Ч.ЗОТОЛ

Төрийн алба  цэрэгжсэн дүрэмт хувцастнуудаар дүүрч, дүрмээ хэрэгжүүлдэггүй атлаа дүрэмдэгч нар олширсон тухай манай сонин асуудал хөндөж “Айлгагч төртэй  ардчилсан улс”, “УИХ-ын 76-г формтой болгоё”  нийтлэлүүдийг  төрийн хараа, түмний сонорт хүргэсэн билээ. Түүнд  төрийн байгууламжийн  нэг хэсэг болсон 28 агент­лагийн 14 нь дү­рэмт  хувцас өмсч, үлд­сэн нь ямар нэгэн байдлаар формтой байгааг дурдсан. Цагдаа, цэргийнхэн дүрэмт хувцсаар ялгарах учиртай, тэр  нь ч  ойлгомжтой. Гэтэл үйлчилгээний ажилтнууд дүрэмт хувцас өмсч дүрэмдэх болсныг Монгол төрийн  эмгэнэл  гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Бас болоогүй, дарга нар нь өөрсдөдөө зориулан комиссарын дүрэмт хувцас захиалгаар хийлгэж, саравчтай малгай, алтан мөрдөс гялал­зуулж сүрийг үзүүлэх болсон. Тэгвэл нөхцөл байдал  улам даамжирч, даварсан нөхдүүд да­руул­гагүй  загнах нь хэ­рээс хэтэрч байгааг  улсын аав, Төрийн тэр­гүүн анхааралдаа авсан бололтой. Тухайлбал,  цаг­даагийн дарга, комис­саруудын шинэ дүрэмт хувцсыг хурааж авах тухай зарлиг буулгасан тухай мэдээлэл цахим хуудсуудаар гарав.   Учир нь тэдний дүрэмт хувцас нь армийн гене­рал, маршалынх шиг болсон аж.  Энэ талаар  Ерөн­хийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Х.Тэмүүжин сайд цагдаагийн шинэчлэл хийх талаар анх танил­цуулж байхдаа иргэндээ үйлчилдэг цагдаатай  болно, дарга нар нь энгийн хүмүүс байна гэж ярьж байсан. Гэтэл одоо сайд өөрөө комиссар гэдэг цол олгоод, генерал шиг хувцастай дарга нарыг төрүүлээд эхэллээ. Энэ нь шинэчлэлийнх нь агуулга бас манай улсын хөгжил олон улсын чиг хандлагатай авцалдахгүй байна. Хэрэв комиссар нь цэргийн дээд цолтой дүйх юм бол түүнийг Ерөнхийлөгч л олгодог хуультай явж ирсэн” хэмээн ярьсныг хэвлэлүүд онцолжээ. Тэгвэл цагдаагийн газраас “Дүрэмт хувцсыг бүгдийг хураа гээгүй. Цэгцлэх хэрэгтэй гэдгийг сануулсан” хэмээн тайлбар хийж байна. Аль нь ч байсан  дүрэмт хувцсаар дүрэмддэг байдал Ерөнхийлөгчийн анхааралд хүрсэн нь сайн. Дүрэмт хувцсыг хураасан ч, цэгцлэх  үүрэг өгсөн ч нэг л асуудал. Харин ч тэрхүү сануулга дээрээ нэмээд бас нэг үүрэг өгчих хэрэгтэй. Тухайлбал,  агентлагийн  дарга  нар татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж  байгааг болиулъя.  Агентлагийн дарга болохоос  тэргүүн комиссар, генералууд биш  шүү дээ, тэд. Ямар гавьяа байгуулсан гэж алтан саатай мөрдөс зүүж, дамран малгайгаар гоёдог юм бэ. Үнэхээр өөрөө тийм  дүрэмт хувцас   өмсөхийг хүсээд, эхнэрүүд нь ч тийм байгаасай гэж мөрөөдөөд зураг хөргөө авахуулж сүйд болдог юм бол хувиасаа мөнгөө гаргаж  захиалж болно шүү дээ. Тэр хувцсаар  ажил дээрээ биш амралтын өдөр гэртээ, эсвэл төрсөн өдрөөрөө ч юм уу  гоёж болох байх. Хамгийн гол нь дүрэмт хувцсыг бусдыг айлгахад зориулж, бас татвар төлөгчдийн мөнгөөр хийлгэж өмсөхөө болих хэрэгтэй.