Ч.БЯМБАХАЖИД

 

Монголчуудын хамгийн ихээр зорчин, ажил хөдөлмөр эрхэлж, сурч боловсорч, аялдаг улсуудын нэг бол БНСУ билээ. Тэгвэл монголчуудыг БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцаах, хүний эрхийг хил дээр зөрчих асуудал жил ирэх тусам нэмэгдэж байна. Тодруулбал, 2023 онд Монгол Улсын 1500 иргэнийг БНСУ руу зорчиход хил дээрээс буцаасан байна. Ингэхдээ иргэдийг 2-7 хоног саатуулах байранд байлгажээ. Улмаар 2024 онд 1700 гаруй иргэнийг мөн дээрхтэй адил байдлаар буцаажээ. Харин он гарсаар дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар 246 иргэн буцаагдсан төдийгүй энэ тоо өдөр ирэх тусам өсөх хандлагатай байгаа юм.

Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцаагдсан иргэдийн төлөөлөл өчигдөр БНСУ-ын Элчин сайдын яаманд эсэргүүцлээ илэрхийлэн, шаардлага хүргүүлэх тухай мэдээллээ.

 

“Хоёр улсын дипломат харилцааны хүрээнд иргэдийн эрх зөрчигдөж байна”

 

Энэ талаар өмгөөлөгч Р.Булгамаа “БНСУ-ын визтэй холбоотой асуудлаар 2024 оны арваннэгдүгээр сараас хойш асуудал хөндөж байна. Энэ талаар эхлээд надад 10 гаруй хүн хувиараа хандсан. Ингээд бид арванхоёрдугаар сарын 19-нөөс эхлээд БНСУ-ын ЭСЯ-ны гадаа зогсож шалтгааныг тодруулахаар албан ёсоор хариу өгөхийг хүссэн. Гэвч ЭСЯ-нд ямар нэгэн иргэдийг хүлээн авах цэг байдаггүй учраас өөрийн суугаа орныхоо ГХЯ-аар дамжуулан хандан ёстой гэх байр суурийг илэрхийлсэн юм. Ингээд бид ГХЯ-ны консулын албанд болон ХЭҮК-т хандсан.

ХЭҮК 2025 оны нэгдүгээр сарын 14-нд иргэдийн халдашгүй дархан байх эрхэд халдаж байгаа үйлдэл нь тодорхой баримттай байна. “Нэгдүгээрт, иргэдийн гадаад паспортыг 30 хоног хураан авч хадгалж байгаа нь бусад улсад зорчих эрхийг хязгаарлаж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэдэд виз олгосон атал хил дээрээс олноор нь буцааж байгаа байдал болон тухайн газар хяналт шалгалтыг зохион байгуулахдаа иргэдийн хувийн өмч, биед нь халдах, гар утсыг нь хурааж авах, нэг бүрчлэн мэдээллийг нь шалгадаг зэрэг үйлдлүүд нь хувь хүний халдашгүй дархан байх эрхэд халдсан үйлдэл болж байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн чөлөөтэй зорчих, халдашгүй дархан байх эрхтэй гэж заасан байдаг. Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцод иргэний болон улс төрийн конвенцын “Иргэдийн халдашгүй дархан байх эрх”-ийн тухай эрхзүйн зохицуулалт, хоёр улсын дипломат харилцааг зохицуулсан дипломат албаны тухай венийн конвенц, консулын харилцааг зохицуулсан зэрэг холбогдох олон улсын гэрээ конвенцуудыг зөрчиж байна” гэх дүгнэлтийг ХЭҮК-оос гаргаж өгсөн.

Үүний нэг хувийг ГХЯ руу илгээсэн. Иймд ГХЯ-ыг энэ асуудал дээр анхаарч ажиллахыг хүсэж байна. Хоёр улсын дипломат харилцааны хүрээнд иргэдийн эрх зөрчигдөж байгаа учраас энэ асуудал дээр анхаарах нь зүйтэй гэх зөвлөмжийг хуулийн хүрээнд хүргүүлсэн. Бид ГХЯ-нд өгсөн бичгийнхээ хариуг авах гэж удаа дараа хандсан. Ингээд хоёр сарын дараа бид хариултаа авсан. ГХЯ-ны Консулын газрын даргын гарын үсэгтэйгээр ирүүлсэн хариултад “Өмнө 90 хоногийн хугацаанд гадаад паспортыг авдаг байсан бол одоо хоёр улсын дипломат харилцаа, найрсаг хамтын ажиллагааны үр дүнд энэ тоо 30 хоног болж, харьцангуй нааштай болсон” гэх хариултыг өгсөн. Мөн иргэдийн тавьж байгаа хүсэлт, гомдлыг дипломат шугамаараа анхаарал хандуулж ажиллана гэдгээ илэрхийлсэн байсан. Гэвч ингээд тодорхой үр дүнд хүрээгүй болохоор Гадаад харилцааны сайдад хандаж элчин, консултайгаа хамтарч уулзалт хийнэ үү. Иргэдийн асуудлыг авч хэлэлцэнэ үү. Маш олон иргэн мөнгө санхүү, цаг хугацаа гээд олон зүйлээр хохирч байгаа гэх асуудлыг тавьсан” гэв.

Түүнчлэн онгоц бүрээс 2-5 иргэнийг шалтгаангүйгээр буцаадаг байдалд өөрчлөлт ороогүй хэвээр, асуудал шийдэгдэхгүй олон жилийг өнгөрүүлж байна.

Цаашлаад туйлдсан иргэд Монгол БНСУ-ын парламентын бүлэгт ханджээ. Энэ талаар өмгөөлөгч Р.Булгамаа үргэлжлүүлэн “Ингэснээр тус бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ иргэдийг хүлээн авч уулзсан. Улмаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдтай уулзах болсон учир буцаагдсан иргэд өөрсдийн биеэр очиж, тулгараад байгаа асуудлаа нэг бүрчлэн хэлсэн.

Нэгдүгээрт, гадаад паспортыг эх хувиар авдаг асуудлыг шийдэх гарц гаргалгаа байгааг элчин сайдад хандаж хэлсэн. И-монголиа цахим системийн баримтаар авч болно. Өөр улсад зорчих шалтгаанаар гадаад паспортоо дундаас нь авсан тохиолдолд визийн мэдүүлэг цуцлагддаг тохиолдол нь хүний эрхийн зөрчилд тооцогдоно. Бүр болохгүй бол нотариатаар баталгаажуулсан хуулбарыг өгье гэх саналыг өгсөн байгаа. Мөн Нотариатын холбоонд хандсан. Улмаар элчин сайдын яаманд Нотариатын холбоо хандаж, хамтран ажиллах санал тавьсан хэдий ч тодорхой хариу өгөөгүй байсан. Ингээд элчин сайд эдгээр саналыг хүлээн авч, шийдэх боломжтой гэдгийг хэлсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр эдгээр асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна” гэсэн юм.

 

“Цүнхэнд байгаа мөнгийг тоолоод, дансыг маань шалгах хүсэлт хүртэл тавьсан”

 

Тэгвэл БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцаагдсан иргэд БНСУ-ын ЭСЯ-нд гомдол гаргаж, тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.

Иргэн Б.Соёл-Эрдэнэ “Би анх 2019 онд БНСУ-д очоод нэг сарын дараа буцаж байсан. Энэ удаад нөхөртэйгөө хамт визэд ороод гарсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд визийн хүсэлтээ өгөөд ойролцоогоор 20 орчим хоногийн дараа бид хоёрын визийн хариу ирсэн. Нөхрийнхөө ээлжийн амралтыг аваад тавдугаар сарын 12-ны 18:35 цагаас Улаанбаатараас нисэж, БНСУ-д 22:35 цагт буусан. Уг нь зургаадугаар сарын 4-нд буцахаар төлөвлөж байсан. Миний хувьд Инчоны шалган нэвтрүүлэхээр нэвтэрсэн ч нөхрийг маань нэвтрүүлээгүй. Бид хоёрын бүх бичиг баримт адилхан байхад нэгийг нь нэвтрүүлээд нөгөөг нь оруулаагүй. Хэсэг хугацааны дараа гаалийн ажилтнууд намайг дуудаад хойд өрөө рүү оруулсан.Тэр өрөөнд надтай хамт тухайн онгоцоор ирсэн найман иргэн байсан. Ойролцоогоор 3-4 цаг болсны дараа түр саатуулах өрөө рүү авч явсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ, Гадаад харилцааны яам болон ХЭҮК-т хандаж БНСУ-ын хил дээр хүний эрх зөрчигдөж байгаа талаар гомдол, мэдээлэл хүргүүлж байна. Тухайн үед миний эрхийг яаж зөрчсөн бэ гэвэл утсыг минь зөвшөөрөлгүй авч яваад 20 орчим минутын дараа буцааж өгсөн. Үүний дараа надаас олон асуулт асуухад бүгдэд нь хариулаад шаардлагатай бүх бичиг баримтаа үзүүлсэн. Сүүлдээ миний цүнхэнд байгаа мөнгийг тоолоод, дансыг маань шалгах хүсэлт хүртэл тавьсан. Инчоны буудлаас буцсан Монголын найман иргэн ямар шалтгаанаар буцаж байгаагаа мэдэж чадаагүй. Ямар шалтгаанаар буцаагдаж байгаагаа мэдчихээд буцъя гээд орчуулагч авахыг хүссэн ч үл тоосон. Гаалийн ажилтнууд нь Монгол иргэдийг ялгаж харьцдаг санагдсан. Мөн надад БНСУ-д орох тамга дарсан ч гарсан тэмдэглэгээг дараагүй. Миний визийн хугацаа дуустал хилээр гарсан тамга дарахыг БНСУ-ын ЭСЯ-наас шаардаж байна” гэлээ.

Улмаар тэднийг битүү орчинд, ямар ч цонхгүй өрөөнд саатуулагдаж байхад 2-3 хүн нэмж орж ирсэн. Өдөрт ойролцоогоор 10 гаруй хүнийг ямар ч шалтгаангүй буцааж байна хэмээн иргэд мэдээллэсэн юм.

Уг асуудалтай холбоотойгоор БНСУ-ын ЭСЯ болон ГХЯ-д хандан зургаан шаардлагыг хүргүүлж байгаа аж. Тус шаардлагад уг асуудлыг судалж, БНСУ-ын талд албан ёсны мэдэгдэл хүргүүлэх, Монгол Улсын иргэдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалж, ижил нөхцөл байдалд өртсөн иргэдийн мэдээллийг цуглуулж, хамтарсан нэхэмжлэл гаргах. Мөн БНСУ-ын зохисгүй хилийн шалгалтад дипломат арга хэмжээг авах, хяналтын камерыг шүүж, шалгуулах, зүй бусаар харилцсан тухайн улсын гаалийн ажилтныг шалгаж, хүний эрх зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцох, БНСУ-ын виз олгох хүсэлт гаргаснаас хойших бүх зардлаа нэхэмжлэх, хохирлыг барагдуулж өгөхийг шаарджээ.

Буцаагдсан иргэд дээрх шаард­лагуудыг тус улсын хил дээр байхдаа гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч БНСУ-д суугаа Монголын ЭСЯ-наас “Тэнд байхад хүсэлтээ гаргах боломжгүй, Монголд очсон хойноо шаардлага хүргүүлбэл бидэнд ирнэ” гэж мэдэгдсэн учраас Монгол руу буцах шийдвэр гаргасан байна.

Иргэн Т.Цэцэгбилэгт “2025 оны гуравдугаар сард виз мэдүүлээд дөрөвдүгээр сард виз маань гарсан. Ингээд тавдугаар сарын 12-нд БНСУ руу нөхрийн хамт явсан. Гэвч хил дээр очтол “Энэ удаа таныг оруулах боломжгүй” гээд ямар нэгэн тодорхой шалтгаан хэлэлгүй шууд буцаасан. Миний хувьд өмнө болон сая ямар нэгэн хилийн зөрчил гаргаагүй. Аяллын зорилго тодорхой, очих газар ч тодорхой, ямар нэг асуудал огт байгаагүй юм. Өмнө 2017 оноос хойш гурван удаа БНСУ руу явж аялдаг байсан. 2022 онд нэг удаа хил дээрээс буцаж байсан. Учир нь би тухайн үед аяллын визтэй явсан ч 2-3 удаа ажилд гарсан юм. Наашаа буцах болоход хил дээр ажиллаж байсан ажилтан нь утас булааж аваад кодоо хэл гэсэн. Тэгээд миний утсыг шалгаж үзсэнээ “Чи ажил хийсэн байна. Одоо чамайг буцаана” гэж хэлсэн. Тэр үед үнэхээр ажил хийсэн минь үнэн учраас хүлээн зөвшөөрсөн. Ингээд нэг удаа буцаж байсан. Харин саяын тохиолдолд бол ямар ч зөрчил байхгүй байхад буцаасанд нь гомдолтой байгаа. Нөхөр маань ч гэсэн яг адилхан бичиг баримтаа бүрдүүлээд явж байхад хилээр оруулчхаад, намайг шууд буцаасан. Бид үүнээс болж мөнгө санхүү, сэтгэл санаа гээд олон зүйлээрээ хохирч байна. Цаашдаа монголчуудыг хил дээрээс буцаадаг асуудлыг гаргамааргүй байна. Нэг онгоцноос гэхэд л долоон хүн буцаж ирсэн. Хил дээрээс буцаадаг энэ асуудал олон жил үргэлжилж байна” гэв.

Жилд хэдэн мянгаараа тус улсыг зорьдог монголчууд хил дээрээс шалтгаангүй буцаагдаж буйтай холбоотой учирч байгаа эрсдэл, гэм хор, хохирлыг өнөөдөр хэн, хэрхэн шийдэх нь асуулт хэвээрээ байгааг өмгөөлөгч болон иргэдийн төлөөлөл хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 91 (7588)