тусдаа тунхаглагдсан эрх, үүрэгтэй. Тэр дагуу хүнийг ялладаг, яллахын тулд бүхий л аргыг хэрэглэдэг. Өөрийнхөө үйл ажиллагааг зөвтгөдөг. Иймд шүүх засаглалын байгууллага гэдэг статусаас салгаж Засгийн газарт өгөх ёстойг зарим илтгэгч онцолж байв.
ҮАБЗ-Д ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫГ ОРУУЛАХ ЁСТОЙ
“ҮАБЗ хэсэг, бүлэг хүний бүлэглэл болж хувирчээ. Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын амин чухал асуудлыг тэнд ярьж байгаа, үгүй нь мэдэгдэхгүй болсон. Яриад зөвлөмж маягийн юм хүргүүлдэг ч тэрийг нь огт биелүүлдэггүй” гэж Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэв. Тэрээр “Байдал ийм байгаа тул ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч толгойлох нь зөв. Улсын Бага хуралдай болон Үндэсний Их хуралдайн дарга нар албан тушаалаар орно. Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч байсан бүх хүнийг оруулах учиртай. Тэр хүмүүс Монгол Улсын ҮАБЗ-ийг тухайн цаг үедээ тэргүүлж байсан. Өнөөдөр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал хяналт алга. Нэг хүн яваад нэг газар очиж Монголд ийм байна гээд дураараа мэдээлэл хийж байдаг. Их хуралтайгаа ч, ҮАБЗ-тэйгөө ч зөвшилцдөггүй. Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.
ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫГ ШҮҮРЭН ШАНАГА ШИГ БАЙДЛААС ГАРГАЯ
Засаглалын тухайд хэлэлцүүлэгт оролцогчид олон хувилбарыг дэвшүүлж байна. Ерөнхийлөгчийн засаглал зөв, парламентын засаглалд янз бүрийн ашиг сонирхол орж ирдэг. Түүнээс үүдэн Засгийн газраа унагаадаг, төрийг тогтворгүй болгодог. Энэ үүднээсээ Ерөнхийлөгч өөрөө Засгийн газраа байгуулаад ажиллавал хариуцлага ч давхар ирнэ. Ашиг сонирхлын зөрчилтэй парламент үүсч, хууль захиалдаг, баталдаг байж таарахгүй. Үүнээс ард түмэн хожихгүй. Төрийг ард түмний төлөө ажилладаг болгоход хууль тогтоох байгууллагыг өөрчлөх ёстой. Ерөнхийлөгчид илүү эрх мэдэл өгөх хэрэгтэй. Харин Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох нь зөв. Парламентаас сонговол эргээд нөлөөнд орж эрх нь хязгаарлагдана гэдгийг хэлж байв. Тухайлбал, улс төр судлаач, доктор Ч.Өлзийсайхан “Ард нийтийн санал асуулгаар хууль баталдаг байхыг хуульчлах ёстой. Хууль тогтоох байгууллагад байгаа шүүрэн шанага шиг байдлыг өөрчлөх хэрэгтэй” гэв.
