Засгийн газраас улаан буудайн зөрүү болох 70 тэрбум төгрөгөө нэхэж тариаланчид Чингисийн талбайд жагслаа. Тариаланчдын жагсаалыг гавьяат жүжигчин С.Жавхлан дэмжиж үзэл бодлоо илэрхийлсэн юм.  Тэрээр“Төр голсон будааг түмэн олон минь аваарай” гэж жагсаалд хүч нэмэв. Энэ тухай IV нүүрээс уншина уу.

 

Б.ЭНХЗАЯА

2015 он гарснаас хойш хамгийн томоохон, сүрдмээр жагсаал өчигдөр төв талбайд болов. Талбайн урд хэсэгт уриа, лоозон бүхий комбайн, трактор хэдэн арваар нь эгнүүлсэн байлаа. Ар, өвөртөө “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ээ эдийн засагт чинь газар тариалан ороогүй юу” гэсэн асуулттай бичиг нааж хүрз барьсан тариаланчид энэ жагсаалын эзэд. Тэднийг ахалж үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг, “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат нар логотой ногоон нөмрөгөөр “гоёсон” харагдав. Талбайг тойрон тариаланчдын жийп машинууд ч эгнээстэй. Тариаланчдыг дэмжиж гавьяат жүжигчин С.Жавхлан, байгаль орчны төлөөх зарим хөдөлгөөний хүмүүс ирсэн байв.

Тариаланчид нийслэлийг зорьсон нь хэд, хэдэн шалтгаантай. Засгийн газраас үр тарианых нь мөнгийг хоёр жилийн турш өгөөгүй, импортын буудай тэдний борлуулалтад нөлөөлж байгаа. Төр засаг улаан буудайн үнийг чөлөөлөх ёстой зэргээр шаардлага, хүсэлт тавьж байв. “Төр ард түмэндээ шударга хандаач. Хоёрхон компанийг бүх ачааллаас нь чөлөөлөөд бусдыг нь хааж боохоо болих ёстой. Биднийг тариа тарихаар гаднаас будаа оруулаад ирдэг. Буудайгаа гадагшаа гаргах эрхгүй. Одоо бид будаагаа хаана, хэнд зарахаа мэдэхээ больчихоод байна. Үүнийг төр зохицуулж чадахаа болилоо. Газар тариаланг Ерөнхий сайд, Бурмаа, Баатарсайхан нарын бизнес болгомооргүй байна. Гуравхан хүн ашигтай ажилладаг, бусад нь алдагдалтай ажилладаг шударга бус нийгэм байж болохгүй. Энэ салбарт 300 мянган хүн ажил амьдралаа залгуулдаг юм” гэж үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг ярив. Түүний ярьсныг бататгаж “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат “Тариаланчид төрөөс 70 тэрбум төгрөгийн авлагатай байна. Гурилын үйлдвэрүүд будааг нь авчихаад мөнгийг нь өгөхгүй мөртлөө гаднаас импортоор будаа оруулж ирээд байдаг. Импортын зөвшөөрлийг олгохдоо тариаланчидтайгаа яагаад ярьдаггүй юм бэ. Салбарын яам дөрвөн талт хэлцэл хийчихээд хэлцлээ зөрчөөд импортын зөвшөөрөл олгоод байна. Мөнгөтэй юм бол дотоодынхоо тариаланчдынхаа өрийг төлчихөөд дараа нь импортын будаагаа оруулж ирээч” гэв. Тариаланчид Засгийн газраас авах ёстой улаан буудайн төлбөрийн зөрүү хоёр жилийн хугацаанд 70 тэрбум төгрөг болсон гэнэ. Үүнээс болж бүтэн жил ажилласныхаа цалинг авч чадахгүй байгааг Сэлэнгэ аймгийн тариаланч Т.Алтангэрэл хэлж байсан юм.

Засгийн газарт хүргүүлэх шаардлагыг олон нийтэд танилцуулсан жагсагчид төв талбайд улаан буудай асгав. Трактор, комбайн, хүрз жоотуу болсон тариаланчдын жагсаалыг хөндлөнгөөс харсан хүмүүс болхидуу гэж дүгнэцгээж байв. Тариаланчид анх удаа жагсч буй болохоор тэр биз. Ямартаа ч хямралын  үед асгасан буудай нь өлссөн тагтаа нарт хоол болж харагдсан.

 

Газар тариалангийн салбарт төр засаг хэдхэн компанид найр тавьж монополь байдлыг бий болгосноор энэ асуудал үүссэн гэж жагсагчид ам нэгтэй ярьж байв. Тэд “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэсэн төрийн тэргүүний уриалга хэрэгжихгүй байгааг сануулж, ХХАА-ын сайд Р.Бурмааг огцрохыг шаардав. Эртнээс асуудалтай энэ салбарынхан өмнөх сайд Ш.Түвдэндоржийн үед ч арсалдаж байсан. Р.Бурмаа сайд очоод асуудал шийдэгдэхгүй нь лавтай гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.