Ч.ЗОТОЛ

“Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөн ширүүсэх зуур  Гацууртын ордыг ашиглах хуулийн төслийг УИХ,  Засгийн газарт  буцаалаа.Эрх баригчид ийнхүү  нэг гараараа товч дарах зуур харин  нөгөө гараараа Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг өөрчлөн батлав. Хөдөлгөөнчид маань  Ноён уулыг нэг удаа  аварсан ч, цаана нь байгалийн баялаг, түүхийн дурсгалаар түүнээс дутахгүй хэдэн зуун уулыг нурааж, гол горхийг ширгээж  сүйтгэхийг зөвшөөрсөн өөрчлөлт  Урт нэртэй хуульд орчихлоо. Уг нь тэд уул, хууль хоёроо хамгаалж байгаа хэмээн ярьж, өлсгөлөн хүртэл зарласан. Харамсалтай нь чоно борооноор гэгч л боллоо доо.  Монголчууд нэг хэсэг нь Цагаан сар хэмээн сатаарч, зарим нь өлсгөлөнд найдлага тавьж байх зуур эрх баригчдын урт  савар сарвайсандаа хүрлээ. Гомдол бухимдал, элдэв хардлага, эсвэл эрэн сурвалжлагын аль нь болохыг мэдэхгүй ч өнөөдөр “Нинжа нар Ноён уулыг аварна гэв үү. Тэд юуны төлөө өлссөнийг мэдэх үү, Урт нэртэй хууль яасныг хар л даа” гэх үг ч дуулдаж л байна. Үнэн худлыг олон түмэн дэнсэлж буйн илрэл,  эхлэл нь энэ биз. 

Ямартай ч эрх баригчдын зүгээс өнөөдөр  Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд   өөрчлөлт оруулах төдий хэмээн тайлбарлаж байгаа ч Урт нэртэй хууль  үндсэндээ  бидний нүдэн дээр  билэг тэмдгийн чанартай хоосон хавтас болж хувирлаа. Хуулийн гол үзэл санаа гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн санд ашигт малтмал олборлохыг хориглож,  байгаль орчин, хүн мал хийгээд үндэсний аюулгүй байдлаа  хамгаалахад чиглэсэн ногоон  заалтуудыг хуульчилснаараа давуу талтай. Хуулиа хэрэгжүүлэх юм бол эдийн засгийн алуурчид,бохир бизнесийн чимээгүй дайн, хүн амыг үй олноор нь устгах хорноос  эх орноо, элгэн түмнээ хамгаалж чадна. Гэтэл батлуулах гэж бөөн тэмцэл, батлуулсны дараа хэрэгжүүлэх гэж жил гаруй хэл ам болж, эцэст нь эргээд л өөрчлөх, засахдаа тулсан бол түүнийгээ сая ажил хэрэг болгож авлаа. Бүр   Их хурлын чуулган хуралдах хугацаагаа  долоо хоногоор сунгаж, Цагаан сар, өлсгөлөн гэхчлэн хүмүүсийн анхаарал сарнисан үеэр зүтгүүлэн батлуулж байгаагаас үзэхэд ямар их улайрч байгаа нь харагдана. Ард түмнийхээ төлөө  гэж төрд сонгогдсон эрхмүүд  мөнгөтэй гадаадын компаниудад  ийм хайртай. Тэдний төлөө үхэхээс буцахгүй зүтгэж байдгийнх нь илрэл. Тэрэнд нь харин өлсгөлөн, суулт ташуур нэмжээ. Найман настай балчраас  80 настай буурал хүртэл “Ноён уулаа аваръя” хэмээн нийгэм тэр аяараа давалгаалж, зарим нь өлсч  байтал тэр дундуур Урт нэртэй хуулийг хүчгүйдүүлэх   Жон Казакоф  гэх нөхрийн лобби хэрэгжсэн нь энэ. Монголын Засгийн газрыг “Бороо гоулд” компанитайгаа алтны  тогтвортой байдлын гэрээ зуруулчихаад   товлосон хугацаанаасаа өмнө тогтсон нөөцөөс илүүг ухаж   аваад гарсан энэ эрхэм 2010-2011 онд Монголын  телевизүүдээр  ярилцлага өгөхдөө “Урт нэртэй хуулийг удахгүй хүчингүй болгуулна. Энэ асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд ярьсан. Бид Гачууртын ордыг ашиглах бэлтгэлээ хийж байна, бэлтгэл бүрэн хангагдсан” хэмээж байсан юм. Тэгвэл өнөөдөр С.Баяраас өгсүүлээд Монголын үе үеийн Ерөнхий сайд нар, Засгийн газарт нөлөөлж чаддагаа нотоллоо.  Нөгөөтэйгүүр тэрхүү бэлтгэл нь үнэхээр ч сайн хангагджээ. Өнөөдөр Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт орж голын эргээс ердөө 200-хан метрийн дотор ашигт малтмал, алт олборлох эрхийг эргээд сэргэлээ. Тэгвэл уул уурхайн үйлдвэрлэл, олборлолт явуулсны дараа  хэчнээн сайн нөхөн сэргээлт хийсэн ч байгалийн унаган төрх дор хаяж 200 жилийн дараа сэргэдгийг монголчуудын  хэн нь ч хэлсэнгүй. Эцэст нь шийдвэр урвуу гарлаа. Ноён уулын төлөөх жагсаал, суулт, өлсгөлөн, бөө нарын уул  усны эздийг сэрээсэн  дуудлага маань ингэхэд юу байв аа.  

 

 

Х.Болорчулуун /УИХ-ын  гишүүн/: ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭХНЭЭС НЬ ДЭМЖЭЭГҮЙ

-Хуулийн өөрчлөлтийг юу гэж үзэж байна?

-Голын эргээс 200 метрт ашигт малтмал олборлож болохоор    заагласныг би бага байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл гол гэдэг  маань доогуураа хүний судастай л  адил холбоотой шүү дээ. Тэгэхээр 200 метрт ухсан, 10 метрт ухсан нь дүндээ дүн. Ямар үндэслэлээр 200 метр гэсэн нь ойлгомжгүй байгаа юм. Өмнө нь 400-500 метрт гэсэн тоо, хэмжээ яригдаж байсан. Бид ашигт малтмалын үйл ажиллагааг гол мөрний урсац бүрэлдэх эхээс аль болох холхон байлгая гэж хэлж ирсэн. Тиймээс би хувьдаа хуулийн өөрчлөлтийг эхнээс нь дэмжээгүй. 

 

 

 

 

Р.Жигжид /Уул уурхайн сайд/: ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ НАРИЙВЧИЛСАН НЬ  АЧ ХОЛБОГДОЛТОЙ

-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт орсноор ямар нөлөөтэй вэ?

 -Усны тухай хуулиар энгийн, онцгой хамгаалалтын гэсэн хоёр бүсийг тогтоосон байгаа. Хуулиар бол онцгой хамгаалалтын бүс буюу голын  эргээс  50 метр зайд аливаа ашигт малтмалын үйл ажиллагаа, олборлох, хайх үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Урт нэртэй хуулийг  дагаж мөрдөх журмын тухай хуулиар энгийн хамгаалалтын бүсийг  200 метр гэж тогтоосон. Өмнөх хуулиар 200 метр гэж тогтоочихоод түүнийгээ баримтлалгүй зарим газар таван км, түүнээс ч ихээр тогтоосон бэрхшээлүүд байсан юм билээ. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулсны давуу тал нь энгийн хамгаалалтын бүсийг 200 метр гэж нарийвчлан тогтоож өгч байгаагаараа ач холбогдолтой.

 

Х.Бээжин /”Босоо Хөх Монгол” бүлгэмийн УЗ-ийн гишүүн/: Ц.МӨНХБАЯР БУУ БАРИАД БУРУУДСАН, ТЭГВЭЛ БИД АМИА ӨГЬЕ

-Та бүхэн “Ноён уулаа аваръя”, “Урт нэртэй хуулиа хамгаалъя” гэсэн асуудлаар өлсгөлөн зарласан. Гэтэл  эрх баригчид Гацууртын ордыг ашиглах асуудлыг  Засгийн газарт буцаасан ч  Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг өөрчлөх асуудлыг шийдчихлээ. Та бүхэн  үүнийг юу гэж үзэж байна?

-Шуудхан хэлэхэд хулгай гэхээс өөр үг алга. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимын үүдэнд “Ард түмнээ сонс, ард түмнээрээ шийдүүл” гэж томоор бичсэн байдаг. Гэтэл 20 гаруй мянган иргэн гарын үсгээ зурж Ерөнхийлөгчид хандаж байхад тоохгүй байна. Тэгэхээр Ерөнхийлөгч хэн бэ гэдэг үнэн нүүр царай илэрлээ. Бид улстөржөөгүй, тэр энэ нам огцор гэж огт яриагүй. Зөвхөн нэг уул, нэг хуулийг  л хамгаалж үлдээгээч гэж хүссэн. Харамсалтай нь Цагаан сарын баярын урд орой  иргэд бөхөө үзэж, битүүлж байх зуур УИХ 50 гаруй хуулийг хоорондоо зургаахан секундын зайтай бөөндөж  баталсан. Нэрийг нь хэлээд алх  тогшоод байсан бичлэг баримтууд интернэтэд байгааг ард түмэн олж үзсэн байх.

-Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг өөрчилснөөр ганц Ноён уул ч биш өчнөөн уул, гол ус хөндөгдөх эрх нээгдчихлээ шүү дээ. Тэгэхээр цаашид яах вэ?

- Урт нэртэй хуулийг бараг цуцалсантай адил болсон нь харамсалтай. Гэвч Ц.Мөнхбаяр маань буу бариад буруудсан  учраас бид эх орныхоо төлөө үхсэн ч яахав гээд  амь насаараа дэнчин тавиад өлсч  байгаа. Тиймээс ард түмнээсээ дэмжлэг хүсч байна. Цаашид олон улсын байгаль хамгаалах байгууллагуудад хандана. Хуулиа, уулаа хамгаалах тэмцэл маань эцэстээ хулгайчтай тэмцэх тэмцэл болж байна. Энэ бол улстөрчидтэй тэмцэнэ гэсэн үг юм.

-Нинжа нар эрх ашгаа хамгаалж байна гэдгээс эхлээд та бүхний тухай янз бүрийн мэдээлэлд  өөрөөс тань тайлбар сонсъё?

-Мөнгөөр өлссөн, мөнгөө аваад тарсан гэсэн цуурхал тараасан байна лээ. Тэр худал, бидний хэн нь хэн бэ гэдгийг олон түмэн мэднэ. “Босоо Хөх Монгол”-ын залуус эх орноо худалдах хүмүүс биш.