Ч.ЗОТОЛ

Улсынхаа толгой нь болж, хөгжилд  хөтөч хийх үүрэгтэй Шинжлэх ухааны академи  гэгч байгууллага нэг л их  данхгар бүтэц, төрийн ордонтой айлссан  том саарал  байшин, эрдмийн цол зэргээр наймаалцаж, дарга нарын амыг элдэв шагналаар таглаж зоргоороо авирладаг газар  л болж. Тэр байтугай юм ч зөндөө. Энэ тухай асуудал хөндсөн нийтлэлээ бид “Загас толгойноосоо...” гэсэн гарчигтайгаар уншигч танаа цувралаар хүргэж байгаа билээ.  Улсын толгой ийм байхад удаах  нь ямар байх нь ойлгомжтой.  Бид цаашид яах вэ.

 

ТҮМНЭЭ ШУЛЖ, ТӨРИЙН ТҮШЭЭДИЙГ  МӨНГӨӨР УГЖДАГ 

Хэдэн хүн сууж байгаад нэгэндээ академич цол олгож татвар төлөгчдийн мөнгөнөөс сар бүр 500 мянган төгрөг зүгээр өгөөд сууж байна гэхээр ямар ШУА байхав. Тэнд хэн ажилладаг нь ойлгомжтой. Сүүлийн үед УИХ-ын гишүүд ШУА-ийн Тэргүүлэх зөвлөл гэгчийнх нь гишүүн болж сар болгон 500 мянга, жилд  зургаан сая төгрөг халаасладаг жишиг тогтжээ. Тэгээд төсөв хүрэхгүй байна, мөнгө мөнгө гээд л байдаг. Манайх  улс  шинжлэх ухааны байгууллагадаа хангалттай мөнгө өгч чаддаг уу гэвэл бас үгүй. Тэгсэн хэрнээ эдийн засгийн, үйлдвэрлэлийн үр өгөөж хүлээдэг  тэнэг бодлого баримталдаг нь ч үнэн. Бусад улс оронд шинжлэх ухааны хөгжлөөсөө эдийн засгийн үр ашиг хүртэхийн тулд суурь судалгаанд дор хаяж ДНБ-ий 2.0 хувиас дээш хэмжээний мөнгө зарж байж хүссэн үр дүнгээ хүртдэг судалгаа бий. Манайд маш бага, тэр байтугай ДНБ-ий 2.0 хувь хүрэхтэй үгүйтэй мөнгийг л шинжлэх ухаандаа зарцуулдаг. Тэгвэл, шинжлэх ухаандаа ингэж хандаж буй  орныг олон улсад  оюуны хомсдолд орсон гэж тодорхойлдог юм билээ.

 

ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР “СААДАГ” ТББ-УУД АКАДЕМИЧДЫНХ

Шинжлэх ухааны салбар мөнгө олох өөр арга зам байна уу гэвэл гаднаас оруулж ирж  хэрэгжүүлдэг өдий төдий  төсөл, хөтөлбөр байна. Тэр нь шинжлэх ухааны салбарт шингэдэг үү, академич нарын түрийвчийг түнтийлгэдэг үү?

Энэ асуултад захын ганц хоёр  жишээг татъя. ШУА-ийн саарал байшин дотор “Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн” нэртэй байгууллага бий. Энэ байгууллага, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин хоёрын нэр хамт бичигдэж, уншигдаж байдаг нь ямар учиртайг мэдэхгүй. Ямартаа ч  ЮНЕСКО зардлын  талыг  гаргаж,  манай улс хамжиж босгосон юм гэдэг.  Олон улсын чанартай томоохон хурал цуглаан, төсөл хөтөлбөрүүд тэр байгууллагаар дамжин хэрэгждэг. Ямар ажлууд хийсэн нь  олон нийтэд  тодорхой бус. 1998 онд байгуулагдсан, нийт 10 хүн ажилладаг гэсэн гэснээс өөр албан ёсны танилцуулга алга. Иймэрхүү  төр, хувийн хэвшлийнх нь мэдэгдэхгүй их төлөв академичдын  гэсэн автортой  ТББ, судлалын төв, хүрээлэн гэх байгууллагууд олон. Тэд  юу хийж явдаг тухайд нэг  жишээ хэлье. Өнгөрсөн жил АНУ-ын иргэн, хятад гаралтай судлаач Альберт Лин “Хаадын хөндий”  гэх төслийн нэрээр Бурхан Халдунд гарч баримтат киноны зураг авч, түүнчлэн их хааны онгон тэнд бий гэсэн судалгааны дүнгээ дэлхий нийтэд зарлах гэж байгаа тухай мэдээлэл шуугиан тарьсан. Гэтэл “Хаадын хөндий” төсөлд  манай нэртэй эрдэмтэн, академич Ш.Бира, түүний гарын шавь, доктор Ц.Ишдорж нарын эрдэмтэд  оролцжээ /Сүүлийн үед залуу судлаач Э.Мижиддоржийг оролцуулсан байдаг/. Ингэхдээ  Монголын төр, засаг, шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагуудын  ямар ч оролцоогүй, хувийн шугамаар “Олон улсын Монгол судлалын холбоо” гэх ТББ-ын нэрээр ажиллаж ирсэн байдаг юм билээ. Мөн Бурхан  Халдун руу нууц байдалд очиж, “Зөвшөөрлөө үзүүл” гэсэн байгаль хамгаалагчийн шаардлага, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан Ц.Ишдорж  “Зөвшөөрөл бий”  гэчихээд гаргаж үзүүлээгүй. Тэгээд Улаанбаатар руу утас цохиж БОАЖЯ-ны төрийн тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхайг яриулсан  байдаг. Мөн  Бурхан Халдуны тэрхүү судалгааны ажил хэдхэн улстөрчийн аман зөвшөөрлөөр явдаг гэсэн мэдээлэл ч   дуулддаг. Академич Ш.Бира гуайн талаар ч таагүй зүйл олны дунд яригддаг. Зарим нь түүнийг түүхч биш, мөн археологич ч бус түүх бичлэгийн хүн атлаа шинжилгээний ангиудтай хамтран мөнгө босгох ажил хийх юм. Одоо нас өндөр боллоо үзэл бодол нь өөрчлөгдөнө гэж найдая даа хэмээн шүүмжлэх, хүндлэх хоёрыг хослуулан ярьж байсан. Учир нь 2000-2003 онд  Чингис хааны онгоныг хайх, судлах  АНУ-ын   “Чингис хаан” экспедицтэй Монгол судлалын холбоо гэсэн нэрээр гэрээ хийж,  Ш.Бира ахлан Ц.Ишдоржийг  бүрэлдэхүүндээ  ажиллуулж Бурхан Халдуны ойролцоох Өглөгчийн хэрэмд Чингис хаан, Есүхэй баатрын булш бий хэмээн ойлгуулж гадаадын шинжилгээний ангийг оруулж ирсэн. Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт  дүнзэн байшингууд барьж амралтын газар байгуулж хэл ам таталж байсан. Эцэст нь Өглөгчийн хэрэмийн ойр ормныг ухаж сэндийлсэн  асуудал Үндэсний аюулгүй байд-лын  зөвлөлийн хурлаар яригдаж байсан удаатай. 

 

АКАДЕМИЙН ХАРЪЯА  ХЭВЛЭХ ҮЙЛДВЭРИЙН БАЙР ХААЧИВ?

Дээр өгүүлсэн “Зөвлөлт маягийн” ШУА  маань мандан бадарч байх үедээ харъяа хүрээлэнгүүдийн дундын өмч болох хэвлэх үйлдвэртэй байв. “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүл хэвлэдэг байлаа тэнд. Хуучнаар таван яамны байрны хойд талд, одоогийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хойд тал өдгөө “Шинэ иргэншил” дээд сургууль байгаа ногоон алаг байшин. Тус сургуулийг ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшингийн өмч  гэлцдэг. ШУА-ийн хэвлэх үйлдвэрийн байшин  яаж яваад хувийн дээд сургуулийн байр болсныг мэдэхгүй. Түрээслэдэг үү, хувьчлалаар авчихсан уу гэдэг тодорхойгүй. Яахаараа  ч  ШУА ганц өмчөө бусдад  өгчихдөг  юм бэ.  Ямартаа ч улсын толгой, хөгжлийн хөтөч болж явах учиртай, ард түмнээ соён гэгээрүүлж, шинжлэх ухаанжуулах үүрэгтэй ШУА ийнхүү  хэвлэл үйлдвэргүй болж  эрдэмтэн, судлаачид нь ганц ном хэвлүүлэх гэж бусдын гар царай харах болсон нь эмгэнэл.  Гэхдээ өнөөдөр ч оройтоогүй, улс өмчөө нэхэх эрхтэй.

 

“ХУБИЛАЙ ХААН” МЕДАЛЬ ДАРГА НАРТ ӨГДӨГ БЭЛЭГ ГЭЖ ҮҮ? 

Сүүлийн үед ШУА  элдэв медаль, одон гээчээр  улстөрчид, яам, тамгын газрын дарга нарын  энгэрийг цоолдог болж. Бусад улс оронд ШУА нь яам, тамгын  газрыг хэсч, дарга даамлуудын өрөөгөөр  шагнал гардуулаад яваад байдаггүй  юм билээ. Саяхны жишээ л гэхэд,  Нийслэлийн 375 жилийн ой, Монголын Шинжлэх ухааны ажилтны баярыг тохиолдуулан ШУА-ийн Дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд олгосон.   Эрхэм хүндтэй шагналыг  ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин гардууллаа гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаад сүйд. “Хубилай хаан” шагнал нь Шинжлэх ухааны Академийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын судлаач, эрдэмтэн болон төрийн зүтгэлтэн нарт олгодог журамтай юм билээ. Тэгвэл Ё.Гэрэлчулуун дарга энэ салбарын  хөгжилд, тодруулбал Монголын шинжлэх ухаанд  ямар гавьяа байгуулсан нь тодорхойгүй юм. УИХ-ын гишүүд ШУА-ийн тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн болж, сар болгон төсвөөс 500 мянган төгрөгийг зүгээр халаасладаг шиг Нийслэлийн ЗДТГ-ын дарга нь ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүн болсноор “Хубилай хаан” медалиар энгэрээ цоолдог юм уу гэж асуумаар. Мөн “Хубилай хаан” медалийг дагалдаж хэчнээн төгрөгийг төсвөөс гаргадаг бол гэсэн асуулт байна. Төрийн дээд шагнал, одон медаль олгох хуулийн төсөл хэдэн жилийн өмнө яригдаж байхад “Хубилай хаан” гэж одонг шинээр бий болгох, түүнийг дагалдуулж таван сая төгрөгийн урамшуулал олгох журам төсөлд туссан байсныг санаж байна. Харин одон нь медаль болж, ШУА-ийн ерөнхийлөгч гардуулдаг болсноор  дагалдах мөнгө нь хэд болж өөрчлөгдсөнийг мэдэхгүй. Эсвэл дагалдах мөнгөгүй зүгээр нэр төрийн баталгаа, шинжлэх ухааны нэрийн хуудас гэсэн маягаар  гардуулдаг юм уу бүү мэд. Өмнө нь нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэн агсны охин А.Цендинад шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж  “Хубилай хаан” медаль гардуулахад  гайхаагүй. Францын эрдэмтэн, монгол судлаачид гардуулахад цочоогүй. Харин энд тэндхийн дарга нар, улстөрчдийг “Хубилай хаан” медалиар шагнаж байгаа нь гайхмаар.

         

ОРОС БАС БУСАД НЬ Ч ХӨДӨЛЛӨӨ, ОДОО МАНАЙ УЛС ЯАХ ВЭ?

ШУА-ийг шинэчлэх цаг болсон гэх сэдвээр эрдэмтэн, судлаачид “Юуны өмнө Зөвлөлт загвараас салах цаг болсон” гэлцдэг. Зарим нь “Оросууд хөдлөөгүй байхад, бид болоогүй” гэдэг юм билээ. Манай шинжлэх ухааны байгууллагыг анх  Орос ах нар байгуулж өгч, тэднийг дууриан хөгжиж ирсэн түүхтэй. Одоо ч тэр загвараар явж байгаа. Гэхдээ Монголын ШУА -ийн эх үүсвэр Хубилай хааны үеийн Бичгийн мэргэдийн хүрээлэн, 1921  онд “ Оюуныг судлан нэвтрүүлэх номын хүрээлэн” гэж байгаад сүүлд Богдын зарлигаар “Судар бичгийн хүрээлэн” болсныг мартах учиргүй. Харин  1961 оноос  зөвлөлт загварын ШУА-ийг байгуулсан түүхтэй. Тэр нь цаг үеийн нөхцөлдөө тохирч, харъяа хүрээлэнтэй, намын эрхшээлд оршдог, төр-захиргаа-намын нэгж болсоор ирсэн бол 1990 онд социалист орнуудад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтээс ШУА  гэгч байгууллага бараг ганцаараа шахам сугарч үлджээ. Тэгвэл, ОХУ саяхнаас ШУА-аа бүрэн цэгцэлж дууссан. Зөвлөлт системд байсан бусад улс орнууд бүгд өөрчлөлт хийсэн. Тиймээс манай улс ч бас хөдлөх ёстой. Ядаж хойд, урд хоёр хөршөө харж хөгжих учиртай. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч  В.Путин “ШУА-ийг өөрчлөн байгуулна,  ШУА  эрдэмтдийн  клуб болох ёстой “ гэсэн  улс төрийн шийдвэрийг  гаргав. Тэрээр “ШУА цаг үетэйгээ хөл нийлүүлэх ёстой,...Суурь судалгааны  урт хугацаат хөтөлбөр боловсруулж, их дээд сургууль, хүрээлэнгүүдийн ажлыг  нэгтгэнэ,.. “ гэж мэдэгдэв.  Үүний дараа Ерөнхий сайд Д.Медведев ШУА -г  өөрчлөн байгуулах нь гарцаагүй гэв. Хойд хөрш ийнхүү өөрчлөлт хийснээр 2013 онд ШУА-аа бүрэн шинэчилж дууссан. Казахстан мөн адил, улсынх нь Ерөнхийлөгч зарлиг гаргаж ШУА-аа ТББ болгосон.  Беларусын Ерөнхийлөгч Лукашенко өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд болсон  болсон  тэргүүлэх эрдэмтдийн зөвлөгөөнд “Амьдрал Беларус улсын өмнө шинэ зорилт тавьж байхад ШУА энэ зорилтыг биелүүлэх талаар хайнга ажиллаж байна, та нар “... их мөнгө өгвөл  их ажил хийж чадна” гэж биднийг  хуурсаар өдий хүрлээ. Бид мөнгө өгсөөн, үр дүн хаана байна вэ?  Одоо та нөхдөөс дэлхийн төвшний үсрэлт гарахуйц технологийг шаардаж байна. Салбарын яамдтай нягт хамтарч ажилла,  Япон, БНСУ, Сингапураас суралц. Та нөхөд  шинэ санаа, инновацийн төсөл байвал надад шууд өг, би дэмжинэ, харамсалтай нь одоогоор тийм зүйл надад ирээгүй шүү, өмнөөс маань нөгөөх л хуучин аргаараа мөнгө нэхэх юм. ШУА-д ажилладаг 17000 хүний зөвхөн 6300 нь эрдмийн ажил хийж, үлдэх  12700 нь  дарга хийж байгааг юу гэж үзэхэв.  2014 онд багтаан эдгээр дарга нарыг ажлаас нь чөлөөлж, тэндээс гарсан мөнгийг эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг нэмэхэд зориулах болно” гэж хэлжээ.  Монголын ШУА бас ийм байдалтай   болсныг манай сонин  удаа дараагийн нийтлэлүүдээрээ УИХ-ын гишүүд, Засгийн газарт ажиллаж буй хүмүүсийн сонорт хүргэсэн. Тэд  эрхбиш нэгийг бодох биз ээ.