ДО.ЦЭНДЖАВ

Зохиолч, сэтгүүлч

 

Лувсандашийн Амгалан гэх дайчин ший­дэмгий, ажил хэ­рэгч энэ эмэгтэй 192 мянга га­руй оршин суугчтай нийс­лэ­лийн нүүр царай болсон Баян­гол дүүрэг, их айлын эзэгтэй гэдэг бахархалтай боловч дааж давшгүй хүнд ачааг үүрсээр ирсэн. Эр­чүүдийн ч нуруу хотой­моор төрийн албанд Л.Амгалан хотойшгүй нугарш­гүй явсаар, итгэл хүлээлгэвэл шийдвэр гар­гагч бүсгүйчүүл хэрхэн амжилт гаргахыг  ха­руулж чаджээ.

Энэ дүнг би өгч байгаа биш, иргэд өгч байна. Түүнд амар, хялбар өдөр гэж үнэндээ нэг ч байсангүй. Өглөө гэрээс гарахад л асуудал тулгарна, утас тасрахгүй ярина, албан  ажил руугаа ороход өмнөөс нь  их ажил тосно. Гэвч Лувсандашийн Амгалан дүүргийн орлогч дарга болоод Засаг  даргаар өнөөг хүртэл ажиллаж ирсэн найман жил буюу 3ООО шахам хоногийн нэг ч өдрийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. ЗООО хоногийн баяр баясгалан, ЗООО өдрийн зовлон бэрхшээл, 3ООО өдрийн амжилт бахархал, 3ООО хоногийн сэтгэл зовнил байсан, түүндээ хэдийнэ дасаад харин ч бэрхшээлийг даваад ард гарах  шиг ажлын амт гэж байхгүй болохыг тэр мэдэрчээ. Эмэгтэй хүний  хатан ухаанаар ямар ч асуудлыг  хээ шаглах шиг уранаар  шийдэж чаддаг байна. Заримдаа ч “төмөр хатагтайн” зангараг гаргана  гэж хамтран зүтгэгчид нь ярьсан юм.

Тэрбээр юм юманд эвсэг, эвийг олохдоо гарамгай. Дарга гэж ихэрхдэггүй, бас дал­дагнаад  бөнжигнөдөггүй, шулуун шударга, үнэн үгтэй,  тусархаг цайлган болоод хэрсүү, ажлаар өвчилсөн  нэгэн болохоор түүний дэргэд хүн  зүгээр суухын аргагүй зүүгээр хатгуулсан шиг босно, хөдөлнө, хийнэ, бүтээнэ. Албыг аминых болгож цалгардуулахгүй. Төрийг өөрийн гэр шиг, ах дүүсийн хашаа шиг  болгож дампууруулагч биш.  Өөрөө хэзээний ханцуй шамлаад ороод явчих ажил бишгүй. Баянгол дүүргийн хотгор гүдгэр, хог хаягдал дүүрсэн, хөрс нь эвдэрч шороо тоос боссон, нүх шуудуу болсон  барзгар бүдгэр  газар “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” мод цэцэг найгасан ногоон төгөл үүсгэжээ. Анхилам үнэрт зулзган ойн төгөлд хөгшин, залуугүй  очих, цэнгэн зугаацах, ядаргаагаа тайлах жинхэнэ мөрөөдлийн ногоон орчин болсоор байна. Мод ч сайхан ургаж байна.  Хүний сэтгэлийг сэргээх амар тайван орчин, ногоон төгөл, усан оргилуур зэрэг Амгалан даргын алба хаших  үед бий болж, улам л олширсоор байгаа. Тэрээр сургууль, цэцэрлэг болгоны орчин нов ногоон байх ёстой, энэ цэцэг, мод төглийг хараад гоморхсон хүүхэд тайтгарна, ядарсан багшийн тархи амарна, эндээс бяцхан иргэд уушгиндаа агаар, тархиндаа хүчилтөрөгч авна  шүү дээ гэж хэлэх дуртай. Одоо Баянгол дүүрэгт орчин тойрондоо тохижилт хийгээгүй нэг ч сургууль, цэцэрлэггүй болжээ. Ер нь энэ талаар Амгалан хувьсгал хийсэн ч гэж болно. 

Тохижилт соёлжилтоор, эрүүл мэнд, боловсрол соёл, биеийн тамирын уралдаан тэмцээн, урлаг, бүтээн босголт, үйлчилгээ,  байшин барилгаар, ая тухтай нөхцөл бүхнээр манай дүүрэг тэргүүлэх ёстой гэж тэмцдэг, манлайлдаг тул удаа дараа тэргүүн байрт өрсөлдөж түрүүлсээр ч ирсэн. Бусад ажил нэгтнээ атаархуулж ч чадна, санаа хүч өгч ч чадна, үлгэр жишээ сургамж ч авахуулж чадна.  Иргэддээ ойртох, төрийн үйлчилгээг нэгэн цэгт төвлөрүүлэх, тэдний санал бодлыг авахыг чухалчилна.  Иргэдгүй дүүрэг, иргэдгүй ажил, иргэдгүй зовлон жаргал, иргэдгүй  алга дарам ч газар  байхгүй. Зовлонгүй иргэд байхгүй. Жижиг ажил гэж түүнд бүүр  байхгүй. Хог хаягдал,  хүнд суртал, гомдол санал, бичиг цаас, газрын маргаан, ажлын байрын хомсдол, ядуу зүдүү байдал, архидан согтуурал, гэмт хэрэг, гэр орон сууцны гачаал, замын түгжирэл, хариуцлагагүй явдал гээд бүх зүйл түүний зүрх сэтгэлээс найман жилийн турш салаагүй. Хол байлгахыг ч өөрөө хүсдэггүй. Халуун хоолоо ширээн дээр орхиод, хагас хугас нойроо хугаслаад, дуу хуур цангинасан найрыг хаяад гарч байсан тохиол бишгүй. Зарим өдөр аянга буух шиг болно, зарим өдөр азын од гийх шиг болно.   

Хүмүүс түүнд итгэж  сэтгэлээ уудалж зовлон жаргалаа ярина. Хүнтэй заавал ширээний ард биш, гудамж талбай  хаа ч явсан ажил төрөл  ярих, асуудлыг даруй  шийдэх  удаа ч  бишгүй. Багаасаа “За гэвэл ёогүй” гэсэн аавынхаа сургаалыг төрөлх чанар болтлоо шингээж өссөн болохоор амласан л бол биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Гэвч дийлэхгүй, дийлж болохгүй  юм гэж бий. Түүнээ шуудхан л хэлнэ. Худлаа хэлэх, залилж мэхлэх, илбэдэн зусардах,  хоёр нүүр гаргах, хов живийг үзэн ядна. Үүгээрээ хэнтэй ч эвлэрдэггүй  их эршүүд гэлцэх юм билээ. Төрийн хүний зан харилцаа гэж бий. Хөгшид, ахмадуудтай аав ээж шигээ үнэн сэтгэлээсээ  харилцдаг болохоор “Энэ шар охин цаашаа  явнаа. Заяа нь дэлгэр, миний насыг аваарай” гэх урмын үгийг ч сонсоно.”Энэрэл” гэсэн ажил зохион байгуулж, 1197О иргэнийг үнэ төлбөргүй  эрүүл мэндийн үзлэг, оношлогоо эмчилгээнд хамруулжээ. Улиг болтлоо яригддаг ч ажил болдоггүй зүйл гэж бий. 100 ортой эмнэлгийн барилга хэзээ мөдгүй ашиглалтад орох юм байна, овоо шүү дээ.

Дандаа сайн сайхан үгээр мялаалгана гэж байхгүй. Ажил хийж байгаа хүн л янз янзыг сонсоно уу гэхээс ажил хийдэггүй хүн юу ч сонсохгүй.   Атаархагсад, сөрөг хүчин, зарим шаардлагад дургүйцэгчид, албан тушаалыг ашигла­хыг оролдогсод  хэл ам гаргах, сонин хэвлэлээр худал цуу гүтгэлгэ тараах нь ч хааяа бий.  Тэр болгонд хариу өгөх, шүүхэд хандахад “Адгийн зарга арав хоног” гэгчээр хамаг ажлаа алдах учраас “Зөв явахад зөрүү үг ч  уярна” гээд төдий л тоохгүй.  Энэ тухайд харин хэнэггүй гэмээр. Гэхдээ бүсгүй хүнд урмын үг хэрэгтэй нь мэдээж. Зүтгэж яваад элдвээр хэлүүлэх муухай.     

 Нэг нь хийж бүтээж байхад нөгөө нь устгаж сүйтгэдэг энэ гар, сэтгэлийг яая даа гэж бухимдах үе гарна. Гудамжны гэрэлтүүлгийн шилийг хагалж санаа амарна, модны мөчрийг хуглаад хаячихна, цахилгаан шатны товчийг ухаад гаргачихна. Өнөөдөр ургуулсан модоо хараад баясавч эргээд харахад хөрөөдөөд унагачихдаг хөгийн муухай  зуршлыг яаж халах вэ?  Нэг ажлыг  овоо зэгсэн нугалахад, нөгөө нь өндийгөөд ирдэг нь их нийслэлийн амьдралын нүүр царай  төрх.  Энэ дүүргийн ажил гэдэг чинь  арван хүүхэдтэй айл гэрийн зовлон юм шив дээ гэж боджээ. Амгалангийн ээж бүр багад нь бурхан болоход  учраа олохгүй эгч дүү арвуулаа байсан хүүхэд насаа  дүүргийн орлогч даргаар томилогдсон эхний өдрүүдэд  боджээ. Үнэндээ хамгаас хайртай ээж нь дөч гаруйхан наслаад арван дэрсхэн хүүхдүүдээ орхиод бурхны оронд одсон нулимст өдрүүдэд ч тэр нугарсангүй.  Гэрийн жавар үргээгч, галын бурхан нэгэнт үгүй болж хань бараагүй үлдсэн аав Лувсандаш багш өдөр­жин, шөнөжин сургууль дээр байх боловч  арагшаа гэртээ, хүүхдүүддээ сэтгэл нь татагдаж өнөө хэд маань яаж байгаа бол гэж санаа зовох  боловч, эдэндээ хойт эхийн бараа харуулахгүй гэж тангараг тавьсан шиг явжээ. Багаасаа хэрсүүжиж, багаасаа хар бор амьдрал ажилд нухлуулж, багаасаа эмх цэгц, дэг журам, хэмнэлт, мятрашгүй тэмцэл гэдгийг Амгалан охин зүрх сэтгэлдээ нэвт мэдэрч өсчээ. Ээжийн оронд ээж, аавын оронд аав болж өмнөхөө тэвэрч, ардахаа дагуулж хорвоогийн бор хоногийг өнгөрүүлсээр одоо  арвуулаа чийрэг ой мод өндийх шиг тэгш сайхан өсчээ. Амьдралд хатуу­жина  гэдэг энэ. Арвуулаа  хэнээс ч дутахааргүй бо­ловсрол мэргэжил  эзэм­шиж, арвуулаа ажилтай төрөлтэй, арвуулаа элэг бүтэн нэр төртэй  амьдарцгааж явна. Энэ бол аавын минь ач шүү гэцгээнэ.

Намайг сумын дөрвөн жилийн сургуулиас Мандалговийн  төвийн арван жилийн сургуульд дэвшин суралцахаар ирэхэд хамгийн анхны хичээлийг дүрэлзсэн хурц нүдтэй, хэл яриа хурц, гавшгай хөдөлгөөнтэй, самбар хүүхэд хоёрын хооронд холхиж, хичээл дээр өчүүхэн ч  хий  зай гаргадаггүй  айхтар багшийг Лувсандаш гэдэгсэн. Юм юмыг ажигласан, юмны өөг анддаггүй тэр багш бяцхан оюуныг маань хойт мөсөн далай, ази, европоор  аялуулж, энэ дэлхийн газар орон гэгч ямар гайхамшигтай юм байдгийг тархинд хийж өгсөн  газарзүйн багш байсан нь өнөөгийн Амгалангийн аав юмсанж. Харин тэр хүн гайхамшигт удам угсаатай гэдгийг тэр үед мэдэх байтугай, дөнгөж саяхан л мэдэв. Хорь гучаад онд ууган зохиолч   Сономбалжирын  Буяннэмэхийн орол­цоогүй үйл хэрэг бараг байхгүй гэхэд болно. Сүхбаатар тэргүүтэй хувьсгалын анхны долоод орж яригддаггүй ч гэсэн  тэдний дэргэд явж, үг яриа, үүрэг  даалгаврыг биелүүлж, хувьсгалын их хэрэгт амь хайргүй зүтгэсэн юм. С.Буяннэмэх шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, зохиолчдын байгууллагыг үндэслэгч, шинэ цагийн сонин сэтгүүлзүйг үндэслэгч, утга зохиолын онолыг үндэслэгч гээд нийгмийн асар  их идэвх,  зохион байгуулагч авъяасаар их Д.Нацагдоржоос ч илүү үүрэг гүйцэтгэсэн байдаг. 1924 онд Залуучуудын эвлэлийн дарга С.Буян­нэмэх  коминтернийн Элбэгдорж Ренчиногийн хатгалга, гүтгэлгээр Дан­зантан буюу баруунтны хэрэгт гүтгэгдэж, хорь гаруйхан насандаа  гэрийн хорионд сууж, цаазаар авах ялыг сонсож явжээ. Насаараа хэлмэгдэж, гүтгэгдэж  нэг өдөр ч амар тайван явсангүй.  Энэ тухайд ярьвал их юм бий.  Нам, улсын их, бага  хур­лууд, сонин сэтгүүлийн ажил, урлаг соёлын ажил, наадам цэнгээн,  үзэсгэ­лэн яармагийн ажил, урлаг утга зохиолын ажил гээд бүх ажил Буян­нэмэхгүй болж байсангүй. Төр улсынхаа төлөө төрсөн биеэ үрэн тэмцсэн, одоо ч бүтээлийг нь гадаад, дотоодын эрдэм­тэд бишрэн су­далсаар байна. Ийм Монгол үндэсний хэмжээний сэхээтэн, соён гийгүүлэгч  алдарт гавьяат зохиолч С.Буяннэмэхийн төрсөн дүү Адьяадорж хүү нь Амгалангийн аав Лувсандаш багш байжээ гэдгийг мэдээд гайхав, бахдав, бишрэв. Ийм өвөөтэй, ураг удам угсаатай  “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэгчээр Лувсандашийнхан бүгдээрээ л төр улсдаа үнэнч шударга, түмэн олондоо нэртэй төртэй зүтгэцгээж байна. Тиймээс ч С.Буяннэ­мэхийн нэрэмжит номын өргөө байгуулж, хүүхэд залуучуудын оюуны цэнгүүний гол газар болжээ. 25О төрлийн 3ООО гаруй ном гэдэг бага юм биш. Зөвхөн нэг ном гэхэд л ертөнцийг бэлэглэнэ. Хог, хог л гэж шогшиж явдаг дарга нар ном, ном гэж ярих цаг үе ирж....Дүүргүүдийн түүхийг ажвал номын сан өргөө байгуулсан дарга Л.Амгалангаас өөр гарсангүйд зохиолчийн хувиар бахархсан.  

Ээж нь багш, аав нь багш.  Жинхэнэ соёл, гэгээрэл, гэгээвчний цаанаас гэрэлтсэн орчинд өссөн болохоор Лувсандаш багш “ Гэртээ номын сангүй бол та нарынхаар орохгүй шүү” гэж хүүхдүүддээ хэлдэг байжээ. Иймээс арвуулаа номыг дээдэлж, ном уншиж, номын ухаанаар өссөн гэхэд болно.  Ээж Цэрэнпагма хүүхдүүддээ багаас нь шатар, даам зааж сургажээ. Өөрөө  улсын шатрын томчуудтай ана мана үзэлцдэг шатрын спортын  мастер учраас тэр. Нэгэн тоонот гэрт ээж, охин хоёр хоёулаа тамирчин болж нутаг усныхаа нэрийг мандуулж явсан удаатай.   Дал, ная, ерээд оны Дундговийн гар бөмбөгийн охидын өмнө хотынхон ч гишгэдэггүй хүчтэй баг байлаа. “Доржсүрэнгийн адуу шиг охид” гэж хэний ч зүрхэнд шар ус хуруулж байсны нэг нь  Амгалан юм.

Тэр  гар бөмбөгийн спортын мастер учраас биеийн тамир спортод хайртай түүний төлөө ихийг хийжээ. Дүүрэгт мөдхөн усан спортын танхим, сагс, гар бөмбөг, фитнессийн орчин үеийн спорт цогцолбор сүндэрлэх нь.  Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувиар хийсэн ажил цөөнгүй. Сүүлийн үед манай волейболчид Азидаа бол хаанахын хэнтэй ч жигд сайхан тоглочихдог, амжилт нь олон улсын хэмжээнд хүрч очжээ. Багаасаа багаараа нийлж амжилт гаргадаг нь хожмоо удирдах ажил хийхэд ихээхэн тус болж, багаараа гар санаа нийлэн ажиллаж илүү үр дүнд хүрч байна гэж мэргэжилтнүүд үздэг.

МАН-ын Бага хурлын гишүүн,  дүүргийнхээ намын хорооны дарга туршлагатай улс төрч гэж намынхан нь хэлэв. Гэхдээ хэн нэгний фракцид, хэн нэгний гар хөл болж ил далдуур хуйвалдаж явсангүй. Зөвхөн ажлаа л хийж явж... “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг үг хоцрогдсон гэж хааяа дуулддаг. Гэвч үнэн бол хэзээд гайхамшигтай, хувиршгүй үнэт зүйл болохоор өнөөдөр биш гэхэд маргааш заавал сайн юманд, амжилтад  хүргэнэ. Тиймдээ ч нам дотроо шигшигдэн  үнэлэгдэж УИХ-ын сонгуульд дүүрэгтээ нэр дэвшин зүтгэж явна. 

Ажил хийсэн нь  нүүр бардам, хийгээгүй нь нүүр бурууламхай  байдаг. Ард түмэн ажил хийсэн, бүтээн босгосон, хүний төлөө, төр улсынхаа төлөө зүтгэсэн  хүнээ ч таних байлгүй. Амгалан Баянгол дүүргийн Засаг даргынхаа хөтөлбөрөө бараг л зуун хувь биелүүлсэн. Үүнд нь иргэд оршин суугчид талархлаа илэрхийлж сэтгэл итгэлээр дэмжиж байдаг юм. Нийслэлийн маань хамгийн орчин үеийн төрхтэй, хамгийн өргөн сайхан гудамж талбайтай, хамгийн хөгжиж цэцэглэсэн, хамгийн шилдэг сэхээтнүүдтэй Баянгол  дүүрэг өдрөөс өдөрт өнгөө засаж байгаа. Сайхан нов ногоон орчинтой, саруул өргөн гудамжтай, цацарсан усан оргилууруудтай, санаа сэтгэл тэнүүн айх аюулгүй алхах хамгийн гоё дүүрэг болохдоо нэг болноо.   Хөгжлийн дөрөөн  чимээ тун ойрхон сонсогдож байна.

Лувсандашийн Амгалан түмэн олныхоо дэмжлэгээр УИХ-д гараад ирвэл нийслэлд ашигтай, цаашдаа дүүрэгт ашигтай нь мэдээж . Төрийн анхан шатны тогоонд чанагдсан, бүхнийг туучаад гарсан хүнд бүх зүйл гар дээрх шиг ил  байх нь мэдээж. Хоосон чалчигчид биш, хийж бүтээгчид, туршлагатай хүмүүс, хүчирхэг эмэгтэйчүүд гарч ирэх цаг болж...

ХХI зууныг эмэгтэй­чүүдийн зуун гэдэг. Энэ үнэнийг дэлхийн улс орнууд нотолчихлоо. Одоо Mонголын хувьд ч эмэгтэйчүүдийн эрин үе ирж байх шиг байна.  Айлын гэрийн эзэгтэй шиг, ээж шиг хандана, хайрлана ч, зүтгэнэ ч...тэд бусармаг бүхэнтэй эвлэрэхгүй байх байгалийн дархлаатай улс. Алдааны өмнө аавууд дуугүй байхад ээжүүд л үглэж дуулж,  сургаж дуулгаж, чирч гулдарч хүн шиг хүн болгох гэж зүтгэдгийг бид амьдралаасаа мэднэ. Намуудад шилдэг хүмүүс байгаа. Аль дөмөг нь гарч  ирэг л дээ.  Монгол төрөө засах, төрд халдварласан  өвчнийг нь анагаах  тийм эрч хүчтэй шинэ, шинэ хүмүүс ирнэ гэж сонгогчид хүсэн хүлээж байгаа. Тэдний дотор Лувсандашийн Амгаланг ороод ирнээ гэдэгт дүүргийнхэн нь итгэлтэй байгаа.