-Ирэх жилээс  500-1000 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна-

 

Б.ЭНХТУУЛ

Энэ жил  “Орост суралцахыг урьж байна” уриан дор зарласан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт  383 оюутан хамрагджээ. Ирэх жил энэ тоог 500 болгох, цаашид жил бүр 1000 оюутныг тус улсад  суралцуулахаар ярьж байгааг  Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдээр чуулсан боловсролын салбарынхан онцолж байсан. Иймд оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжуудын тухай дуулгаж байна.

 

ЭНЭ ЖИЛ  383 ОЮУТАН ОХУ-Д СУРАЛЦАХААР ЯВЖЭЭ

 

Манай  хоёр орны боловсролын салбар бусад салбараа бодвол их өргөн хүрээнд хөгжсөн. 1990-ээд оноос өмнө  ЗХУ-д манай  олон оюутан суралцдаг байсан. Бүр тодруулбал, 1922 онд анхны 15 оюутан явснаас хойш өдгөө 90 гаруй  жил өнгөрчээ. Энэ хугацаанд манайхаас 60 гаруй мянган хүн дээд сургууль, техникум, техник мэргэжлийн сургууль төгссөн байх юм.  Харин 1990 оноос хойш хоёр орны хамтын ажиллагаа жаахан саарч,  2000 оноос Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр жилд  50 оюутныг Оросын зардлаар сургаж байхаар болжээ.  Энэ үеэс хойш боловсролын салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломж улам бүр нээлттэй болсоор байна. Энэ жил 383 оюутан ОХУ-ын томоохон хот, мужуудын их, дээд сургууль суралцахаар явсан гэдгийг албаныхан хэлж байна.  Иймд ОХУ-д суралцахаар төлөвлөж суугаа ахлах ангийнханд болон  их, дээд сургууль, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй  оюутан залууст энэ талаарх  мэдээллийг хүргэж байна.

 

ОЮУТНУУД НЕФТЬ, ХИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХ СОНИРХОЛТОЙ

 

Энэ жил манай улсад  ОХУ-ын Ерөнхийлөгч айлчилсан. Энэ үеэр оюутан солилцооны асуудлыг илүү өргөжүүлэхээр гэрээ хэлцэл хийж, ирэх жилээс 500-1000 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болжээ. ОХУ-д энэ асуудлыг хариуцдаг  тусдаа газар хүртэл байгуулагдсан байна. Өмнө нь энэ асуудлыг  хоёр орны Боловсролын яам хамтран зохион байгуулдаг байсан бол энэ жилээс ОХУ-ын Гадаад харилцааны яамны дэргэдэх Гадаадтай харилцах төв хариуцахаар болжээ. Орост суралцахаар явсан хүүхдүүд ихэвчлэн  Засгийн газрын бодлогын дагуу  инженер, технологийн чиглэлээр суралцдаг  юм байна.    “Ер  нь бол  шалгалтад тэнцсэн л бол тухайн  хүүхэд ОХУ-ын аль ч их дээд сургууль, коллежид хүссэн мэргэжлээрээ сурах боломжтой. Ирэх жилээс нисэх буудлын зохицуулга, удирдлагын чиглэлээр цөөнгүй хүүхэд суралцуулна. Ер нь бол нефть, хийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын тоо  нэмэгдэх хандлагатай байна” гэдгийг  Монгол-Оросын найрамдалт нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Д.Цогзолмаа хэлж байсан.

 

АНАГААХЫН ОЮУТНУУД  6-8 ЖИЛЭЭР СУРАЛЦДАГ

 

ОХУ-д суралцахаар төлөвлөж буй хүүхдүүдэд амьдрах орчин хамгаас чухал байдаг. Тиймээс бид энэ талаарх мэдээллийг бас судалсан.  Амьдрах орчин очсон газраасаа шалтгаалаад өөр байдаг ч “Ер нь боломжийн” гэсэн дүгнэлтийг  монгол оюутнууд өгч байлаа.  Түүнээс гадна ямар мэр­гэжлээр суралцаж бай­гаагаас хамаарч суралцах хугацаа нь харилцан адилгүй байдаг юм байна.Бакалаврын зэрэг горилох оюутнууд   хэлний бэлтгэл курс гэж явсаар тав хүртэлх жилээр суралцдаг. Анагаахын оюутнууд  6-8 жилээр суралцдаг гэж байсан.  Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр сурч байгаа учраас  энэ бүх хугацаанд төлбөр төлөхгүй. Харин байр, хоол, унаа тээврийн мөнгөө оюутан өөрөө даадаг.  Гэхдээ сар бүр оюутны тэтгэлэг гэж  2000 орчим рубль авдаг.  Үүгээрээ байр, хоолны мөнгөө элбэг  даадаг гэв.

 

ОЛИМПИАДАД ДЭЭГҮҮР БАЙР ЭЗЭЛСЭН БОЛ  ШУУД ЭЛСҮҮЛНЭ

 

Сонгон шал­га­руулалтын талаар товчхон мэдээлэл дуулгая. Манай Ерөнхий боловсролын сургуулиудад жил бүр цөөнгүй олимпиад зохиогддог. Энэ олимпиадад тэргүүн болоод дээгүүр байр эзэлсэн сурагчид ОХУ-д тэтгэлгээр суралцах боломжтой юм байна. Тэр дундаа физик, математик гэх мэт хичээлээр шалгалт өгсөн бол ямар ч асуудалгүй  ногоон гэрлээр гарчихна гэж байсан. Түүнчлэн жил бүр улсын хэмжээнд орос хэлний олимпиад болдог. Эндээс шалгарсан хүүхдүүд  бас шууд хамрагддаг юм байна. Тэнд суралцаж буй монгол хүүхдүүдээс сургалтын  тухай тодруулж асуувал “Орост боловсрол эзэмшинэ гэдэг хэн хүний хүсээд олддоггүй тийм л боломж.   Орост дээд боловсрол эзэмших нь тийм ч хол зөрүү гарахгүй. Оросын боловсрол суурь сайтай, дэлхийд үнэлэгддэг, ажлын байр сайн олддог” гэж байсан.

 

ОРОН НУТГИЙН ХҮҮХДҮҮД  ОРОСТ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ

 

Үүнээс гадна энэ жилээс нэвтэрч буй нэгэн шинэлэг  зүйл  гэвэл орон нутгаас түлхүү оюутан, сурагч хамруулж эхэлсэн байна.  Учир нь, орон нутгийн хүүхдүүд Орост сурах талаар тодорхой мэдээлэлгүйгээс шалгалт өгч чаддаггүй байж. Үүнийг өөрчлөх зорилгоор энэ жил Оросын шинжлэх ухааны соёлын төвтэй хамтарч дөрвөн аймагт бүсчилсэн орос хэлний баяр, олимпиадыг зохион байгуулж эхэлсэн байна. Одоогоор Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймагт орос хэлний олимпиад зохион байгуулаад байгаа аж. Дараагийн ээлжинд баруун гурван аймаг буюу Баян-Өлгий, Ховд, Увс аймагт  ажиллах  гэнэ.

 

Мөн  Оросын соёл шинжлэх ухааны төвд 60 хүний бүрэлдэхүүнтэй жилийн курс хичээллэж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байсан.  Оюутан, сурагчдаас гадна энгийн иргэд ч хамрагдах боломжтой. Уг сургалтад хамрагдсан хүүхдүүд 10 сар орос хэл судалсны дараа шалтгалтад нь төвөггүй тэнцчихдэг гэж байв.