С.УЯНГА

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатартай ярилцлаа.

-Хэнтий аймаг морин жилээ хэр амжилттай үдэв?

-Манай аймаг өнгөрсөн жил олон салбарт бүтээлтэй ажиллалаа. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт амжилт гаргалаа. Мал сүрэг түүхэндээ 3.3 саяыг давсан нь 2013 оныхоос  400-аад мянган толгойгоор нэмэгдсэн. Мөн  малаа таван төрөл дээр өсгөсөн. Энэ жил 108 хүн мянгат малчны эгнээнд шилжсэн төдийгүй  гавъяат малчин нэг, улсын сайн малчин хоёр, алтан унаганы эзэн гурав, аймгийн сайн малчин 23 төрсөн.

Хэнтий аймаг 2013 онд малчин эмэгтэйчүүдийнхээ зөвлөгөөнийг зохион байгуулж байсан бол саяхан Батноров суманд залуу малчдын зөвлөгөөн хийлээ. Манай аймаг мал аж ахуй салбараас  жилдээ 38 тэрбум төгрөгийн ашиг олдог.

Газар тариалангийн хувьд  өнгөрсөн жил 24 мянган га д үр тариа тариалж 39 мянган тонныг хурааж авсан нь аймгийн 50 гаруй жилийн түүхэндээ шинэ   амжилт  байлаа. Мөн газар тариалангийн салбарт  арав гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж тэр хэрээрээ техник төхөөрөмж шинэчлэгдсэн. Харин бүтээн байгуулалтад  120 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний  50 хувь нь автозамын ажилд зарцуулагдсан. 1000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 24 тэрбум төгрөгт хүрсэн  нь сүү­лийн жилүүдэд байгаагүй том амжилт юм.

-Сум бүрийн түүхэн онцлогийг түшиглэн хөгжих боломжийг тодорхойлсон анхдагч аймаг болсон гэл үү. Энэ талаар тодруулж ярина уу?

-Орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлохоор сум бүрийнхээ ерөнхий төлөвлөгөөг Хот төлөвлөлтийн хүрээлэнгээр хийлгэсэн. Ингэснээр сумыг хөгжүүлэх төлөвлөгөөнүүд бэлэн болсон  учраас  гол ажил нь хийгдсэн гэж үзэж байгаа.  Хан Хэнтийчүүд 2020 он хүртэлх 15 жилийн хугацааны хөгжлөө Эзэн Чингис хааны өлгий нутаг гэсэн өргөмжлөлийн дор хөгжүүлэхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл, бүх сум, суурин газрыг хэрсэн аялал жуулчлалын жим татах юм. Ер энэ чиглэлийн бүхий л ажил  Чингис хааны нэрээр тамгалагдана. Тухайлбал, Хэнтий аймгийн Норовлин сумын хүн амын суурьшлаас хамааруулж аль хэсэгт төрийн үйлчилгээ төвлөрөх вэ, орон сууцны хэсэг хаана байрлахаас эхлээд уул уурхай, аялал жуулчлал, газар тариаланг газар нутгийн аль хэсэгт явуулах гээд бүх судалгааг сумынхаа давуу тал дээр суурилж гаргасан. Сумд  эдийн засгийн чиглэлээр хөгжлөө  тодорхойлсон. Зарим нэг төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.  

-Чингис хааны өлгий нутаг гэдэг утгаараа жуулчид танай аймгийг зорьж ирээд юу  үзэж харах вэ?

-Чингис хааны төрж өссөн, түүхэн дурсгалтай газар нутаг учраас түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр онцгой анхаарч, олон зүйлийг төлөвлөж байна. Манай аймгийн хувьд  аялал жуулчлал бол тэргүүлэх салбар. Эхлээд Чингис хааны түүхэн холбогдолтой  газар нутгийг үзэх маршрутыг бий болгож байна. Хэрлэнгийн хөдөө арал, Онон мөрний сав газар, Хар зүрхний хөх нуур гээд жуулчдыг татах олон газар бий. Мөн сум болгон түүхэн газар нутгаа тодотгоод хөшөө дурсгалыг барьж эхэлж байна. Гэхдээ аялал жуулчлалыг  зангидах гол цөм нь Чингис хаан хот байх болно. Тиймээс бид Чингис хааны түүхэн цогцолборыг барихаар зураг төсөл хийлгээд  дуусч байна. Хааны ордон, хөшөө дурсгал, жуулчдад зориулсан үйлчилгээний танхим, монгол соёлыг харуулсан үзвэрийн газар зэрэг  хаадуудын түүхийг агуулсан  цогцолборын бүтээн байгуулалтад 2-3 тэрбум төгрөг шаардагдах учраас энэ ажилд гадна дотны хөрөнгө оруулалтыг татах асуудал  чухал байгаа.  Түрүүчээсээ гадаад,   дотоодын хөрөнгө оруулалтын эхний хэсгийн хүлээж аваад байна. Цогцолборынхоо зураг төслийг батлуулаад, хөрөнгө мөнгийг шийдчихвэл бүтээн байгуулалтын ажлыг ирэх жилээс эхлүүлээд 2024 гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 

-Хэнтий аймгийн брэнд бүтээгдэхүүнийг сонирхвол, хэр олон байна? 

-Аймгийн брэнд гэвэл олон доо. Хүнсний чиглэлээр төрөлжсөн олон үйлдвэр бий. Тэдний үйлдвэрлэж байгаа буриад талх, цөцгий, гутал, хувцас  гээд брэндүүд байна.

-“Цахим Хэнтий” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гэсэн. Жилийн хугацаанд үр дүн нь хэр мэдрэгдэж байна вэ?

-“Цахим Хэнтий” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол бааз суурийг  өнгөрсөн жил бий болгосон. Энэ хөтөлбөрт 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж техник төхөөрөмжийг суурилуулсан.  Цахим хөтөлбөр хэрэгжсэнээр төрийн үйл ажиллагааг сум орон нутагтай цахимаар холбосноор  цаг хугацаа, цаас, зардал хэмнэж байна. Мөн Шилэн дансны хуультай уялдаж төрийн үйлчилгээ иргэдэд чирэгдэлгүй, олон нийтэд ил тод  болж байгааг эерэг үр дүн гэж дүгнэж байна. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг улам жигд хөтлөх юм.  

-“Архигүй Хэнтий” хөтөлбөр үр дүнтэй байгааг иргэд хэлж байна. Энэ жил үргэлжлэх үү?

-“Архигүй Хэнтий” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  хоёр  жилийн хугацаанд  700 гаруй хүнийг архины хамаарлаас ангижруулсан.  Иргэдийн оюун бодолд томоохон өөрчлөлт оруулж, үр дүнгээ өгч байгаа энэ ажлыг  идэвхтэй үргэлжлүүлнэ. “Архигүй Хэнтий” хөтөлбөрийн үр дүнд  аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил буурч, олон гэр бүлийн амьдрал амар тайван болж  тэр хэрээрээ амьжиргаа нь  дээшилж байна. Мөн манай аймагт  архины үйлдвэр байхгүй гэдэг бол онцлог. Иргэд ч архи зарах зөвшөөрөл авах нь багассан. Бид архитай тэмцэж байна гээд архи зарахыг хааж боосон зүйл байхгүй. Хамгийн гол нь иргэдийн ухамсарт нөлөөлөх явдал. Хөтөлбөрийн хүрээнд сум болгонд Эрүүл амьдралын клуб байгуулагдаж энэ жил 1000 гаруй хүнийг архинаас гаргах зорилт тавьсан. Архигүй Хэнтий ажлын хүрээнд  Эрүүл монгол хүн, Код эмчилгээ хийдэг төрийн бус байгууллагуудтай аймаг, сумын бүх албан газар хамтарч ажиллаж байна.

-Энэ онд  бүтээн байгуулалт хэр өрнөх вэ?

-Энэ оныг  манай аймаг бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар царцаагдсан 23 барилгын ажил үргэлжилнэ. Аймгийн хэмжээнд 284 төсөл,  арга хэмжээ хэрэгжинэ. Мөн 1000 айлын  орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Хэрлэн, Тэмүүжин хаус хорооллуудын ажил үргэлжилж байна.  Аймгийн томоохон бүтээн байгуулалт болох 1000 айлын орон сууцны  дэд бүтцийг өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгөөр шийдсэн. Харин барилга орон сууцыг барьж байгуулах  ажил дандаа хувийн хэвшлийн хөрөнгөөр хийгдэж байна.

Мөн 2015- 2016 оныхоо ажлыг хэтийн чиглэлтэйгээр  төлөвлөөд зорилтоо  тодорхойлсон. Төр хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын хөрөнгө оруулалтаар томоохон үйлдвэрүүдийг барих ажил эхлүүлнэ.  Эхний ээлжинд 30 мега хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Солонгосын 6,5 сая ам долларын хөрөнгө оруулалттай хогны үйлдэр, Туркийн  технологиор хоногт 150 тонн гурил үйлдвэрлэх, хүчин чадалтай  үйлдвэр барьж дотоодынхоо хэрэгцээг хангана. Энэ  үйлдвэр байгуулагдчихвал аймаг төдийгүй бүсийнхээ гурилын хэрэгцээг хангах бололцоотой.   Мөн Туркийн  буцалтгүй тусламжаар хүүхэд залуучуудын паркыг байгуулахаар болсон.

-Эдийн засгийн хямрал танай аймагт хэр мэдрэгдэж байна. Мөн бараа, бүтээгдэхүүний үнэ ямархуу  байна вэ?

-Улс орон даяар эдийн засгийн хямралтай байна гэж яригдаж байгаа. Манай аймагт хямралаас болоод барилга бүтээн байгуулалт зогсож, ажил цалгардаж  байгаа юм алга. Гэхдээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна. Энэ нь ард иргэдийн худалдан авах чадварт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь зарим талаар ажиглагддаг.  Их  хурцадсан асуудал  байхгүй. Аймагт өнгөрсөн жил 1400 хүнийг шинээр ажлын байртай болгож, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, зээл олгож байна. Зээлийн хөрөнгө оруулалтад  6-7 тэрбум төгрөг эргэлддэг. Үүнээс гадна хүнсний талон олгох,  нийгмийн халамж тэгш хүртээх,  амьдрал тааруу өрхүүдийг малжуулах чиглэлээр хийж байгаа тодорхой ажлууд бий.   Өнгөрсөн жил 1400 хүнийг шинээр ажлын байртай болголоо. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олон төсөл, зээлүүд өгсөн. 

-Хаваржилт хэр байна. Түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай аймагт энэ хавар 1.5 сая эх мал төллөнө гэсэн төлөвлөгөөтэй байна. Одоогоор 20 мянган мал буюу  нийт төллөх малын  1,4 хувь нь төллөөд  байна. Мөн энэ сарын эхнээс малчид ямаагаа самнаж эхлээд зарим нь ноолуураа тушааж байна.  Одоогийн байдлаар нэг кг ноолуур  75-80 мянган төгрөгийн ханштай  байгаа юм.  Өвөл  цас бага ор­сон учраас хаврын хуурайшилтын асуудал дээр онцгой анхаарал тавьж ажиллана. Гал түймрээс урьдчилан  сэргийлэх чиглэлээр аймгийн онцгой комисс, онцгой байдлын газар төлөвлөгөө боловсруулж бүх суманд галын аюу­лаас урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт зохион бай­гуулсан. Мөн гал унтраах хэсгүүдийг байгуулан  ажиллуулж байгаа.

-Малчдаа яаж дэмжиж ажиллаж байна вэ?

-Хэнтий аймаг жилд дунджаар мал аж ахуйн салбараас 38 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг нь эдийн засгийн үзүүлэлтэд чухал ач холбогдол үзүүлж байна.  2014 онд 3,3 сая тоо толгой мал тоолуулснаар өмнөх оноос мал сүргийн тоо 13,6 хувиар таван төрөл дээр өссөн. Аймгийн хэмжээнд 12 мянга гаруй малчинтай. Үүний 35 хувь буюу 4200 гаруй нь залуу малчид байдаг. Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн гол суурь болсон малчдын залуу халааг дэмжиж, төр засаг, орон нутгийн бодлогыг малчид руу чиглүүлэх шаардлагын үүднээс хэдэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Малчдын усан хангамжийг сайжруулахын тулд орон нутгийн нөөц бололцоо ашиглан гар худаг шинээр болон сэргээн засварлаж ашиглалтыг сайжруулсан малчдыг урамшуулах зорилготой “Гар худаг шинээр болон сэргээн засварласан малчин, мал бүхий иргэнийг урамшуулах журам” батлан ажиллаж байна. 2013 онд зургаан  сумын зургаан  иргэнд 2,9 сая  төгрөг, өнгөрсөн жил 11 сумын 11 иргэнд 4,9 сая төгрөг нийт 7,8 сая төгрөгийн уралшуулал олгосон байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онд 18 сум хоёр тосгоны нутагт 23 худаг гаргаж улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн ОНХС-ийн хөрөнгөөр 13 суманд 37 гүн өрмийн худаг, малчдын санаачлагаар долоон суманд 35 гар худаг нийт 95 худаг шинээр гаргаж, 2850 мянган га бэлчээр усжуулсан. Бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой энгийн механик, биологийн аргаар тэмцэх ажлыг нийт 60 мянган га талбайд зохион байгууллаа. Мөн тэмээ сүргийн тоо толгойг өсгөх чиглэлээр шинээр журам боловсруулж тухайн жилийн ээлжийн ингэнээс гарсан ботго бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал өгснөөр 2014 онд аймгийн хэмжээнд 497 толгой ээлжийн ингэнээс 483 толгой ботго хүлээн авч 97,2 хувь бойжуулж 980 гаруй толгойгоор өссөн.

 

Аймгийн аварга малчдыг шалгаруулах журамд өөрчлөлт оруулж сум, тосгон бүрээс “аварга малчин төрүүлэх бодлого явуулж байгаа нь малчдад ажиллах урам зориг өгөх арга хэмжээ болж байна. Малчдын уналга идэлгээг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр аймгийн аварга адуучин тэмцээнийг зохион байгуулж байна. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд улсын аварга адуучин Хэнтий аймгаас төрөөд байна.