
Э.ОРХОН, Ч.ОЛДОХ
Манай сонин шинжлэх ухааны салбарт өрнөж буй цаг үеийн сэдвээр асуудал хөндсөн нийтлэл, эрдэмтэн судлаачдын ярилцлагыг “ШУА-ийг шинэчилье” сэдвийн дор цувралаар хүргэж ирсэн билээ. Энэ удаа “Шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж олон талын байр суурийг нэгтгэн хүргэхийг зорилоо. Хэлэлцүүлэгт БСШУ-ы дэд сайд Б.Тулга, салбарын яамны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч Т.Дорж, Д.Рэгдэл, Физик, технологийн хүрээлэнгийн захирал Д.Орлох, Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,Биологийн хүрээлэнгийн захирал Ц.Жанчив, ФСЭХ-ийн захирал Г.Чулуунбаатар, МУИС-ийн математикийн хүрээлэнгийн захирал С.Будням, шинжлэх ухааны ажилчдын ҮЭ-ийн дарга П.Баяр, академич Ж.Тэмүүжин, ХИС-ийн Эрдмийн сургуулийн захирал Ч.Зэгиймаа, Ойрхи Дорнот судлалын холбооны ерөнхийлөгч, академич С.Нямзагд, Монголын Ирээдүй судлалын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ц.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зөвлөх Р.Лхагвасүрэн, инженер Н.Нацагням нар оролцлоо.
Хэлэлцүүлгээр 1.Шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлого, хууль эрхзүйн орчин ямар байна вэ. Цаашид яаж өөрчлөх вэ, 2.Санхүүжилтийг яаж нэмэгдүүлэх вэ, ямар бүтцээр ажиллавал үр дүнтэй вэ, 3.Шинжлэх ухааны салбарыг улс орны хөгжил, эдийн засгийн эргэлтэд ашигтай ажиллуулах вэ гэсэн гурван сэдвийг хэлэлцэв. Энэ удаа эхний сэдвээр талуудын байр суурийг багцлан хүргэж байна.
Б.Тулга:МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлого, хууль эрхзүйн асуудлыг өнөөгийн цаг үеийн шаардлага, улс орны нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин, ирээдүйн хандлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулах шаардлагатай. Үүнд шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль болон бусад дагалдах хуулиудад ч орно.
Нэг талаас салбарын хэмжээнд санхүүжилт хүрэлцэхгүй, цалин бага, хөрөнгө оруулалт хангалтгүй, судалгааны лабораторийн хүчин чадал муу, нөгөө талаас эрдэмтэн, судлаачдын хийж буй ажил үр дүнгээ өгч чадахгүй байгаа, нийгэмд өгөөжөө өгөхгүй зэрэг олон асуудлыг ярьдаг.
Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийг сайжруулах, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг бусад байгууллагуудтай уялдуулах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын олон эх үүсвэрт механизмыг төлөвшүүлэх зэрэг олон ажлыг хийх шаардлагатай, иймээс Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс үүнд анхаарал хандуулан ажиллаж байна.
Манай яамнаас “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”, “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани ажиллуулах журам”-ыг Засгийн газраар саяхан хэлэлцүүлж, батлуулаад байна. Энэ нь эрдэм шинжилгээний байгууллагууд төсвийн бус санхүүгийн эх үүсвэр олох, судалгааны ажлын чанар сайжрахад чухал алхам болно.
Мөн “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Тун удахгүй хэлэлцэгдэн батлагдах байх. Үүнтэй уялдуулан салбарын бүтэц, удирдлага, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлага урган гарна. Эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг чадвар, бүтээл, үр дүнд тохирсон цалин, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх болно.
Эрдэм шинжилгээний байгууллагууд үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд нэмэлт орлого олох, захиран зарцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох талд ажиллана. Өмнө явж ирсэн жишгээс харахад төсвөөс өгдөг цалин, хүрэлцээ муутай багахан хэмжээний эрдэм шинжилгээний зардал олгодог, нэмэлт орлого олох боломжоор төдийлөн хангаж өгдөггүй байсан.
Төр эрдэм шинжилгээний ажлын захиалгад хэт оролцдог, санхүүжилтийн механизм, үйл ажиллагааны зардлаар уяж судалгаа хийх боломж, нөхцлийг хязгаарласан зүйлүүд их байдаг юм байна. Үүгээр бүгдийг хавтгайруулж хэлж байгаа юм биш, нийтлэг байгаа асуудал нь ийм учраас засахын төлөө бид ажиллах ёстой. Шийдвэр гаргагчид болон хууль боловсруулж байгаа Их хурлын гишүүдэд уг салбарын онцлогийг ойлгуулах шаардлага бас бий.
Ж.Даваасамбуу: АКАДЕМИАР МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫГ ДҮГНЭЖ БОЛОХГҮЙ
-Шинжлэх ухааны салбар манайд харьцангуй олон жил хөгжсөн. Үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн орчин нэлээд боломжийн боловсруулагдаж ирсэн. Гэхдээ шинэчилж өөрчлөх юм бий. УИХ шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар хэлэлцэж байгаа. 1998 онд гаргасан бодлого улс орны хөгжил, нийгэм эдийн засагт их хувь нэмэр оруулж, өөрчлөлт хийсэн. Гэхдээ шинжлэх ухааны хууль тогтоомжууд янз бүрийн үзэл баримтлалаар хийгдсэн учраас үүнийг нэгдсэн үзэл баримтлалтай болгох үүднээс төрөөс баримтлах бодлогыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Иймээс шинэ бодлогыг өргөн барьж, амжилттай хэлэлцүүлж байна. Шинэ бодлогод нэгд, хүч нөөцийг төвлөрүүлэх зарчмыг баримталж байна. Хүний нөөцийг төвлөрүүлэх, дэд бүтцийг ашиглах, дундын болгох юм. Мөн улс орны нийгэм эдийн засгийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийддэг, эрдэмтдийнхээ академик эрх чөлөөг хангах асуудал тусгагдсан. Түүнчлэн их, дээд сургуулийг судалгааны их сургууль болоход туслах, дэмжих зэрэг шинэлэг санааг оруулсан. Мөн академитай холбоотой асуудал гарч байгаа учраас академийн эрхзүйн байдлын тухай хууль ч гэсэн шинэчлэгдэх шаардлагатай юм.
Төсвөөс санхүүждэг 49 хүрээлэн бий. Үүний 20 нь ШУА-ийн харъяа. Тэгэхээр ШУА-иар Монголын шинжлэх ухааныг дүгнэж болохгүй. Академи бол нэг хэсэг нь. Их, дээд сургуульд 15 хүрээлэн харъяалагддаг. Харин яамны мэдэлд 13 хүрээлэн бий.
Б.Энхтүвшин: ДЭЛХИЙТЭЙ ЗЭРЭГЦЭЖ АЛХАХ ЁСТОЙ
-1998 онд батлагдсан Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого нь зах зээлийн нөхцөлд шинжлэх ухааны байгууллагыг хөгжүүлэхэд, тавьсан зорилгоо биелүүлсэн. Уг бодлогыг хэрэгжүүлэх явцад ЮНЕСКО-гийн экспертийн зөвлөмжтэйгээр шинжлэх ухааныг хөгжүүлэх мастер төлөвлөгөө 2006 онд батлагдсан. Мөн инновацийн хөтөлбөр батлагдсан. ШУА-ийн хувьд академичид, Бага чуулганы гишүүд оролцсон ажлын хэсэг гаргаж шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлогын үндсийг анх боловсруулж яаманд өгсөн. Энд тулгуурласан баримт бичиг Их хурлаар одоо хэлэлцэгдэж байна. Дараагийн гарах бодлогын баримт бичигт мэдлэгийн эдийн засгийг төлөвшүүлэхэд шинжлэх ухаан, технологийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх талаар тусгах шаардлагатай байна. Тодорхой заалт орж байна. Дэлхийн шинжлэх ухаанаас гаргасан зөвлөмж байдаг. Шинжлэх ухаан нийтийн төлөө шинжлэх ухааны мэдлэг бий болгоод түүнийгээ хэрэглээнд шилжүүлнэ гэсэн уриа бий. Энэ дагуу шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх нь чухал. Шинжлэх ухааны ёсзүйн асуудал, шинжлэх ухааны олон салбар бий болж, нэг талаас нарийсч, нөгөө талаас хоорондынх нь уялдаа холбоо нягтарч, салбар дундын болж ирж байна. Бодлогын баримт бичигт эдийн засгийн механизм бусад хувийн хэвшил бизнесийн байгууллагын хамтын ажиллагаанд чиглэсэн мэдлэгийн сүлжээг дэмжих, их сургууль, ШУА-ийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар мастер төлөвлөгөөнд туссан асуудлыг анхаарах нь зүйтэй.Цаашид эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх ёстой. Үүнд: нэгд, Монголын эдийн засаг түүхий эдэд суурилсан эдийн засаг байна. Энэ эдийн засгийг мэдлэгт тулгуурласан, технологижсон, мэдээлэлжсэн эдийн засаг руу шилжүүлэх. Судалгааны үр дүнг инноваци болгож бизнесийн эргэлтэд оруулах. Хоёрт, хүний нөөц. эрдэмтдийг бэлтгэх, эрдэмтэд авьяас, хөдөлмөр, мэргэжил, мэдлэг, ур чадвар дадлага хосолж 10-15 жил болж байж бүрэлддэг, төрийн бодлогын зангилаа асуудал гэж үзэж байна. Түүнээс гадна Шинжлэх ухааны парк, Шинжлэх ухаан технологийн кластер бий болгох, инновацийн компаниудыг өсгөн бойжуулах, инновацийн сантай болох. Шинжлэх ухаанд зарцуулж буй зардлыг олон эх үүсвэртэй болгох зэрэг нь чухал гэж бодож байна. Улс орныг шинжлэх ухаанаа хөгжүүлж байгаа, шинжлэх ухааныг дэмжиж байгаагаар дөрөв хувааж үзэж байна. Тухайлбал, өндөр төвшинд, дунд төвшинд, хөгжиж байгаа, хоцронгуй гэж хувааж байна. Манай улс хоцронгуй төвшинд байгаа тул төрийн бодлогод нэг алхам урагшлуулах шаардлага гарч байна. Өнөөдөр ДНБ-ий шинжлэх ухаанд зарцуулж байгаа зардлын үзүүлэлт нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоон үзүүлэлт дэлхийн дунджаас нэн доогуур байгааг анхаарах ёстой. Судалгааны үр дүнг бизнесийн эргэлтэд оруулж мэдлэгийн эдийн засагт үндэс суурь тавих үйл явцыг төрийн бодлогын хэмжээнд уялдуулах шаардлагатай.
С.Чулуун: СУУРЬ СУДАЛГААГ ДАРХЛААЖУУЛЪЯ
-Манай улсад шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчин гэж байдаг юм уу. Тийм бол үүнийг мэдмээр байна. Хэрэв эрхзүйн орчин гэж байдаг бол түүнийг мөрдөж, үүнийхээ дагуу бодлого үйл ажиллагаа явуулдаг байж төр үүнийгээ мэдэх ёстой. Түүнээс биш сургаар амьдардаг хүмүүсийн чинээгээр цацдаг мэдээгээр гардаг шиг шинжлэх ухаанд хаддаг зүйл биш юм. ШУА-ийн Түүхийн хүрээлэнг таван жил удирдаж байгаагийн хувьд хэлэхэд түүх бол онцлогтой мэргэжил. Монголчуудын оршин байх дархлаа бол түүх. Хууль эрхзүйн орчноос гадна хоёр зүйлийг хэлмээр байна. 2013 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дотор Монгол Улсын үндэсний оршин байх үндэс, амин чухал дархлаа бол үндэсний хэл гэсэн байгаа юм. Хоёрдугаарт, үндсэн хуульд эв нэгдлийг эрхэмлэх дээд зүйл нь түүх соёл гэж заасан байдаг. Мөн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт Монголын түүх бол монголчуудын бахархал гэсэн байдаг. Тэгэхээр бид төрөөс барьж байгаа бодлого, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, үндэсний аюулгүй байдал зэргийг хэрэгжүүлэх суурь судалгааг хийж байгаа байгууллага. Сүүлийн үед хүрээлэнг их сургуультай нэгтгэх асуудал ярьж байгаа. Миний хувьд энэ асуудлыг ярихгүй. Харин орчин үед соён гэгээрүүлэх үүргээ нийгэмд яаж биелүүлэх ёстой вэ гэдгээ илэрхийлж чадаж байгаа гэж ойлгодог. Гол зорилго бол дэлхийн монгол судлалын гол зүйл болох хэл, түүх хоёроо Монголд жинхэнэ утгаар нь байлгаж чадаж байгаа гэдгээ баттай хэлж чадна. Одоогоос 5-6 жилийн өмнө Их Монгол Улсын ойг сайн дурын уран сайханчид тэмдэглэж байсан. Түүхт ой баяр болж байсан. Одоо бол түүхт ой гэхээр түүхээ санадаг, сэргээдэг болсон. Түүхчид үүнийг санаачилж, түүхчид түүхийг зөв залдаг болсон. Энэ бол шинжлэх ухаан суурь судалгаатай холбоотой явагдаж байгаа ажил. Хүрээлэнгүүдийг бүгдийг нь яривал эрхзүйн орчноос гадна явуулж байгаа менежментүүдээс их хамаарч байна. Ямар ч байсан төр, эрхзүйн орчин, зарим шийдвэрээс үл хамаарч суурь судалгаа байх ёстой. Суурь судалгааны институт өөрийн дархлаагаа хадгалж явах ёстой.
Г.Чулуунбаатар: ТӨР ЭРДЭМТЭДДЭЭ ИТГЭЭЧ
Зарчмын хувьд хүрээлэнг байлгах байлгахгүйн тухай асуудлыг засаг шийдээд баймааргүй байна. Эрдэмтэд өөрсдөө шийддэг байх учиртай. Манайхан бодлого эрхзүйн орчноо уншдаггүй, хэрэгжүүлдэггүй. Шинжлэх ухааны салбарын бодлого эрх зүйн орчин тодорхой, авсаархан байх ёстой. Дэлхийн шинжлэх ухааны жишгийг бүхэлд нь харахад шинжлэх ухааныг авч яваа хүмүүс нь менежментээ хийдэг системтэй юм билээ. Мөнгөтэй учраас бодлого нь ч тодорхой. Гэтэл манай төр дэлхий дээрх хамгийн муу менежер болоод байна. Шинжлэх ухаандаа хамгийн бага мөнгө өгчихөөд түүнийгээ хамгийн нягт хянаж байна. Тэр бүү хэл объектыг нь хүртэл хянаж байна. Санхүүгийн, менежментийн эрх чөлөө академид ч тэр хүрээлэнгүүдэд ч алга. Тиймээс бодлогын баримт бичгүүдээ эргэж нягтлаад тодорхой хэдэн зүйлд ойлгомжтой болгох хэрэгтэй.
Төрийн байгууллага юу ч хийхгүй байна гэдэг. Гэтэл манай төрд судалгаа захиалдаг, туршлага соёл аль ч шатанд байхгүй. Яагаад гэвэл төрд ажиллаж байгаа хүмүүс шинжлэх ухаан гэдгийг хий үзэгдэл гэж хардаг. Хоёрдугаарт, эрдэмтэд төрд чи ингэ, тэг гэж заадаггүй. Угаасаа боломжгүй асуудал. Манай эрдэмтэд ажлаа, нээлтээ хийгээд орхичихдог. Үүнийг нь ойлгодог ухаантай хүн авч хэрэглэдэг эсвэл 100 жилийн дараа хэрэглэдэг парктик бий. Тиймээс эрдэмтэддээ, шинжлэх ухаандаа итгэдэг байх хэрэгтэй. Шинжлэх ухааны байгууллагын эрх зүйн орчин бидэнд нэг их гай болоод эсвэл бас их нэмэр болоод байгаа зүйл байхгүй. Болохгүй байгаа ганц зүйл бол шинжлэх ухааны байгууллагын хүмүүсийг заримдаа төрийн захиргааны ажилтан шиг эсвэл заримдаа төрийн үйлчилгээний ажилтан шиг заримдаа бизнесийн байгууллагын хүмүүс шиг харж хэний хүн, хэн ч биш болгочихсон. Ингээд зарим нь төрийн албаны хуулиар зарим нь боловсролын хуулиар, төрийн үйлчилгээний бусад хууль болон эрхзүйн хуульд бусад нь татагдаад орчихдог. Тиймээс санхүүгийн менежмент хийх боломжийг олгосон механизмыг одоогийн зохион байгуулалттай нь хийж чадвал сайн байна.
С.НЯМЗАГД: ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ
Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал өөрөө маш том сэдэв юм. Хамгийн нэгдүгээр асуудал бол хүрээлэнг нэгтгэх үү, эсвэл өөр асуудал байна уу. Миний хувьд өөр асуудал гэж ойлгож байна. Манайх улс шиг улс байж, бид хүн шиг хүн байхын тулд жижиг хуулиудыг өөрчлөөд үр дүнд хүрэхгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Уул уурхайд тулгуурласан, зах зээлийн эдийн засгийн асуудлыг яриад байдаг. Би үүнийг буруу гэж үзэж байна. Мэдлэгт тулгуурласан эдийн засаг гэж үздэг. Энэ бол манай орны ирээдүй, хөгжлийн томъёолол. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёстой. Эдийн засгийн асуудлаа үндсэн хуульдаа яаж томъёолсноос тэр орны сэхэх үү, сөнөх үү гэдэг асуудал шийдэгддэг. Би өнгөрсөн жил академичдад лекц уншихдаа Үндсэн хуулийн эдийн засаг гэх цоо шинэ ойлголтыг гаргаж ярьсан. Тэр лекцэнд үе үеийн Ерөнхий сайд нар ч оролцсон. Энэ асуудлаар асуудал өрнөх байх гэж бодсон ч тэгээгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярих ёстой болохоос биш паркийн, технологийн, гарааны компанийн асуудал бол дараагийнх юм.
Н.Нацагням: ХҮРЭЭЛЭНГҮҮДЭД МОНОПОЛЬ ЭРХ ОЛГОЁ
Түүх ярихад 1988 онд Дамдин сайдын эхлүүлж байсан өөрчлөлтийг бид одоо хийх гээд байна. Тэр үед төр ачааллаа даахаа болиод өөрийгөө чөлөөлөх бодлого явуулж байсан. Төр захиалга өгч бүх зүйлсээ хүрээлэнгүүдээр хийлгэдэг байсан. Тухайлбал, “Тэрэлж”, “Сэлэнгэ” ундаа захиалж хийлгэж байсан. Тэгвэл бид өнөөдөр чөлөөт зах зээл нэрээр намын бодлогоор яваад байна. Тиймээс ч хүрээлэнгүүд юу ч хийхгүй байна гэж хараад байна.
Зүүн баруун Европийн шинжлэх ухаанаа хөгжүүлсэн аргаар Дамдин сайд ажиллаж эхэлсэн байдаг. Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг байдаг даа. Тиймээс Дамдин гуайгаас асууж энэ асуудлыг шийдэх боломжтой. Дамдин сайдын хийж байсан ажлаар 1988 онд Аж үйлдвэрийн яамгүй болох байсан. Тэр нь өнөөгийн барууны капиталст нийгэм юм. 27 жилийн өмнө ийм замд орох байсныг бид 27 жилээр хойшлуулсан байна. Тиймээс мөнгө олдог хүрээлэнгүүдээ үлдээгээд инженерийн яамдуудыг байхгүй болгож, хүрээлэнгүүдэд монопол эрхийг нь өгөх хэрэгтэй. Харин мөнгө олдоггүй улс тэтгэх ёстой хэд хэдэн хүрээлэн бий. Тухайлбал, түүх, философийн хүрээлэнг улс тэртээ тэргүй санхүүжүүлэх ёстой. Үүнийг бид 10 жил тогтоож чадвал үндэсний компаниуд тэдгээр хүрээлэнгүүдийг тэтгээд явчихдаг. Хэрэв хүрээлэнгүүдийг их, дээд сургуультай нэгтгэвэл хүрээлэнгүүдийн инженер техникийн ажилчидтай нийлж бослого гаргана.
Өнөөгийн нийгэмд инженерийн яамдууд баймааргүй байна. Яамдуудын ажлыг хүрээлэн хийх ёстой. Хүрээлэнгүүдээ дэмжиж дээд танхим буюу лордын танхимыг байгуулж өөрсдөө хуулиа гаргах ёстой. Түүнээс бид та нарыг дэмждэг хуулийг 76 гишүүн хэзээ ч гаргаж чадахгүй. Тийм мэдлэггүй хүмүүс. Капиталист нийгэмд төр технологийн мэдлэгтэй байгаагүй.
С.Будням: ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ДУТМАГ БАЙНА
Шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар хэд, хэдэн суурь хуулиуд гарч, харин түүнийг баримталж хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, төрөөс хүлээсэн үүрэг, ШУА-ийн хүлээсэн үүрэг, эрдэм шинжилгээний байгууллагад ч үүргээ хуульд заагдсанаар хэрэгжүүлэх тал дээр тун сул байна. Иймд УИХ-аар хэлэлцэгдэх “Шинжлэх ухаан-техникийн талаар баримтлах бодлогын баримт бичиг өмнөх байдалд дүгнэлт хийж, өнөөгийн нийгэм-эдийн засгийн нөхцөл байдалд нийцсэн оновчтой бодлогын баримт болгож батлах нь хууль тогтоогчдын анхаарах зүйл болохоос гадна түүнийг хэрэгжүүлэхэд нийцүүлэн өмнөх хуулиудад засвар хийгдэх ёстой. Тухайлбал шинжлэх ухаан-технологийн хууль, ШУА-ийн статусын хууль зэрэгт засвар оруулах хэрэгтэй.
Т.Дорж: ОНЦЛОГОО БОДОЛЦОХГҮЙ БУСДААС ХУУЛЖ БОЛОХГҮЙ
Монгол Улс өөрийн гэсэн онцлогтой. Суурин соёл иргэншлийг нүүдлийн соёл иргэншилтэй хосолсон холимог соёл, иргэншлийн тогтолцоотой улс. Иймд ямар нөхцөл байдалд байна вэ? Тэр нь гаргах шийдвэрээ тодорхойлдог байх. Гадаад орны бүх зүйлийг хуулж болохгүй. Дэлхий нийтийн жишгийг авч үзвэл их сургуулиуд сургалт давамгайлсан, сургалт судалгаа хосолсон, судалгаа давамгайлсан гэсэн хэлбэрүүдтэй байна. Монголын их сургуулиуд сургалт давамгайлдаг. Ч.Зэгиймаа доктор ярилаа, Их сургуульд суралцагчдын 93 хувь бакалаврын зэргийн сургалтанд хамрагдаж буй гэж, магистр, докторын зэргийн сургалт маш бага хувийг эзэлж буй нь илэрхий. Эндээс үзэхэд манай их сургуулиуд хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн ч агуулгын хувьд бүрэн өөрчлөгдөж чадаагүй байна. Иймд хүрээлэнгүүдийг их сургуульд механикаар нэгтгэх биш нөхцөл байдлыг бүрэлдүүлж байж нэгтгэх нь зохистой. Шинжлэх ухааны байгууллагууд чөлөөтэй ажиллах эрхзүй, эдийн засгийн орчин бүрдүүлэхэд анхаарч, төсвийн гадуурх данстай орлогын олон эх үүсвэртэй болгож, аймаг орон нутгийн төсөвт шинжлэх ухаанд зарцуулах зүйл ангийг шинээр тусгаж, тендерт орох эрхзүйн үндэстэй болговол зохино.
Ц.Дэмбэрэл: ЭРДЭМТЭД ЭЭ, ШУДАРГА БАЙЦГАА
-Шинжлэх ухаан, ШУА, хүрээлэн гэдэг нь ялгаатай ойлголт. Одоогоор манай ШУА-ийн харъяа хүрээлэнд Монголын шинжлэх ухааны ажлын багахан хэсэг нь хамаарч, харин их сургуулиудад оюуны гол хүч төвлөрчээ. Монголын шинжлэх ухаан үндсэндээ суурь онолын судалгаа төдий байсаар өнөө хүрлээ. Манайд хэрэглээний судалгаа бараг алга. Гэтэл зах зээлийн оронд хэрэглээний судалгаа нь илүү хөгжсөн байдаг. Нөгөө талаас онолын суурь судалгааг зохион байгуулдаг арга нь үндсэндээ их сургуулиа түшдэг олон улсын жишиг байна. Гэтэл манайд тусгай хэдэн хүрээлэнг голлон түшдэг. Ийм аргыг социализм байгуулах гэж оролдсон жилүүдэд Монголд хэрэглээд өдгөө түүний үр нөлөөгүй гэдэг нь харагдаад байна. Өнгөрсөн жил ОХУ-д энэ асуудлыг шийдэхдээ эхлээд ШУА -ийг зассан. Зүүн Европын болон хуучин ЗХУ-ын харъяанд байсан улсууд бүгд ингэв.Энэ нь монголчууд бидэнд хэрэгтэй туршлага юм. Бид эхлээд ШУА-ийнхаа учрыг олмоор байна. Манай ШУА бол Монголын шинжлэх ухааны хувьд асуудал болчихоод байна. Намайг сүүлийн 20 жилд энэ асуудлыг сөхөх бүрд ШУА-ийн удирдлага “ОХУ-ыг хараад түр хүлээж байна, ОХУ-ын ШУА манай ШУА хоёр ихэр юм” гэдэг байсан. Гэтэл өнөөдөр “ОХУ-аас сургамж авъя” гэхээр тэд хэлснээсээ буцаж, “ОХУ бол их том, бидэнд өөрийн гэсэн монгол арга байж таарна, тэр нь зүүн Европын болон ЗХУ-ын харъяанд байсан орны хэрэглэсэн арга арай биш юм, одоо БНАСАУ-ыг хүлээе” гэх боллоо.
ШУА-ийн дарга нарыг араас нь УИХ-ын академич гишүүд өөгшүүлж байна. ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Рэгдэлийн хэлснээр, академич хүн сар бүр 650 мянган төгрөгийг зүв зүгээр хүртдэг байна. Тэд сар бүр хүрээлэнгийн захирлын цалин авна, эрдэм шинжилгээний төслөөс бүр ч их мөнгө авна , лавтайяа сая гаруй төгрөг, дээр нь 800 мянга орчим төгрөгийн өндөр тэтгэвэртэй, докторын нэмэгдэл гэж 20 хувийг авна, профессор цолны нэмэгдэл гэж бас 10 хувийг авна, дээр нь ардын болон гавъяатын нэмэгдэл 150-200 мянган төгрөг авна, халамжаас мөнгө авна, ...ингэж болох уу?. Би хүн өөрийнхөө оюуны хүчээр хэдэн ч төгрөг авч болно, харин гаж буруу аргаар ийм их мөнгийг ядарсан ард түмнийхээ халааснаас сар бүр хулгайлж болохгүй гэж үзэж байгаа юм. Насаараа ШУА-д ажилласан, АНУ-ын газар зүйн нийгэмлэгийн гадаад гишүүн, ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, ОХУ-ын Буриад Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Биологийн болон хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор хамгаалсан, профессор Г.Эрдэнэжав гуай сүүлийн 20 гаруй жилд ШУА-ийн гишүүдийн сул авсан мөнгөний дүн долоон тэрбум 567 сая 200 мянга болоод байгааг тооцоолжээ. Энэ их мөнгөн дотор тэдний төслийн цалин, тэтгэврийн мөнгийг оруулаагүй ажээ.
Сэтгүүлчид хямралын үед сул илүү мөнгийг хэмнэх талаар “хэмнэлтийг толгойноосоо” гэсэн асуудал дэвшүүлж, хаана хэн гэгч даргын дэргэд илүү сул мөнгө байгааг илрүүлэх талаар санаачлага гаргамаар байна. ШУА-ийг санхүүжүүлж буй жил бүрийн таван тэрбумд дөхөх их мөнгө бол яахын аргагүй сул мөнгө. Манай ШУА өөрөө юу ч үл хийнэ, хүрээлэнгийн тайланг нэгтгээд бидний хийсэн ажил гэдэг. Энэ буруу. Ингэж бусдын хийснийг өөрийн болгож улсаас хий мөнгө авах нь гэмт хэрэг. Гэтэл ШУА-ийн тэргүүлэгчид яг цагаа тулахаар асуудлыг өөрөөсөө зайлуулж, хүрээлэн рүүгээ оруулж, гуйвуулан завхруулж эхэллээ. Хүрээлэнгүүдийн ирээдүйг бодох сөхөөтэй улс төрч алга. Хүрээлэнгүүд чинь боол байж шүү дээ.
Бас ШУА-н гишүүн бүрт сар бүр өгдөг 650000 төгрөг бол бүр ч илүү сул мөнгө. Энэ мөнгөний дүнг 59 академичээр тооцоход жилд 460 сая 200 мянга болж байна. Манай Сангийн Яам яагаад үүнийг олж харахгүй байна, яагаад тэдний нүдэнд жилд нэг академичид өгдөг, хуулийн үндэслэлгүй, хэмжээ нь долоон сая 800 мянга болдог их төгрөг харагдахгүй атлаа яагаад олон хүүхэд төрүүлж өсгөсний төлөө эхэд өгдөг 100 мянган төгрөг харагдаад байна? Энэ шударга зүйл үү ?
Үргэлжлэл бий...