-Аян замын тэмдэглэл-

Д.ЦЭРЭННАДМИД
Цасгүй шахам бас намар шиг налгар өвлийн сүүлчээр бид Ховд аймгийг зорив. Онгоцны цонхоор харахуйд Архангайн хойд, Завханы урд талын нутаг нэлдээ хар байсаар Дөргөн нуур хүрэхийн аяст оочин цоочин цастай нь нээрээ газар сайгүй өнтэйхөн өвөл болж буйн шинж ажээ. Төд удалгүй бадарч байгаа гал шиг хэдэн шовх улаан уулсын дунд орших зуун зууны түүхтэй Ховд хотод буулаа. Ховд нутгийн онцлог гэвэл говь, хангай хээр тал үргэлжлэх бүр тэгээд мөнх цаст уулс олонтой нь гайхамшиг гэж болно. Цагаан нөмрөгөөр гоёсон уулс хэтэрхий ихэмсэг харагддаг бол энэ жилийн өвөл өнтэй болохоор тэр л орчмын сүрлэг хангай төрөлх өнгөөрөө инээмсэглэх мэт харагдана лээ. Бас олон ястны өлгий нутаг гэдэг гол овог нь.
Ховдчууд туйлын хөдөлмөрч түмэн. Малаа маллах өвөрмөц гэхээр өв уламжлалтай гэдэг. Жилийн жилд Буянт, Ховд голоо дагасан үржил шимт нутгаараа үр жимс, тариа будаа арвин тариалдаг. Гоёж хэлэхэд намартаа жимс ногоогоор бялуурч байдаг гэж болохоор. Эндхийн брэнд тарвасыг нь амтлахгүйгээр тэнд очигсод буцах нь байж болшгүй гэдэг үг бий. Ховдын тарвасны амт тагнайд хоногшдог гэсэн дээ.
Энэ л сайхан нутгийн эзэн суугаа нэгэн бол аймгийн өнөөгийн Засаг дарга Д.Цэвээнравдан. Бид түүнд танай аймагт сурвалжлахаар ирлээ гэдгээ хэлбэл энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэх Буянт суманд очихыг зөвлөсөн. Холдох тусмаа өндөрсөх мөнх цаст Хөх Сэрхийн уулыг бараалан явсаар нэгэн хот айлд хүрсэн нь тус сумын Цагаан-Эрэг багийн малчин Ж.Сүхцоожийнх байлаа. Эргэн тойрон сүрлэг хадан уулын дунд байх Улаанхудагийн Бэлчирийн өвөлжөө тэднийх. Малын “манцуй” гэмээр нөмөр нөөлөгтэй юм. Хотондоо байгаа мал нь тааваараа гэж. Бас гэрийн эздийн ажилч нямбайг хашаа хороо, ойр орчны нь байдлаас мэдэж болохоор ажээ.
Жарантай гэж малч гэдгээрээ нэртэй өвөө байна. Тэр өвгөн дөчин жил мал маллалаа даа. Сумын хоёр, аймгийн нэг удаагийн аварга болж “Алтан гадас” одонгоор шагнуулж явлаа ах нь хэмээн омогшив. Тэгвэл түүний хүү Ж.Сүхцоож нутаг усныхандаа аавынхаа шийрийг хатаасан мундаг малчин гэгддэг болж. Энэ нь ирж буй хонин жилийн босгонд аймгийн аваргаар тодорсноор тэр ярианы үнэн нь харагдаж буй юм байна.
-Манайх 1100 гаруй малтай. Энэ хавар 450 гаруй мал төллүүлнэ. Хонь дийлэнх. Таван төрлийн малтай даа. Манай энэ нутаг зүйл зүйлийн ургамалтай нь онцлог. Тиймээс мал сайн таргалдаг өгөөжтэй газар. Буянт малынхаа үр шимээр амьжиргаа дажгүй ээ. Малаасаа олсон ашиг орлогоо хуримтлуулж алс нь төвдүү газар сууцтай болчих бодол ч бий гэж Ж.Сүхцоож ярьж байв.
Санаа зовж явдаг юм юу байна даа гэхэд:
-Малаас авах бүтээгдэхүүний үнэ хямд байгаа нь малчин бидний амьжиргаанд сайнгүй нөлөөлж байдаг. Тиймээс амьдралаа дээшлүүлэх боломж маань муудах вий гэж зовж явах юм. Бас малчин бид зах зээлд шууд холбогдож чадахгүй байна шүү дээ. Ченжүүд гэж бий. Тэд чинь малын гаралтай бүтээгдэхүүнийг биднээс хямд аваад хэрэглэгчдэд үнэ өсгөж өгч байгаа. Үүнийг л болиулахсан гэж боддог доо гэсэн санаагаа нуугаагүй ээ.
Түүний эхнэрийг Т.Эрдэнэчимэг гэдэг. Бас мянгат малчин айлын гаралтай бүсгүй аж. Тэгэхээр хоёр талаасаа удам сайтай малч эр, эм хоёр нэгэн айлын голомт түшиж. Аймаг, сумын удирдах хүмүүс нь тэдэнд ам сайтай байдаг санагдсан. Сумын Засаг дарга Ч.Нэргүй хэлэхдээ:
-Манай Ж.Сүхцоож хэлэх ярих нь бага, хийж бүтээх нь их хүн дээ. Аймгийн хэмжээний нийт малчнаас тодорсон 29 аваргын нэг. Ж.Сүхцоож шиг малчдынхаа зүтгэлийн үр дүнд манай сумын мал сүрэг 152 мянган толгой болж өслөө. Сумын хэмжээнд одоо малгүй өрхгүй болсон. Өнгөрсөн жил малгүй байсан гурван өрхөд 10 сая төгрөгийн малыг гэрээгээр өгч маллуулсан. Бас манай сумынхан тариа ногооны аж ахуйг өргөн эрхэлдэг. Аймгийнхаа хүн амын 80-аад хувийг жимс, ногоогоор нь хангадаг юм шүү гэв.
Ж.Сүхцоожийнхоос буцаж алдарт Хар ус нуурын өмнөд эрэг хулс зэгст арлуудыг зорив. Жаргалант хайрхны арыг хормойлон орших Хар ус нуурын их хаялга болсон 63 шагшуургат арал бий. Тэдний нэг томоохонд нь Гэрлээч нэртэй тохилог өвөлжөөнд өвөлжиж байгаа Цагаанбургас багийн малчин Д.Отгоннямынд очив. Өвсөн дундаас зүү эрэхтэй адил өндрөөрөө гайхуулах хулс, зэгс дундуур “мөс хөлөглөн” хот айл хайж явна гэдэг сонин л байлаа.
Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ хэмээн Б.Зангад ахайн дуулсан нь тэр л үед чихнээ сонсогдох шиг болж байлаа. Энэ жил “Улсын сайн малчин” болж байгаа Отгонням гэж шаагисан бор залуу байна. Ховд аймгаас энэ жил дөрвөн сайн малчин төрсний нэг нь тэр. Түүнийг жинхэнэ малч хүндээ гэж аймгийн удирдах хүмүүс нь магтаж байсан. Тэгвэл өөрийнх нь яриаг сонсоод аргагүй л сайн малчин юм даа гэж бодогдов. Аав Должинсүрэн нь сүрхий малч хүн байж. Бас авга талынх нь хамаатан Чадраавал гэж хөдөлмөрийн баатар хүн байсан гэдгийг өмнө нь сонсож байлаа. Тэгэхээр удамтай малчны үр сад гэж Отгоннямыг хэлэх нь оносон хэрэг болов уу. Дөнгөж дунд сургууль төгсөөд аав, ээжээ дагаж малчин болсноосоо хойш 25 хаврыг үджээ тэр. Хүмүүний амьдралыг ахархан гэж бодоход их хугацаа даа 25 жил гэдэг. Тэгэхэд дөнгөж дөч хүрч яваа идэрхэн эрийн хийж бүтээснийг тоочиход басхүү олон хуудас зарах хэрэг гарах бололтой. Тиймээс үйл болгоныг нь тоочихгүйгээр эгэл малчныхаа амжилт бүтээлээс сорчлон мэдэх гэж төсөрхөн ярилцав.
-Сайхан өвөлжиж байна уу?
-Сайхаан. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу?
-Өнтэй өвөл юм даа?
-Тийм ээ. Өвөл өнжчих шиг боллоо. Цасгүй шахам, бас урт дулаан болохоор мал, малчин бид жавар үзэлгүй хавартай золгох нь. Тэр тэнгэрийн “зурхайчид” буюу цаг уурчдын өнтэй өвөл боллоо. Дараа нь аятайхан хавар болох төлөвтэй гэж хэлэхийг нэг биш удаа сонслоо. Гэхдээ өдий үеийн өнгөөр хаврын аашийг шинжих аргагүй шүү дээ.
-Танайх хэр олон малтайв дээ?
-Таван төрлийн 1200 орчим малтай. Бод нь дийлэнх. Тэр дотроо 400 гаруй адуутай. Энэ хавар нийт 500 гаруй мал төллүүлнэ. Ууган төл маань урьд шөнө гарсан хээр унага. Тэр адууны дунд цогиж явна.
-Малчин хүн бүр өөрийн арга барилтай байдаг шүү дээ. Өөрөө ямар арга туршлагтай хүн бэ Та?
-Нэг их онцгой арга туршлага гэх нь гол биш. Малч аавынхаа сургаалийг л биелүүлж яваа хүн. Эхээс 10-уулаа. Тэр дундаас малчнаар “торойсон” нь ганцхан би. Аав минь хүн зөв сэтгэлтэй байвал мал эзнээ хардаг юм шүү. Сайн малчин байна гэдэг эзэн хүн, мал хоёрын шүтэлцээнд байдаг юм гэж л захьдагсан. Тэгээд би аавын захиас тэнгэрийн зарлигтай адил гэж бодож явдаг даа. Малч өв уламжлал гэж том юм бий. Тийм болохоор хүн номтой биш ч гэлээ сайн малчин болж чадна гэж би санадаг.
-Малчин хүн алгебрийн тоо бодож, түүх философи үзэх хэрэггүй гэж өөрөө боддог байх нь ээ?
-Надаас холоо ухаантай нэг том яруу найрагч хүртэл “Малаа яаж маллахаа Марксизмээр заалгахгүй ээ” гээд бичээ биз дээ. Түүнтэй санал нийлдэг гэхүү дээ. Харин хэн ч амьдралаасаа өдөр бүр шинийг сурдаг шүү дээ.
-Та одоо “Улсын сайн малчин” болж байна. Өмнө нь ямар амжилт олсон бэ?
-2005 онд сумын, 2008 онд аймгийн сайн малчин болж байлаа. Мянгат малчдын эгнээнд орсон минь бүр эртээ. Энэ бүхнээ аавынхаа үг сургаалийг оройдоо ортол ухаарсны минь ач гэж хэлнээ би.
* * *
Отгоннямын үг бүр учир зүйтэй санагдав. Тэр зөвхөн жирийн малчин биш ус нутгийнхнаа манлайлагч нь юм. Малчны хоршоо, Байгаль хамгаалах нөхөрлөлийн идэвхтэй гишүүн нь. 2000-аад оны эхээр Хар ус нуурийн шагшуурга шингэрч малын бэлчээр муудсан үед нэг усны малчдаа нэгтгэн “Бэлчээр ашиглагчдын зөвлөл” байгуулсан нь удаж төдөлгүй үр дүнгээ өгсөн тухай ярьсан. Үр дүн гэдэг нь нуурын аралдаа байх цаг хугцааг тодорхой болгож мөрджээ. Тэгснээр бэлчээрийн гарц нь эрс сайжирсан гэх. Бас нуураа тахьдаг, өвөлд мөсний баяр хийж заншжээ. Отгоннямын тал талын авьяасын нэг нь морь уях. Хорь гаруй жил морь уяхдаа сум, аймаг, бүсийн наадмаас зуугаад айраг, түрүү авсан хүн. Үнэхээр наадмын одтой эр юм гэдгийг гэрийн хоймор дүүргэсэн асар олон медаль нь гэрчлэх аж. Анх ганц эр даагаа Дуут сумын наадамд уяж түрүүлснээс хойш моринд хорхойтой болсон гэж ярьж байсан. Одоо аймгийн алдарт уяач. Удахгүй улсын цол хүртэхдээ тулаад байгаа нэгэн юм билээ. Малынхаа чанарт анхаарч бух, азаргаа Төв аймгийн САА-гаас, зүүн нутаг Хэнтий, Сүхбаатараас нэг биш удаа авчирсан. Хурдан удмын адуутай болох гэж мэрийж яваагаа хэлж байв.
Ийнхүү уулзсан малчдын ярианаас цэгнэж бодоход монгол ахуй амьдралын өвөрмөц хэв шинж, ёс заншил алс тэртээ баруун аймгийнханд илүүтэй үлдэж үү дээ гэсэн бодол төрж билээ. Төгсгөлд нь сонирхуулахад Ховд нутгийг хөөмийн “эх орон” гэдэг. Тэр дотроо Чандманийхан найман наснаас ная хүрэгсэд бүгд хөөмийлдэг нь үнэн. Тэгэхээр хөөмий юунаас үүссэн тухай яриа сонин биз ээ. Цаст Алтайгаас эхтэй салхи Хар ус нуурын мандлыг илбэн гүйхдээ түүний их шагшуургаар хөглөгдөн ая дан орж Жаргалант хайрхныг энгэрлэхдээ уран яруу авиа гаргасан нь хөөмий байжээ гэж. Цуурын аялгуутай байгалийн тэр авиаг нутгийнхан дуурайн аялсаар бүгд хөөмийч болсон домог байна. Тийм ээ. Хөөмийн аялгуутай алс баруун хязгаарын ажилсаг ард түмний гол төлөөлөл нь Ховдынхон ажаамуу.