Д.БОЛОРМАА

Тахарын Ерөнхий газрын дарга Ц.Азбаяртай ярилцлаа.

 

-Шинэчлэлийн Засгийн газраас “төрсөн” шинэ агентлаг бол Тахарын алба. Энэ алба үүсэн байгуулагдаад бараг жил болчихов уу. Таны Тахарын алба байгуулах тухай Засгийн газрын тогтоол барьчихсан явсан тэр цаг хугацааг бодоход өнөөдөр албаа байгуулчихаад сууж байна?

-2013 оны долдугаар сарын 5-нд УИХ-аар Тахарын албаны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг баталсан. Ингэхдээ Тахарын алба байгуулах хугацааг  2014 оны нэгдүгээр сар гэж зааж өгсөн. Тэр дагуу Засгийн газрын тогтоолоор нэгдүгээр сарын 7-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Тахарын Ерөнхий газрыг байгуулж, намайг Засгийн газрын хуралдаанаар даргаар нь томилсон юм. Анх өөрийгөө томилсон Засгийн газрын тогтоолын хуулбартай л байлаа. Өөрөөр хэлбэл, тогтоолын ганц бичиг баримттай, унах унаа байхгүй, ганц ч албан хаагч байхгүй, орох байр нь ч байхгүй. Ийм байдалтай ажлаа эхэлсэн ч бид өнөөдөр хуулиар заасан үүргээ гүйцэтгээд явж байна. Байгуулагдаад 10 сар болж байгаа ч чамгүй  ажил амжууллаа.

-Алба оршин тогтнох эрх зүйн орчин нь хангалттай бүрдсэн биз. Нэлээд хэдэн журмыг танай албанд зориулж баталсан байх аа?

-Эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд нэлээд журам баталжээ. Хамгийн эхэнд Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг батлуулсан. Үүнээс гадна Шүүгчийн аюулгүй байдлыг хангах тухай, Шүүхийн байрны аюулгүй байдлыг хангах тухай, Шүүхийн дэг сахиулах тухай, Шүүхээс хуяглан хүргэх тухай, Шүүхээс даалгасан эрэн сурвалжлах, албадан авчрах ажиллагааг гүйцэтгэх тухай гэхчилэн нарийн харилцааг зохицуулсан журмуудыг ч давхар баталсан байна. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиар нэлээд хэдэн журам батлуулах шаардлага ч байлаа. Ингэснээр тодорхой хэмжээгээр эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Өнөөдөр манай тойргийн тахарын алба Хөвсгөл аймгаас бусад аймагт нь  хуулиар хүлээсэн чиг үүргээ эхлүүлээд явж байна. Дүүргийн болоод сум дундын шүүх, давж заалдах шатны шүүхийг оруулаад нийтдээ 44 шүүхийн байрыг 24 цагийн тасралтгүй хамгаалалтанд Тахарын албаныхан авчихлаа.  Улсын дээд шүүх Засгийн газрын тогтоолын дагуу Төрийн тусгай хамгаалалтад байх учиртай. Гэхдээ энэ шүүх дээр явж байгаа хяналтын шатны шүүх хурлын дэгийг манай албан хаагчид очиж дэг сахиулж байгаа. Дээрээс нь бид гадаад улс руу ялтан шилжүүлэх, шилжүүлж авах ажиллагааг гүйцэтгэж байна. ОХУ-ын Тувагийн гурван иргэн манай улсад ял эдэлж байгаад хоёр орны харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнийх нь дагуу эх оронд нь хүлээлгэн өглөө. БНСУ-ын иргэн ял эдэлж байсныг мөн адил хүлээлгэж өглөө.

-Дэглэм буурч байгаа ялтан нарыг ч онгоц, гал тэргээр хуяглан хүргэх ажлыг эхлүүлсэн гэсэн  үү?

-Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар болоод аймгийн төр, захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр манай хэдэн албан хаагчид албан машин, ажлын өрөөгөөр хангагдаж байна. Орон нутагт цагдан хорих байраас шүүх рүү, шүүхээс цагдан хорих байр руу хуяглан хүргэх ажиллагаагаа эхлүүлчихлээ. Мэдээж  шүүн таслах тогтоолын дагуу ялтнуудыг хорих байр руу хүргэж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд зарим хүмүүжигчийг Завхан аймгаас онгоцоор, Дорноговиос галт тэргээр авчирч байна. Өөрөөр хэлбэл, манай хэдэн албан хаагчид онгоц, галт хэрэг, автомашинаар хуяглан хүргэх ажиллагааг амжилттай гүйцэтгэж байна. Дээрээс нь шүүхийн дуудсанаар ирдэггүй, шүүхийг үл хүндэтгээд байгаа иргэдийг албадан авчрах захирамжийг биелүүлж байгаа.  Тухайлбал, Завхан аймагт 300 гаруй км явж нэг иргэнийг албадаж авчрах жишээтэй. Иргэний болон эрүүгийн хэрэгт холбоотой, байгаа газар нь тогтоогдохгүй байгаа, эрэн сурвалжлахаар захирамж гарсан иргэдийг олж тогтоож байна. Өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс хойш шүүхээс иргэний хэрэгт холбоотой 188 иргэнийг олж тогтоох хүсэлт ирүүлсэн. Үүнийгээ биелүүлээд дуусч байна. Түүнээс гадна манай улс НҮБ-ын гишүүн орон гэдгээс гадна хүний эрхтэй холбоотой 70 гаруй олон улсын гэрээ конвенцэд нэгдэн орсон. Олон улсын гэрээгээр бид гэрч, хохирогчийг хамгаалах тогтогтолцоог бүрдүүлэх үүргийг хүлээсэн орон. Энэ ч дагуу Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг баталсан шүү дээ. Ажил эхэлснээс хойш манай байгууллагад 30 гаруй иргэн эрхээ хамгааллуулахаар хүсэлт гаргалаа. Үүнээс 20 гаруйг нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтад авч ажилласан байна. Энэ мэтчилэн арван сарын дотор хуулиар хүлээсэн үүргээ амжилттай эхлүүллээ. Хүнээр бодвол манай алба нь арван сартай хүүхэд юм даа. Ийм байтлаа  90 жилийн түүхтэй бусад байгууллагатай өөрийнхөө үйл ажиллагааг харьцуулах арга байхгүй. Гэхдээ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээд 10 тойрог, 22 хэсэгт тойргийн албадаа байгуулчихлаа.  Өнөөдрийн байдлаар үндсэн үүргээс гадна шинэ байгууллагын соёл төлөвшүүлэх гээд дотоод сургалтандаа анхаарч байна.

- Хуучин цагт энэ эрэн хайх ажлыг цагдаагийн байгууллага үндсэн ажлынхаа хажуугаар дайвар маягаар гүйцэтгэдэг байлаа. Үр дүн ч тодорхой гардаггүй байсан нь нууц биш?

-Хуучин ажиллаж байсан байгууллагаа муулж ярих шаардлага байхгүй биз ээ. Ер нь тусгай алба нэгэнт байгуулагдсан учраас энэ ажлыг хангалттай биелүүлэх талаас нь хичээж ажиллах учиртай. Яах вэ, зарим хүн шүүмжлэх л юм. Цагдаагийн байгууллагын гүйцэтгэж байсан ажлыг ингэж агентлаг байгуулаад хийх хэрэг байна уу гэж. Би Монголын цагдаад 20 гаруй жилийн турш эргүүлийн цагдаагаас эхлээд удирдах ажил хийж байсны хувьд сайн мэднэ. Яаж гүйцэтгэж байсныг ч мэднэ. Манай хамт олон бол олон улсын жишигт нь ойртуулахыг хичээж яваа хүмүүс шүү.  Түүнээс биш сайн дураараа ирчихээд сууж байгаа юм алга. Өнөөдөр манай хамт олон итгэл зүтгэлээрээ ажиллаж байна.

-Хуулиар хэдэн албан хаагчтай байхаар заасан юм бэ. Албан хаагчдаа хаанаас бүрдүүлэв?

- 2014 болоод 2015 оны төсвөөр манайх 580 гаруй алба хаагчтай байх ёстой. Одоо үндсэндээ энэ орон тоо дүүрчихсэн байна. Тахарын албаны тухай хуулийн дагуу батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг авах учиртай. Өөрөөр хэлбэл, цагдаа, шүүхийн шийдвэр, хилийн цэрэг, тагнуул, онцгой байдал зэрэг байгууллагаас өөрийн хүсэлтээр болон сонгон шалгаруулалтаар албан хаагчаа авлаа. Ингэхдээ тухайн байгууллагад ажиллахдаа ямар нэгэн ноцтой зөрчил гаргасан хүнийг авсангүй.

-Орон байрны тухайд эхнээсээ шийдэгдэж байх шиг. Түрээсийн байранд байснаа бодвол УМБГ-ын хуучин байранд нүүгээд ирсэн байна?

-Бид төсвийн хүндрэлтэй үед шинэ байр нэхсэнгүй. Хууль зүйн яамнаас цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулаад УМБГ-ын байранд цагдаагийн нэг нэгжтэй хамт байрууллаа. Хөдөө орон нутагт бол шүүхийн байр болон засаг захиргааны байранд байрлаж байна. Ямар ч байсан гудамжинд байгаа Тахарын алба гэж алга. Ер нь өнөөдрийн нөхцөл байдалд ингэж байрлахаас аргагүй мэт боловч  алс хэтдээ Тахарын алба нь шүүх дээрээ байрлах ёстой. Шүүх дээрээ байрлаж байж шүүхийнхээ аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг нь хангахаас бус өөр газар байрлачихаад хамгаална гэж байхгүй. Шүүх өөрөө шударга ёсны, хууль ёсны, хүний эрх чөлөөний баталгаа. Шүүхийн үйл ажиллагаа нь хэвийн явагдах баталгаа нь хангагдаж байж шүүхийг хүндэтгэх, шүүхийн шийдвэр биелэх, шүүх нь өөрөө ард иргэддээ үнэлэгдэх орчин нь бүрдэнэ. Үндсэндээ шүүх засаглалын хэмжээнд байх, хэнээс ч хараат бусаар шударгаар үйл ажиллагаа явуулах үндсэн баталгаа нь шүүхийн аюулгүй байдлын баталгаа юм. Мэдээж олон баталгаа бий. Хамгийн гол баталгаа нь аюулгүй байдал гэдгийг ойлгох учиртай. Зарим хүн төсвийн хүндрэлтэй үед шинэ агентлаг байгууллаа, орон тоо нэмлээ гэж шүүмжлэл дагуулж байна. Гэхдээ 10 жилийн дараа гэхэд л эерэг нөлөө нь харагдана. Шүүхээс дуудсан хэн ч гэсэн зангиагаа засаад очих ёстой гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн дээ. Тэр нь эцсийн дүндээ шүүхийн ажил ямар нэгэн сааталгүй, хэвийн түргэн шуурхай явах учиртайг хэлсэн хэрэг. Шүүхийн ерөнхий зөвлөл захиргааны талаас нь ажиллах нөхцлийг хангах бол Тахарын алба аюулгүй байдал талаас нь хангаж өгөх учиртай. Мэдээж Тахарын алба байгуулчихсан учраас шүүхийн аюулгүй байдал бүрэн хангагдах уу гэвэл бас үгүй. Үүнд зориулсан дэд бүтэц буюу шүүхийн байрны асуудал чухал юм.

-Нэгэнт дэлхийн стандартын шүүх байр байхгүйгээс цааш танай албан хаагчид шүүхийн байрны харуулын үүрэг гүйцэтгэж байна уу?

-Зүгээр нэг харуул биш шүү. Шүүхэд нэвтэрч байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгах, шүүхийн байр руу авч орохыг хориглосон зүйлсийг авч орж байна уу гэдгийг хянах гэхчилэн бүхий л аюулгүй байдлыг нь хангаж байна. Тахар бол хуучин ширээний ард сууж байдаг энгийн жижүүр биш юм. Энд мэргэжсэн хууль сахиулагч буюу харуул хуяг ажиллаж байна. Тэгээд ч шүүхийн стандартын байрыг нь барьчихвал тахарчууд сонгодог утгаар нь ажиллах нь ойлгож болохгүй. Бид одоо ч гэсэн энэ үүргээ гүйцэтгэж байна. Шүүх аюулгүй байх нь шударга ёс тогтох гол суурь юм.

-Гэхдээ тахарын хуягууд шүүх байр, шүүгчийг хамгаалах нэрээр хэтэрхий айдастай болголоо гэх шүүмжлэл байна. Нэг л хуягласан хүмүүс шүүхийн байранд  зогсох юм?

-Шүүх өөрөө аюулгүй орчин байх ёстой. Иргэн хүнийхээ хувьд айдасгүй байх ёстой.

-Иргэдийн хувьд шүүхийн байранд байхдаа төдийлөн айгаад байдаггүй байх аа?

-Иргэдийн хувьд бол өөр хэрэг. Харин хэргийн оролцогчид айдастай байдаг. Хэн танхайрах бол, хэн юу гэж дайрах бол гэж эмээх нь бий. Нөгөө талаас байгалийн давтагдашгүй хүчин зүйл гэж бий. Газар хөдлөхөд чухал баримт бичгээ авч гарах, гамшиг тулгарсан хүмүүст туслах, шүүгчээ өөр газар байрлуулж хэвийн ажлаа үргэлжлүүлэхийг нь туслах үүрэг манай хамт олонд байна. Хүн харахад ийм боловч тэнд үйлчлүүлж байгаа иргэдийн амь насыг авран хамгаалах үүрэгтэй байгууллага шүү. Таны асууж байгаа санаа зөв, үүнийг би буруутгахгүй. Манай алба нэгэнт батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагаас албан хаагчдаа бүрдүүлсэн. Би энэ хүмүүст нэг л зүйл хэлдэг. Энэ бол гэмт хэрэгтэй тэмцдэг, хэв журам сахиулдаг цагдаагийн байгууллага биш. Гудамжинд хоёр хүн зодолдож байхад гүйж очоод шаардлага тавьдаг шигээ шүүхээр үйлчлүүлж байгаа иргэнтэй харилцаж болохгүй. Хоёрдугаарт, тахар бол зэвсэгт хүчний дугаар салаа бол биш. Цэргийн албан хаагчид өөр хоорондоо харилцдаг тэр дүрэм журам манайд үйлчлэх учиргүй. Хорих ялыг эдлүүлж байгаа хорих байгууллага бас биш. Тэр байгууллагын харилцаа байх ёсгүй. Тагнуул, онцгой байдлын байгууллага биш учраас хүнтэй дээргэнгүй харилцаа огт байхгүй шүү. Шинэ соёлыг нэвтрүүлэх ёстой гэдгийг хатуу хэлж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх байгууллагад ажиллаж байсан үе шигээ бусадтай хэг ёг гэж харилцах, дээрэлхэх асуудал байхгүй шүү гэдгийг л маш хатуу хэлж байна.

-Танай албаны нэг үүрэг бол гэрч, хохирогчийг хамгаалах юм. Тэднийг хамгаалах нууц байраар хангагдаж чадсан уу?

-Нэгэнт байр төрийн нууцад хамаарах учраас хэлэх боломж алга. Ер нь гэрч хохирогч болох нь хүний хүсэл зоригоос үл хамаарах асуудал. Би ажлаа тараад харьж явахдаа миний нүдэн дээр гэмт хэрэг үйлэгдвэл яалт ч үгүй гэрч болж таарна. Түүнээс биш мэдэхгүй, хараагүй гэх ямар ч боломж байхгүй. Хохирогч ч гэсэн мөн адил. “Би хохирогч болмоор байна” гэж хүсдэггүй. Магадгүй гэмт хэргийг харсан ч айдсаасаа болж гэрчилмээргүй байж болно. Төр нэгэнт эрүүгийн хэргийг шийдэж байгаа бол аюулгүй байх, айдасгүй байх, амьд байх халдашгүй эрхийг нь бүрэн хангаж өгөх ёстой. Хохирсон бол хохь чинь гэж байж болохгүй.

-Танайд хандаж байгаа хүмүүс ямар төрлийн хэргийн хохирогчид байна?

-Ихэвчлэн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчид. Ганц нэг тохиолдол нь хар тамхины хэргийн гэрч байна.

-Өнөөдөр Тахарын алба бие даасан байгууллага болчихлоо. Ингэж өсч өндийхөд хэдий хэмжээний төсөв зарцуулав. Төсөв нь хүрэлцэх юм уу?

-Хэр хэмжээний төсөв шаардлагатай байна вэ гэдэг нь 2015 оны сүүлээр харагдах байх. Шүүхийн хуяглал бусад ажил бүрэн гүйцэт эхлээгүй учраас иймэрхүү ажлын цар хүрээтэй байх юм байна. Энэ цар хүрээ нь ийм төсөвтэй байх юм байна гэдэг дүр зураг бол одоохондоо харагдах нь эрт байна. 2015 оны сүүлээр урьдчилсан төлөв харагдана. Одоо бол төсөв хүрч байна, хүрэхгүй байна гэж ярихад ч эрт юм.

-Нэгэнт Хууль сахиулах тухай хууль  батлагдаагүй учраас тахарын албаныхан цолны нэмэгдэл, сахилгын шийтгэлээ яаж байна?

 

- Хууль батлагдаагүй учраас манай албан хаагчид удаан жилийн нэмэгдэл, онцгой албаны нэмэгдэл авахгүй, хүлээлттэй байна. 10 сарын туршид нэмэгдэлгүй ажилласан. Цагдаагийн байгууллагад нэг сая төгрөгийн цалин авч байсан бол манайд ирээд буурч байх жишээтэй. Хуулийн шинчлэлийн хүрээнд цэрэгжсэн цолоос татгалзах үүднээс анхны цэргийн бус цол хэрэглэж байгаа хууль сахиулах байгууллага бол манайх. Туслах тахар, тахар, тойргийн тахар, тойргийн шадар тахар, шадар тахар, тэргүүн тахар гэсэн долоон цолтой. Энэ нь албан тушаалд томилогдлоо гэхэд хэрэглээд явдаг цол. Харуул, хуяглан хүргэх, албадан авчрах, ялтан шилжүүлэх хүмүүс дүрэмт хувцас хэрэглэнэ. Бусад нь  дүрэмт хувцасгүй. Өөрөөр хэлбэл, дүрэмт хувцасжсан байгууллагаас татгалзаж байгаа хэрэг.  Одоо зөвхөн олон  цэрэгжсэн байгууллагаас цугласан хүмүүсийг нэг уриатай, нэг алсын хараатай, нэг хүсэл тэмүүлэлтэй болгох чухал ажил байна.