Т.БАТСАЙХАН
Байгалийн баялгийн хойноос улайрч байгаа хэсэг бүлэг хүмүүсийн гайгаар бид эх дэлхийнхээ дахин давтагдашгүй бүтээлийг нэг нэгээр нь устгасаар байна. Энэ талаар хүн бүхэн ярьж, хэлдэг ч үр дүнд хүрдэггүй. Шийдвэр гаргагчид, байгаль сүйтгэгч нь ч нүдээ аниад, чихээ бөглөөд өнгөрдөг тийм нэг сонин тогтолцоо энэ салбарт ноёлоод удаж байна. Баялагийн баялагаа зүй бусаар ашигласнаар бид өдийг хүртэл олон сайхан гайхамшигт байгалийн зүй тогтлоо алдаж байгаа юм. Одоо дахин нэг гайхамшиг маань балгас болохоо дөхөж, биднээс аврал эрж байгаа юм. Дорноговь аймгийн Айраг суман дахь Цагаан дэлийн агуй эрэмдэг, зэрэмдэг болжээ. Хүнээр бол түүний гар хөлийг ашигт малтмал олборлогчид тасдан хаяад байна. Цагаан дэлийн агуй бол Монголын хамгийн урт агуй хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн. Газар доогуур 1,2 км үргэлжлэх агаад дотроо хоёр нуур, мөсөн танхим, амьтны үлдэгдэл яс, ховор нандин агуйн бүрдэлтэй байгаль эхийн гайхамшигт бүтээл юм. Уг агуй нь 1968 онд хайлуур жонш олборлож байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор нурж нээгджээ. Анх орсон хүмүүс агуй дотор ус мөс, бүтнээрээ шахам байсан нохой шиг толгойтой том амьтан, өөр бусад амьтны яс маш ихээр байсныг олж үзээд ШУА-д захиа бичиж судлан үзэхийг хүсч байжээ.
Гэтэл бидний харалган байдлыг ашиглан ашиг хонжоо хайгчид тэнд сүйтгэлийн ажлыг аль хэдийнэ эхлүүлсэн байна. Агуйн орчимд шонжны орд элбэг учраас 2000 оноос эхлэн хар гартнууд тийшээ ханцуй шамлан зүтгэх болжээ. “Таван баатар” , “Эрдэс плазм” хамгийн сүүлд “Эжунмэн” компани 116 га талбайд ашиглалт хийж жонш олборложээ. Одоогийн байдлаар агуйг тойрон есөн уурхай болон хувиараа жонш олборлогчид тэнд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Байгалийн баялгийг сүйтгэгчид үйл ажиллагаа явуулахдаа агуйн амыг дэлбэлж түүх, соёлын дурсгалт газрыг гэмтээн, байгалийн унаган тогтоцыг үгүй хийж байгаа юм. Тиймээс байгаль эхийн бүтээл болсон энэ агуйгаа Улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай байна. 2011 онд агуйн амыг тойрсон 3.63 га газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад, 2013 онд дээрх 3.63 га газрыг оролцуулан 116 га газрыг Айраг сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад, 2014 онд мөн газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авсан байна. Гэвч ашигт малтмал олборлогчид тэндэнд дийлдэхгүй газар нутгийг нь сүйтгэсээр байгаа юм.
Энэ талаар Дорноговь аймгийн Айраг сумын зарим иргэд УИХ-д хандаад байгаа ч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Тэдний ярьж байгаагаар байгалийн өвөрмөц тогтоц болсон агуйгаа сүйтгэхийн зэрэгцээ тухайн орчинд тэсэлгээний дуу чимээ, тоос шороо үүсч байгаа нь хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй ундны усны хомсдол үүсгэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж байгаа юм. Мөн одоогоор агуйн жоншийг эвдэж авснаас, нуранги үүсэж соёлын өвийг бүртгэхэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон ажээ. Тиймээс Цагаан дэлийн агуй хэмээн энэхүү байгалийн гайхамшигт тогтоцоо балгас болохоос нь өмнө Улсын тусгай хамгаалалтад авмаар байна.