Өнөөгийн УИХ бүрэн эрхийнхээ тал илүүг хэрэгжүүлээд байна. Ганцхан жилийн дараа сонгууль болно. Эрхэм гишүүд хэр зэрэг ажиллав. Тэднийг сонгосон  аймаг, сум, дүүргийнхэн хэрхэн дүгнэж байна вэ. Энэ талаар манай сонин эрхэм гишүүдийн тойргийн сонгогчдын үгийг хүргэж эхэллээ.

Д.ЦЭРЭННАДМИД

Дорнод аймгийн Хэрлэн сумын III багийн иргэн Ц.Нина: МАНАЙ ГИШҮҮД ХААЯА ГУРИЛ БУДАА ӨГДӨГ ЮМ

-Би хэдэн хүүхэдтэйгээ амьдардаг, тэтгэвэртээ гарсан хүн дээ. Манай аймгаас Х.Болорчулуун, Н.Номтойбаяр гэдэг хоёр хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хааяа хурал хуй гээд мань мэтийг цуглуулаад явж л байгаа байдаг юм. Бас хааяа гурил будаа өгнө. Тэгж тусалдаг юм.

 

Дорнод аймгийн Баянтүмэн сумын III багийн малчин Б.Төмөр-Арслан: ЭНЭ ХОЁР ХҮН ЭРХЭМ ГИШҮҮН БОЛСНООР МАЛЧИН МИНИЙ АМЬДРАЛД НӨЛӨӨЛСӨН ЮМ АЛГА

-Манайхаас гарсан хоёр гишүүнийг яаж ажиллаж байна вэ гэдгийг хувьдаа дүгнэж л явдаг юм. Х.Болорчулууны хувьд аймгийн төвийн зам харгуйд анхаарал тавьдаг. Аймгийн төв хавийн иргэдтэй ойр ойрхон уулзаж, яриа хөөрөөг нь сонсож явдаг шиг байгаа юм. Н.Номтойбаярыг сайн мэдэхгүй байна. Ирэх нь ирдэг л байх. Төв орон газар, алба ажил эрхэлдэг хүмүүстэй л уулзаж явдаг байлгүй. Энэ хоёр хүн УИХ-ын гишүүн болсноор малчин миний амьдралд нөлөөлсөн зүйл бол алга. Хүнд хэлэхээр юм байхгүй л дээ.Энэ бол нууц биш. Над шиг иймэрхүү хариулах хүн олон л бий байх. Гэхдээ аймаг орон нутгийн чанартай асуудалд хэрэг, нөлөөгөө өгдөг байх л даа, бодвол. Уг нь энэ хоёр гишүүнд хиймээр юм байж л байдаг юм. Мянганы замын дутууг 2016 оны сонгуулийн өмнө дуусгачихаасай гэж бодож явдаг. Засаг бужигнаад энэ замын асуудал үлдчих вий гэсэн болгоомжлол байна. Өөр хийе гэвэл ажил зөндөө. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг цэгцлээсэй. Х.Болорчулуун гишүүнд хандаж хэлэхэд социализмын үед ажиллаж байсан ноосны үйлдвэр, махкомбинатаа ажилд оруулж, зүүн бүсээ энэ чиглэлээр хангачихдаг үйлдвэрлэлээ сэргээж өгөөч гэж хүсэх байна. Ер нь ардчилал хөгжөөд 24, 25 жил болоход өмнө нь мах бэлтгэдэг байсан нөхцөл байдал алдагдсан. Одоо бол хөдөө, малчны хотонд, бууц шороонд хэдэн согтуу залуугийн нядлаад, хөл гараараа гишгэлж бэлтгэсэн. Дараа нь оготно хулганатай зооринд хадгалагдсан. Дахиад юугаар ч дамждаг юм,  ийм мах л төв суурин газрынханд очиж байна шүү дээ. Эрүүл ахуй гээд яривал стандарт хангахгүй л байх. Ер нь малчин, тариаланчид жагсаж чаддаггүй болохоор эд нарын хэлсэн татвар түрээсийг нь төлөөд, хүлцэнгүй номхон, иймэрхүү байдалтай амьдарч байна шүү дээ.

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын X  багийн иргэн Д.Дансран: Н.НОМТОЙБАЯР ЮМ ХИЙНЭ ГЭСЭН, Х.БОЛОРЧУЛУУН АЖИЛЛАХГҮЙ БАЙНА

-Би бол ажил төрөлгүй хүн л дээ. Морь уядаг, сумын алдарт уяач хүн байгаа юм. Өмнө нь мал малладаг байлаа. Баян-Уул сумын унаган хүүхэд. Хүүхэд шуухад оюутан болсон. Хүүхдээ дагаад төв рүү орж ирсэн. Нас жаахан явахаар ажилд авах ч үгүй юм. Манай аймгаас хоёр гишүүн байгаа. Дор бүрдээ ажиллаж л байх шиг байна. Сая шинэ жилээр Н.Номтойбаяр гишүүн ирж намын шинэ жилд оролцсон. Юм хийнэ л гэж ярьж байна лээ. Хойшоо Баян-Уул дамжуулаад хатуу хучилттай зам тавина гэж байсан. Бас Халхын гол, Хавиргын застав руу зам тавина гэж ярьсан. Х.Болорчулуун гишүүн бол ажиллахгүй байна. Өнөөдөр юмны үнэ асар их өсч байна. Гурил будаа, хивэгний үнэ нэмэгдээд л байна. Энэ бол Х.Болорчулуун гишүүнтэй холбоотой. Яа­гаад гэвэл “Дорнод гурил” компани энэ хүнийх.

 

Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэн Ц.Өлзийбаяр: Х.БОЛОРЧУЛУУН ГИШҮҮН ЭНЭ ЖИЛЭЭС ДАВГҮЙ ЯРЬДАГ БОЛЖ БАЙНА

-Манайх тэтгэврийн хэдэн цаасаар л амьдардаг айл. Ам бүл долуулаа. Хүүхдүүд сургууль соёлд байдаг. Х.Болорчулуун, Н.Номтойбаяр гэдэг хоёр гишүүн бий. Тэр хоёр аймаг, орон нутгаар явж л байдаг гэсэн. Би хөдөө байдаг болохоор сайн мэдэхгүй юм. Телевизээр харж байхад Х.Болорчулуун гишүүн давгүй үг хэлээд байх юм. Эхний үед дуугүй л суугаад байдаг байсан. Энэ жилээс л УИХ-ын гишүүнийхээ ажилд сурч байна гэх юм уу, дасч байна гэх үү, овоо юм яриад байна. Бас дажгүй, иргэдийнхээ төлөө юм ярьдаг болсон байна лээ. Гэхдээ аймаг орон нутгийнхаа иргэдэд хувиараа аж ахуй эрхлэх боломжийг нээж өгөх хэрэгтэй байна. Малчид зээл авч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх шаардлага байдаг. Тэр хэрэгцээг хангавал зүгээр байх.

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын III багийн иргэн Ч.Алтансүх: Х.БОЛОРЧУЛУУН, Н.НОМТОЙБАЯР ХОЁР ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ?

-Амьдрал ер нь хүнд байна шүү дээ. Хаа сайгүй л хүнд байна. Би хувийнхаа машинаар таксинд явдаг. Яг үнэндээ өдрийнхөө талхны мөнгийг л олох гэж явна. Сүүлийн үед таксины орлого эрс муудсан. Хямрал нөлөөлж байх шиг байна. Энд такси нэг км-т 800 төгрөгөөр явдаг. Ингэж яваад удаж байна. Хоёр, гурван жил болж байна. Юмны үнэ өссөн ч таксины км-ийн хөлс хэвээрээ байгаа. Энэ аймгаас УИХ-д Х.Болорчулуун, Н.Номтойбаяр хоёр сонгогдсон. Эд нар юу хийж байгаа юм бэ. Хийж байгаа юм байхгүй. Дорнодоор дүүрэн ажилгүй хүн байна. Эднийг дэмжээд ажил төрөлтэй болгож болно шүү дээ. Ингэвэл хэн хэнд нь л хэрэгтэй. Энэ хоёрт ч гэсэн хэрэгтэй, юм хийсэн гэж хэлүүлнэ биз дээ.

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын IX багийн иргэн Д.Дугармаа: Х.БОЛОРЧУЛУУН Л ГАЙГҮЙ АЖИЛЛАДАГ ЮМ УУ ДАА

-Өнөөдөр Дорнодод амьжиргааны төвшин янз бүр л байна. Зарим нь гайгүй байна. Ядарсан нэгэн ч байна. Ер нь хүмүүсийн амьдралын төвшин ихээхэн ялгаатай болчихсон. Хуучнаар бол баян хоосны ялгаа гэдэг шиг болсон. Хямрал ядрууханд нь их л хүнд тусч байх шиг байна. Дорнодоос сонгогдсон УИХ-ын хоёр гишүүнтэй би нүүр тулж уулзаж үзээгүй. Хараад байхад Х.Болорчулуун гишүүн л гайгүй ажилладаг юм уу гэж боддог. Н.Номтойбаяр ч бас энд тэнд ажиллаад байх шиг байна. Саяхны нэг сонин дээр Инчоны наадамд оролцоод ирсэн хараагүй залуугийн ярилцлага гарсныг уншсан. Тэр залуу өмнө нь эх орноо төлөөлж тэмцээнд оролцох болоод Их хурлын гишүүндээ хандсан юм байна лээ. Н.Номтойбаяр өгнө гэж байснаа яг явахад нь өгөөгүй гэж ярьсан байсан. Тэгээд тэр тэмцээндээ явж чадаагүй гэсэн. Дараа нь Инчоны наадамд оролцоод хүрэл медаль аваад ирсэн юм байна лээ. Ер нь ийм хүнд л тусалж дэмжих хэрэгтэй шүү дээ. Бас хуурч болохгүй. Арваад настайдаа моринд өшиглүүлээд хараагүй болчихсон гэсэн. Сая 2014 оны шилдэг залуу болж байсан. Тэгэхээр би Н.Номтойбаяр гишүүнийг бусдад ялгавартай ханддаг юм уу гэж бодож байгаа. Уг нь ийм л хүнд тусалж дэмжих хэрэгтэй байгаа юм.

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын VII багийн иргэн Ж.Батбаяр: ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ГЭЖ ГИШҮҮДЭЭС АСУУМААР БАЙДАГ ЮМ

-Иргэдийн амьдрал хэцүү талдаа байна шүү дээ. Цалингаас цалингийн хооронд явж байна. Би төрийн байгууллагад ажилладаг. Гэтэл цалингаа аваад тал хувийг нь цалингийн зээл, лизингэд өгчихнө. Тал хувиар нь амьдарна даа. Байдал ийм л байна. Х.Болорчулуун гишүүний хувьд Дорнодын ард түмэнтэйгээ байнга холбоотой ажилладаг. Н.Номтойбаяр гишүүн ч гэсэн ирж очоод, хурал хуй хийгээд явж байдаг юм. Цаашдаа нутагтаа газрын тосны үйлдвэр байгуулж болдоггүй юм уу гэж эрхэм гишүүдээс асуумаар байдаг юм. Өчнөөн тонн, баррелиар нь урагшаа зөөж байна шүү дээ. Буцаад бензин болоод ирдэг гэдэг. Орж ирж байгаа юу үгүй юу. Тэр нь тодорхой бус байдаг. Ийм үйлдвэр байгуулаад явбал Дорнод аймаг байтугай Монгол Улсад ч ашигтай болов уу гэж боддог. 

Үргэлжлэл бий...