Б.ЭНХЗАЯА
Фэйсбүүк ашиглагчдын тоо манай улсад 700 мянга давжээ. Хэрэглэгчдийн олонх нь өсвөр насныхан байна. Тэдний дунд хуурамч нэрээр бусадтай харилцан нууц мэдээллийг нь олж авч сүрдүүлдэг нэгэн ч байдаг аж. Тэдний нэгийг саяхан ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулжээ.
ХАРИЛЦАГЧДЫН ОЛОНХ НЬ ӨСВӨР НАСНЫ ОХИД БАЙВ
Гэмт этгээдийг Б гэх бөгөөд фэйсбүүк хуудаст хуурамч нэрээр бусадтай харилцдаг байжээ. Харилцагчдынх олонх нь өсвөр насны охид байсан байна. Тэрээр охидтой удаан хугацаанд харилцаж итгэлийг нь олж авах замаар гэмт үйлдлээ эхлүүлдэг байж. Ингээд нууц мэдээлэл, нүцгэн зургийг нь татаж авдаг байсан гэнэ. Цагдаагийнхан түүний компьютер болон гар утаснаас охидын 1075 зураг олжээ. Түүнээс бараг тал хувь нь нүцгэн зураг байсан гэнэ. Хохирогчдыг олсон эсэх талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Гэмт этгээдийн гар утас болон компьютерт хадгалагдсан 1000 гаруй зургийн эздийг хохирогчоор тогтоож эхэлсэн. Зарим хохирогчийг эрэн сурвалжилж байна. Та бүхний хувийн мэдээллээр дамжуулан дарамтаж, хууль бус зүйл шаардаж байгаа бол цагдаагийн байгууллагад яаралтай хандах боломжтой.
Өсвөр насныхан өөрийнхөө фэйсбүүк хаяг таньж мэдэхгүй хүмүүстэй найз болохгүй байх, хувийн мэдээллээ тавихгүй байхыг эцэг эхчүүд нь анхааруулаарай” гэв.
ГЭМТ ЭТГЭЭД 16 НАСТАЙ ХҮҮ БАЙЖЭЭ
Хуурамч нэрээр фэйж хуудас нээж бусдыг хуурсан этгээд зүүн аймгийн оршин суугч бөгөөд 16 настай өсвөр насны хүү болохыг эх сурвалж хэллээ. Хэрэгтэн охидын нүцгэн зургийг интернэтэд байршуулна хэмээн сүрдүүлж тэднээс мөнгө нэхэх болон бэлгийн харьцаанд орохыг шаарддаг байжээ. Хохирогчдын дунд түүний хүслийг гүйцэлдүүлж аймагт нь очиж бэлгийн харьцаанд орсон нэгэн ч байгаа гэнэ. Сүрдүүлэгч хүүд Эрүүгийн хуулийн 123, 149 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
СЕКС ГЭМТ ХЭРГИЙН 39 ҮЙЛДЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Хоёр жилийн өмнө гэхэд энэ төрлийн гэмт хэрэг гадаадад үйлдэгдэж байгааг цагдаагаас анхааруулж байсан бол одоо манай улсад үйлдэгдэж эхэлсэн нь харамсалтай. Гэмт хэрэгтэн нь бүр бага насны хүүхэд байгаа нь фэйсбүүк хэрэглээ манай улсад ямар хэмжээнд байгааг харуулж байгаа юм.
Фэйсбүүк хэрэглэгчид амьдралынхаа өдөр тутмын мэдээллийг түгээж, зураг байршуулдгаас гэмт этгээдүүдэд давуу байдлыг бий болгодог ажээ. Өөрөөр хэлбэл, хэрэгтнүүд өөрийнхөө хувийн байдлын талаар мэдээлэл дэлгэдэг нэгнийг хохирогчоор сонгож, найзын хүсэлт илгээн, харилцаж эхэлдэг байна. Тэдний олонх нь өсвөр насны охид байгааг цагдаагийн эх сурвалж хэлж байгаа юм. Тиймээс хүүхдүүдийнхээ цахим орчны харилцааг эцэг эхчүүд хянаж, танихгүй хүмүүстэй харилцахгүй байхыг анхааруулах хэрэгтэй болжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр одоогоор секс гэмт хэргийн 39 тохиолдлыг цагдаагийнхан шалгаад байгаа аж. Гэмт хэрэгтнүүдийн хоёр нь Монгол Улсын иргэн бол бусад нь гадаадын иргэд гэнэ.
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт секс гэмт хэргийн хохирогчид хандахаас гадна цахим гэмт хэргийн бусад төрлүүд ч үйлдэгдэх болжээ. Тухайлбал, хортой код ашиглан бусдын мэдээллийг олж авсан хоёр, цахим шуудангаар бусдыг хуурсан 10, садар самуун сурталчилсан бичлэгийг интернэт орчинд байршуулсан гурван тохиолдлыг шалгажээ. Мөн зохиогчийн эрхийг зөрчиж бусдын ном, товхимолыг цахим хуудаст зөвшөөрөлгүйгээр тавьсан хэргийг ч шалгаж байна.