12-19-5С.УЯНГА

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

 

-Өмнөх парламентаар батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас ямар онцлог, давуу талыг хуульд тусгасан бэ?

-Гэр бүлийн ариун нандин харилцааг хуулиар зохицуулж байгаа учраас их эмзэг. Тиймээс болгоомжтойанхааралтай ажиллаж Ажлын хэсгийнхэн олон талаас судалсан. Ялангуяа орон нутаг, дүүрэгт  гэр бүлийн хүчирхийлэл ямар байдалтай байгаа, мөн гадаадын туршлагыг  ч багагүй судаллаа. Австри улсын жишгээс Монголын ахуйд тохирох авууштай талыг анхаарч үзсэн. Өмнөх парламентын боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд орсон хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналууд бий. Тухайлбал, Хамтарсан баг гэж практикт байсан ч хуульчлаагүй байсныг албан ёсоор хуульд тусгасан.Баг, хорооны Засаг дарга, цагдаагийн ажилтан, нийгмийн ажилтан гэх зэргээр хамтарсан багийн бүрэлдэхүүнийг оруулж ирсэн. Хохирогч эвлэрэх шатанд гомдлоо татаж авсан тохиолдолд  цагдаагийн хянан шийдвэрлэх ажиллагаа зогсдог. Тиймээс хүчирхийлэл дахин давтагддаг  байдлыг  онцгойлон авч үзсэн. Хохирогч эвлэрч, гомдлоо татаж авсан ч мөрдөн байцаалт үргэлжилнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагын ихэнх дуудлагын 70 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой  байна. Тиймээс статистик мэдээллийг хууль эрхзүй хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцаж  тоо бүртгэл мэдээллийн сантай болох зэргээр бүх ажлыг хэн нь хариуцах вэ гэдгийг тодорхой болгож, эзэнжүүлж  өгсөн. Нийгэмд үзүүлж байгаа хор хохирол болон гэмтлийн зэргээс шалтгаалж захиргааны хариуцлага юмуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шат дараалсан арга хэмжээ авахаар хуульчилсан. Өмнөх хуулиар юу юугүй барьж хорьдог байсан бол энэ хуулиар албадан сургалтад хамруулах гэх мэтээр шат дараатай арга хэмжээ авах юм. Хохирогчдын ихэнх нь эмзэг бүлгийнхэн байдаг. Үүнд онцгой анхаарч, үзүүлж байгаа 7-8 төрлийн үйлчилгээг төрөөс зохицуулалт хийхээр хуульчилсан.

- Иргэдэд долоон үйлчилгээг төлбөргүй үзүүлнэ гэсэн. Улсын төсөвт хэр ачаалал ирэх вэ?

-Сэтгэл санааны хохирол учруулсан бол сэтгэлзүйчийн зөвлөгөөөмгөөлөл, эрүүл мэнд, нийгмийн халамж, холбон зуучлал, хүүхэд хамгааллын үйлчилгээг төлбөргүй үзүүлэхээр тусгасан. Эхний ээлжинд нутгийн өөрөө удирдах байгууллагын ИТХ-ын дарга нь гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөлийн дарга гэдэг утгаараа төсвийн хөрөнгөөс гаргана. 2017 оноос хойш төсөвт суулгахаар төлөвлөсөн. Нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байрны асуудлыг хүн амын тоо, гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж орон нутаг шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар улс даяар зургаан нэг цэгийн үйлчилгээний газарт дурдсан үйлчилгээг үзүүлж байна. Үүнийг аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-аар шийдвэрлэнэ гэж заасан. Өмгөөллийн үйлчилгээг Хуульзүй, дотоод хэргийн яам, төрийн бус байгууллагатай хамтран зохицуулалт хийж болно гэж үзэж байгаа. НҮБ болон донор байгууллагуудаас туслалцаа дэмжлэг авахад анхаарна. НҮБ, Австри улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас дэмжлэг үзүүлж байгаа ч тогтвортой санхүүжилт биш учраас төсөвт найдахаас өөр аргагүй.

-Гэр бүлийн хүчирхийлэлд ямар үйлдлүүдийг тооцохоор хуульд заасан бэ. Гэрч, хохирогчийг хэрхэн хамгаалах вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийг дөрвөн төрлөөр хуульд заасан. Бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бол гэр бүлийн хүчирхийлэлд тооцно. Энэ дотор үл хайхрах, эс үйлдэхүй гэж оруулъя гэсэн саналыг Ажлын хэсэг гаргасан ч Байнгын хороогоор дэмжигдээгүй. Амьдрал дээр үл хайхрах тохиолдлууд маш их байгаа. Хүүхдүүд нь вагоноор тэнүүчлэх, зах дээр хэд хоносон ч эцэг эхчүүд нь тоодоггүй гэсэн санал гаргасан ч сэтгэл санааны хохиролд хамааруулахаар болсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдахаас гадна есөн хуульд өөрчлөлт оруулж байгаа. Тэр дундаа Эрүүгийн хуульд хариуцлагыг тодорхой зааж өгсөн. Иргэн гэр бүлийн хүчирхийллийг заавал мэдээлэх үүрэгтэй гэж заасан. Мэдээлэл өгсөн болон хохирогчийг төрийн хамгаалалтад авна. Хуулийн үзэл баримтлалын гол онцлог нь хохирсон хойно нь биш урьдчилан сэргийлэх ажлыг хийх юм. Нэг бүлэг тэр чигээрээ урьдчилан сэргийлэх ажилтай холбоотой. Хуульзүйн асуудал хариуцсан байгууллага, УИХ, Засгийн газар ямар ажил хийх вэ гэдгийг тодорхой болгосон.

-Хүүхэд хамгааллын асуудлыг хэрхэн зохицуулах бол?

-Хүүхэд хамгааллын асуудал тусдаа бүлэг болж орж байгаа. Хүүхэд хамгааллын  асуудал эмзэг асуудал учраас хүүхэдтэй холбоотой заалтыг нарийвчилж оруулсан. Миний хувьд удахгүй Эх хүүхдийн хуулийг өргөн барина.

-Чуулган дээр өрнө дорнын соёл өөр зэргээр зарим гишүүн санал хэлсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Австрийн  туршлагаар бол эвлэрсний дараа маргаан дахиад давтагдах тохиолдол тус улсад 80-90 хувийг эзэлдэг учраас гэр бүлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар хуульдаа тусгадаг юм билээ.  Манайд бол гэр бүлийн бат бөх байдлыг хадгалах эвлэрүүлэх талыг илүү түшиглэсэн. Хариуцлага тооцох механизмыг гэмтлийн зэргээс шалтгаалж Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хүн амын тоо, гэмт хэргийн нөхцөл байдлаас хамаарч цагдаагийн тусгай нэгж байгуулах асуудлыг ярьж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед тусгайлсан хүмүүсийг авахаас илүү одоогийн бие бүрэлдүүнээ мэргэшүүлээд явах асуудлыг ярьж байна.

zahialga