Г.ГАНЧИМЭГ
Монголын түүхэнд нэр зүс нь тод гялалздаг сайхан бүсгүйчүүдийн нэгийг өнөөдрийнхөө “Амьдралын тойрог” буланд урьсан юм. Өнөөдөр түүний өндөр өвөг Д.Сүхбаатар жанжны төрсөн өдөр. Тиймээс тэрээр өндөр өвөөгийнхөө амьдрал, үйл хэргийн талаар илүүтэй дурссан. Д.Сүхжаргалмаа “Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг авч үзвэл сүүлийн 20 жил тувт нам хоорондын тэмцэл явсан. Улсын түүхэнд намын түүх багтдаг болохоос биш намын түүхэнд улсын түүх багтдаггүй. Гарцаагүй нэг намын засаглалтай, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан үе бидэнд бий. Гэхдээ түүхийг хэн ч үгүйсгэж болохгүй. Тийм эрх ч үгүй” гэсээр биднийг угтсан юм.
Барууны Монгол судлалд жанжныг аль хэдийнэ дэлхийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зүтгэлтэн гээд тодорхойлчихсон байдаг. Марксист намтай төдийлөн холбодоггүй. Энэ нь их том хүндэтгэл билээ. Өөрөөр хэлбэл, Ж.Неру, М.Гандитай мөр зэрэгцэж яригддаг үндэсний баатартай. Үүнийгээ бид өөрсдөө мэддэггүй. Харин бид Д.Сүхбаатар жанжин ганц хүүтэй. Ганц хүү нь С.Галсан гэж ном зохиолоос уншаад л өнгөрдөг. С.Галсан гуайн том охин Г.Наран нийтлэлийн маань баатар Д.Сүхжаргалмаа гуайн ээж нь юм. Д.Сүхжаргалмаа гуай манай улсын ууган дипломатч М.Дүгэрсүрэн гуайн том охин. Тэд аав ээжээс тавуулаа, цөмөөрөө нэрэндээ заавал Сүхтэй. Тэдний нэг нь ч их, бага хувьчлалаар төрийн өмчит аливаа хөрөнгө, аж ахуйн нэгжийг хувьчилж аваагүй. Тэд цөмөөрөө л хөгжил, ядуурал бууруулах, хүний эрх, байгаль орчныг хамгаалах, авлигатай тэмцэх, хууль эрхзүй, шүүхийн тогтолцоог сайжруулах талаар ажиллаж ирсэн хүмүүс юм. Одоо 13 ач зээ, 24 гучтай болжээ. Харин хадам аав нь хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агсан.
Ардын намын түүх судлаач С.Лувсанноров гуайн номд “Д.Сүхбаатар жанжинтай төрөл садангийн холбоотой 300 орчим хүн байдаг” гэж бичжээ. Жанжны талаас долоо дахь үед өндрөөс өндөр Элбэг нэртэй өвөө байжээ. Тэрээр 18 өөр монгол нэртэй. Харийн наймаачдыг эсэргүүцэж амьдаараа булуулж амиа алдсан түүхэн баримт нь бий аж. Хэдэн өдөр тэр газар шороо нь хөдөлж байсан гэдэг. Эднийхэн удам угсаагаараа үндэснийхээ эрх чөлөөний төлөө тэмцэгчид юм. Харин Д.Сүхжаргалмаа гуайг төрөхөд Янжмаа эмээ нь өрөөндөө орыг тавьчихсан хүлээж байжээ. Ингээд л үүнээс хойш эмээгийн охин болсон түүхтэй.
Д.Сүхжаргалмаа гуай “Манай өндөр өвөө Амгаланбаатар хотод төрсөн. Гэтэл аав Цагаан дээлт Дамдины уугуул нутаг Цэцэнхан аймаг буюу одоогийн Сүхбаатар аймгаас хүүг нь Хужирбуланд цэрэгт татсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэр үед иргэний бүртгэл сайн байжээ. Өндөр өвөө маань сэлмээ мундаг эргүүлдэг, дэмбээдвэл дэмбээддэг, сайхан ярьдаг, сайхан монгол эр хүн байсан гэж эмээ, ээж, эгч нарынхаа ярьж байхыг багадаа сонсч байлаа” хэмээн дурсав.
Харин тэрээр Москвагийн гадаад хэлний дээд сургуулийг төгсөхдөө дипломын ажлаа О.Латимор гэдэг мундаг том монголч эрдэмтний 1954 онд бичсэн “Үндсэрхэг үзэл ба хувьсгал” номыг орчуулж хамгаалжээ. Тухайн үед багш нар нь жаахан гайхасхийгээд хөмсгөө нэлээд дээш өргөж байгаад дипломын ажлыг нь хүлээж авсан байна. Тэр номд Д.Сүхбаатар жанжин нас барсныг Оросын консултай холбож байсныг тэмдэглэсэн байдаг аж. Үнэн хэрэгтээ энэ асуудлыг гүйцэт судалсан хүн байхгүй өнөөдрийг хүрчээ. Хоёр улсын архивын баримтуудыг сөхөж, нэлээд цаг хугацаа зарж байж үнэнийг мэдэж авах ганцхан зам хойч үеийнхэнд бий. Түүнийг нас барсныг янз бүрээр таамагладаг. Ерөнхийдөө хэмжээт эрхт хаант улсыг байгуулна гэдэг нь Коминтерний үзэл санаатай яагаад ч нийлээгүй. Тиймээс жанжны зүрх сэтгэлд өнөөгийнхөөр бол Англи, Япон, Швед шиг улсыг байгуулах санаа л багтаж байжээ. Энэ хэнд ашиггүй вэ гэдэг асуулт тавиад судлах хэрэгтэй ч одоохондоо тийм бололцоо үгүй аж. Сүүлийн 20 жил ОХУ, Монголын хувьд хөл дээрээ тогтох гэж ядаж байгаа үймээн самуунтай үе. Нийгэмдээ хүмүүн хоорондын тулалдаан байдаггүй ч оюун санаандаа маш их хэцүү байна гэж тэрээр тодорхойлсон юм. Д.Сүхжаргалмаа “Үүнийг бид бүгдээрээ л ойлгох ёстой. Түүнээс биш түүхийг уншиж байгаа монгол хүний сэтгэлд үзэн ядалт байх ёсгүй” гэж учирлав.
Тэрээр Чингэлтэй дүүргийн I хороонд бүртгэлтэй ч ээжийгээ асраад Сүхбаатар дүүргийн IV хороонд амьдарч байна. Хоёр охин, нэг хүүтэй. Том охин нь америк нөхөртэй байжээ. Нөхөр нь Пакистанд ажиллаж байгаад 2008 онд амь үрэгджээ. Зээ нар нь АНУ-ын иргэн тул охин нь тэндээ үлдсэн байна. Тиймээс Д.Сүхжаргалмаа гуайн сэтгэл байнга хоёр хуваагдаастай явдаг аж.
Д.СҮХБААТАР ЖАНЖНЫ НЭРИЙГ УНАГААЧИХВАЛ МАН УНАЧИХНА ГЭЖ НАЙДАЖ БАЙГАА БҮЛЭГ ХҮЧИН БИЙ
Сүүлийн үед байсхийгээд л Д.Сүхбаатар жанжныг үгүйсгэх, хөшөө талбайн асуудал гаргах нь тэр ганц хүнийг биш хэдэн үеийн монголчуудын түүхийг үгүйсгэж байгаа хэрэг юм. Тиймээс хууль бус шийдвэр гаргасанд гэр бүл, ураг төрлийнхөө хүмүүсийн өмнөөс гомдолтой гэдгээ тэрээр хэвлэлийн бага хурал зарлаж илэрхийлсэн. Үнэндээ жанжныг ярьвал Монголоо л ярина. Эдийн засгийн хувьд өнөөдөр байдал аюултай болчихсон. Манай улс дампуурлаа зарлахаас өөр аргагүй болчихсон байгаа. Гэхдээ энэ нь улстөрийн зоригийн асуудал болно. Бид өрөө төлнө гээд явбал Олон улсын валютын сангийн “Станд бай” хөтөлбөрт хамрагдана. Энэ нь олон улсын Засгийн газар хоорондын байгууллага болохоор бидэнд мултрах ямар ч арга үгүй. Эцэст нь бид ордуудаа барьцаалж, үндэсний бахархлаа авдартаа хийгээд цоожилно. Энэ нь аюултай. Тиймээс бид ийм байдалд орох ёсгүй.
Хамгийн зовлонтой нь сонгууль болтол Ардчилсан намынханд 1990 оноос өмнөх түүх рүү дайрахаас өөр ямар ч арга байхгүй аж. Уг нь улстөрийн намын хувьд “Бид ийм зүйл хийчихлээ шүү. Үүний төлөө биднийг сонгоорой” гээд хэлээд явах нь зөв. Гэтэл ингэж ярих үр дүнтэй ажил байдаггүй. Тэд одоо хоёр дахь удаагаа төрийн эрх барьж үзэж байна. 1996-2000 онд төр барихдаа Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг эрхэмлэн үзэх өндөр албан тушаалаар тоглож эхэлсэн. Өөрийнхөө хүмүүсийг 5-6 удаа сольсон билээ. Эцсийн бүлэгт тэр дөрвөн жилийг бид С.Зориг үгүй болсноор санадаг. С.Зориг байсан Монгол, С.Зориг үгүй болсон Монгол хоёр их өөр. Гэнэн сайхан, ариун Монгол үгүй болсон.
Харин одоо хоёр дахь удаагаа 2012 оноос төрийн эрх барьж үзлээ. Шившгээ тариад муулдаг Ардын нам дээрээ гүйж очоод Засгийн газарт орооч гэж гуйсан. Яагаад гэвэл, улсаа дампуурлын ирмэг дээр аваад ирсэн учраас тэр хэмээн тэрээр дүгнэв.
2011 онд бага орлоготой орноос дунд орлоготой орны бүлэг рүү шилжсэн Монголыг гурав хүрэхгүй жилийн хугацаанд дампуурлын ирмэгт хүргэсэн гэдгийг ч Д.Сүхжаргалмаа гуай сануулсан юм. Иймээс АН-ынхан өмнөх түүх үе рүүгээ тувт дайрч байгаа аж. Уг нь тэд зам тавьж, цэцэг тарих гэж улстөрийн нам байгуулдаггүйг сайн мэдэж байгаа. Гэхдээ улсаа авч явж чадсангүй. Энэ нь тэдний эмгэнэл юм. Тиймээс тэднийг өрөвдөж байгаагаа ч илэрхийлэв.
Нэг намын засагтай, муугаар хэлбэл дарангуйллын тогтцолцоотой байсан тэр үед хөгжлийн бодлого, том шийдвэр зэрэг бүхий л ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ирсэн нь МАН гэдэг нь ойлгомжтой. Тиймээс сүүлд гарч ирсэн намын хувьд ялангуяа төрийн эрх барихыг оролдсон намын хувьд ярих түүхгүй, хэцүүддэг юм шиг. Яагаад гэвэл, өөрөө шинээр гарч ирсэн болохоор түүх гээд яриад байх юмгүй. Тиймээс энэ улс орны хөгжилд гарсан бүх сайн сайхан зүйлийг өөртөө хамаатуулж чадахгүй. Яахав, том алдаа мадагийг өөртөө хамаатуулахгүй байх нь сайхан юм даа. Гэтэл улстөрийн нам чинь өөрөө төрийн эрхэнд гарч байж, төр барьж байж улсаа хөгжүүлдэг. Улсынхаа хөгжлийн талаар өөртөө хамаатуулах амжилт гаргаагүй бол тэр нам, ялангуяа Ардчилсан нам шиг хоёр удаа төрийн эрх барих бололцоо олдсон ч амжилт гэж ярих их хэцүү. Өнөөдөр зарим хүний түүхээ тайлбарлаж, ярьж, бичиж байгаа нь арай дэндэх гээд байгаа. Гэхдээ тухайн хүн намын пи ар, суртал нэвтрүүлэгийг хариуцсан тул үзэл санаа, философийг нь бүрдүүлж өгдөг. Яагаад гэвэл, олон залуу хүн түүний бичсэнийг дагадаг. Тиймээс мэргэжлийн пи арчид “Тухайн үед амьдарч байсан хүмүүсээрээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрүүлсэн, бараг л өө сэвгүй тийм хүнийг л туг далбаа болгохгүй бол болдоггүй” гэдгийг хэдэн зуун жилийн өмнөөс мэднэ. Тэгж ярих юм бол жанжин Ардын нам байгуулагдахаас өмнө олон түмэндээ өргөмжлөгдөж хүлээн зөвшөөрөгдсөн хүн байсан юм. Богд гэгээнээс дөрвөн удаа жинс авч, Зоригт баатар цолыг хүртсэн хүн. Тиймээс Ардын намын ч бүтээгдэхүүн биш. Харин өөрөө Ардын намаа байгуулсан. 1924 онд л тэр нам нь өөрчлөгдсөн болохоос биш анх Д.Сүхбаатар жанжин Ардын намыг байгуулахад гар бие оролцож, хэмжээт эрхт хаант улсын төлөө явж байсан таван хүний нэг. Тэр нь 1924 онд Коминтерний үзэл санаанд нийцээгүй. Тиймээс согтуу, хийтэй, танхай хэдэн залуучууд тэр үед давхилдаж байсан юм. Түүнийг хувьсгал гэж хэлэхгүй гэж ярих нь ямар ч үндэслэлгүй зүйл. Тийм ёс суртахууны эрх ч байхгүй. Ардчилсан намынхан ч гэсэн С.Зориг агсны нэрийг идээд явж байгаа. Тиймээс тухайн үеийн таван сайд үндэснийхээ тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт байдлын төлөө явж Чин ван Ханддоржийн үйл хэргийг үргэлжлүүлсэн. Гэтэл түүхийн нугачаанд байдал өөрчлөгдсөн. Тэр таван сайдаас хэн ч үлдээгүй. Ингээд л манай түүх өөрөөр бичигдэж эхэлсэн гэдэг үнэнийг үнэнээр нь ярих ёстой. Харамсалтай нь түүхийг ийм байсан бол тэгэх байсан юм гэж ярьдаггүй. Яг яаж л болж өнгөрсөн түүгээр нь бичиж үлдээх ёстой.
Харин яагаад залуугаараа 30-хан настайдаа үгүй болсон бэ гэдгийг судалбал өөр хэрэг. Эхлээд 1922 онд Ерөнхий сайд Бодоо, Дотоод хэргийн сайд Пунцагдорж хоёр байхгүй болсон. Тэгээд дараа нь жанжин байхгүй болж, тун удалгүй хуучин тогтолцооны хамгийн том хүн Богд гэгээн үгүй болж, хамгийн сүүлд нь Данзанг үгүй болгосон. Таван сайдаас амь хэлтрүүлж үлдээсэн нь Хууль зүйн сайд л байдаг. Шүүх яамны сайд Хурц Магсаржав гуай өндөр настай ч байсан. Богд гэгээний монгол хэлний багш, эрдмийн хүн байсан учир гар хүрээгүй болов уу. Тэр үеийг үгүйсгэх ямар ч аргагүй. Манай түүх л юм чинь. Харин өнөөдөр ямар үйл явц болоод байна вэ гэдгийг олон хүн гайхсаар.
МАРГААШ ӨГЛӨӨ АР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРОНД СЭРЭХ ВИЙ ДЭЭ!
МАН хүн амаа бүгдийг нь бичиг үсэгт тайлуулж, яр тэмбүү зэрэг айхтар өвчнөөс салгаж, наслалтыг гурав дахин нэмэгдүүлсэн. Арьс шир, хүнсний үйлдвэрүүдийг бий болгосон юм. Манай улсын түүхэнд хөгжлийн жинхэнэ бүтээн байгуулалт нь тэр дарангуйллын үетэй л холбоотой. Улс төр, эдийн засгийн тогтолцоо, үндэс болсон философи нь буруу байсан байж болно. Гэхдээ үр дүнд нь атар хагалсан, талхаа өөрсдөө хийдэг болсон. Харин 1921 онд энэ нь байгаагүй. Ямар үнэ цэнээр үүнд хүрсэн бэ гэдэг нь өөрөө их том сэдэв. Тиймээс үүнийг ярих хэрэгтэй. Гэхдээ бид түүхийг яг байгаагаар нь хэн юуг ямар хугацаанд хийж, ямар үр дүнд хүрсэн, ямар алдаа гаргасан бэ гэдгийг бичиж, түүнээс сурч байж түүх болно. Ингэж байж бид урагшаа явна.
Ардчилсан намын үзэл сурталчид одоо өмнөх бүх муухайг МАХН буюу одоогийн МАН-д тулгахыг оролддог. Гэтэл өнөөдөр хүн амын хэчнээн хувь нь ядуу зүдүү амьдарч байна вэ. Тэгш бус байдал гаарчихсан шүү дээ. Банкин дахь хувийн хадгаламжийн 100 төгрөг тутмын 98 төгрөг нь гурван хүнд, үлдсэн хоёр төгрөгийг нөгөө 97 хүн нь хувааж байдаг. Хорин жилийн турш таван тэрбум ам.долларт барьж ирсэн өрийг хоёрхон жилийн дотор нугалж хийсэн. Тиймээс МАН-тай “Ядуурлаа бууруулаач”, “Авилгаа арилгаач”, “Тэгш бус байдлыг үгүй болгооч” гэж ажлаа сайжруулах, өөрөөр хэлбэл хөгжил ярьж болох нь гэж тэрээр хувьдаа дүгнэжээ. Гэтэл АН-тай хөгжил ярих манатай улсаа яаж авч үлдэх вэ гэдэг дээр тулчихаад байгааг манай сонгогчид мэдэж, ойлгомоор байна шүү хэмээн сануулсан юм.
Тэрээр 1991 оны сонгуулиас хойш нэг ч удаа Ардын намд саналаа өгөөгүй аж. Өөрөөр хэлбэл, дэмжээгүй учир хөндлөнгийн хүн болжээ. 1992 онд дийлэнх монголчуудын нэгэн адил “Өөрчлөгдөөсэй” гэсэн үзэл санаатай явсан учраас АН-д саналаа өгсөн байна. Харин үүнээс хойш бас л АН-д ч саналаа өгсөнгүй өдийг хүрчээ. Муу ёролмооргүй байгаа ч тэрээр “Би маргааш өглөө сэрэхдээ Монгол Улсдаа сэрэх нь үү. Ар Монголын өөртөө засах оронд сэрэх нь үү гэдэгт сэтгэл зүрх өвдөж, цээжинд хөндүүр оргидог” гэв. Үнэндээ ил гаргаж хэлэхгүй ч өнөөдөр олон монгол хүний хувьд ийм айдас, түүнээс үүдэлтэй дургүйцэл бий болчихсон. Үүнээс болж л УИХ Засгийн газраа огцруулсан. Ингэхгүй бол өөрсдийгөө “аварч” чадахгүй байсан юм.
Эцэст нь хоёрхон намын энэ тэмцэлдээнд улсын түүх өртөөд байгаа нь харамсалтай. Дов жалгаараа талцаж хуйвалддаг байсан бол одоо намаараа үзэлцдэг болжээ, монголчууд. Тиймээс НҮБ-ын бүрэн эрхтэй гишүүн болсон бид одоо хаачиж байгаагаа мэдэхээ больчихоо юу даа хэмээн тэрээр эмзэглэсээр үлдэв. Ахуй амьдралын аахар шаахар зүйлээс илүү улсынхаа хувь заяаг санах бүртээ сэтгэл эмтрэн өр өвдөж суудаг түүний “Жанжны гэр бүл Монголоо л ярьдаг юм” гэсэн нь нэгийг хэлж, хоёрыг сануулна биш үү. Эх түүхээ балтаар цавчиж, их хүмүүний нэр төрийг санаатайгаар унагах нь юуны цондон бэ.