-Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байна-
Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өчигдөр Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Хуулийн төсөлд цөөнгүй гишүүн шүүмжлэлтэй хандсан юм. Тэдний заримынх нь байр суурийг хүргэе.
Л.Болд: ХИЛИЙН ХУУЛЬД ЗОРИУД УХРАЛТ ХИЙЖ БАЙНА
-Хилийн хууль тойрсон нэлээд том маргаан үүссэн. Хил дээр гадны иргэдийн үнэмлэхийг шалгадаг байдлыг буу барьсан цэрэг гүйцэтгэх нь зохимжгүй, олон улсын жишигт байдаггүй учраас тухайн үед Гадаадын иргэн харъяатын газарт шилжүүлсэн. Гэтэл эх орноо хамгаалах үүрэгтэй хилийн цэрэг гаалийн үзлэг хийх юм байна. Хуулийн ажлын хэсэгт яагаад Ардчилсан намаас хүн оруулахгүй байгаа юм бэ. Зөвшилцөж ярилцаж байж асуудлаа шийдэх хэрэгтэй. Энэ зөрчлөө хуульдаа яаж янзлах юм бэ. Яагаад ийм ухралтыг зориуд хийж байна вэ. Монгол Улс дахиад цэргийн дэглэмтэй коммунист улс болчихлоо гэж ойлгогдоно.
Н.Учрал: ДАРГЫН ОРОН ТООГ ХУУЛИАР ТОГТООСОН НЬ БУРУУ ЖИШИГ
-Хуулийн төсөлд Хил хамгаалах байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, орлогч дарга нь цэргийн дээд цолтой байна гэсэн заалт байна. Энэ бол даргын орон тоог хуулиар тогтоож байгаа буруу жишиг. Дарга нар нь цэргийн дээд цолтой байна гэхээр генерал цол авах гээд байгаа юм шиг. Цэргийн албаны тухай хуульд дээд офицерын албан тушаалын ангилалд цэргийн цолны зэрэглэлийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч тогтооно гээд заачихсаныг хуульчилж өгсөн байдал зөрчилтэй байгаа юм бишүү. Мөн тусгай хэрэгсэл хэрэглэх зохицуулалт оруулж өгсөн нь хэр оновчтой вэ. Боомтуудын хувьд тусгайлан зохицуулж болохгүй юу. Хуульд зөвшөөрсөн хэлбэрээр голын усны голдирол түвшин өөрчилнө гэж заасан. Зөвшөөрсөн хэлбэр нь тусгагдаагүй байхад юуг зөвшөөрсөн хэлбэр гэж ойлгох вэ. Хил дээрх аливаа маргааныг энхийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан нь тохиромжтой юу. Улсынхаа дархан хилийг манаж байгаа тохиолдолд баахан тусгай хэрэгсэл хэрэглэнэ гээд заачихсан. Хил зөрчигчийн гаргаад байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд яаж энхийн журмаар шийдвэрлэх вэ. Хилийн аюулгүй байдалд харамсалтай жишээнүүд бий. Хөвсгөлд гурван хилчин хулгай анчдад алуулсан тохиолдол байдаг. Хил хамгаалах байгууллага зэвсэг хэрэгсэх шаардлагатай биздээ.
Т.Аюурсайхан: БУЦААГААД 100 КМ-ЭЭ БАЙХГҮЙ БОЛГОЧИХ ЮМ БИШ БИЗ ДЭЭ
-Хилийн бүсийн 100 хүртэлх км-ийг хассан байсныг үнэхээр буцааж оруулсан уу. Ер нь хэлэлцэгдээд байгаа хуулиуд дунд захиалгын шинжтэй хууль орж ирж байна. Ашигт малтмал, байгалийн баялгийг хуваарилах, хэсэг бүлэг бизнесийнхэн давуу талаа болгох,бусармаг зүйлээ далдлах. Мөн хуульд захиалгын байдлаар төрөл бүрийн зүйл хавчуулахыг оролддог болсон. Үүний нэг нь Хилийн бүсийн 100 хүртэлх км-ийг хассан гэж ойлгож байгаа. Ямар учраас хассан бэ. Хэлэлцүүлгийн бүх шатанд эргээд 100 км-ээ байхгүй болгочих юм биш биз дээ. Уул уурхайн яамнаас мэдээлэл авах хэрэгтэй. Хэсэг бүлэг этгээдийн сонирхол үүссэн байгаа шүү. Хилийн бүсэд нэвтрэх эрхийг хөнгөвчилж байгаа юм байна. Ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэхийг яах вэ.
Б.Пүрэвдорж: АН-ЫН БҮЛЭГ ИХ ХУРАЛ ДЭЭР ЗАВСАРЛАГА АВНА
-Хууль өргөн баригдахдаа хил нэвтрүүлэх үеийн хяналт шалгалт дээр Гадаадын иргэн харъяатын байгууллагыг бүр байхгүйгээр оруулж ирсэн.
Хэд хэдэн хэлэлцүүлгийн шатанд санал тавьсан. АН-ын бүлэг хуралдаж хилийн бүсийг 100 км-ээс 15 км болгож бууруулах асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Улс орны, хилийн аюулгүй байдалтай холбоотойгоор хэлэлцүүлэг хийнэ. АН-ын бүлэг Их Хурал дээр завсарлага авна.