Д.ЦЭРЭННАДМИД

“Дундговь түншлэл-2014” болж байх үеэр тус аймагт очлоо. Үзэсгэлэн худалдаанд тавигдсан бүтээлүүдийг харахад өмнөх 5-10 жилийнхээс ихээхэн дэвшилтэй нь ил байлаа. Энэ нь аж ахуйн байгуулага, өрхийн үйлдвэрлэл хөгжсөнийг харуулж байсан юм. Тэр үеэр аймагтаа сайн бизнесмэн гэгдэх нэгэн залуутай уулзлаа. Нэр нь Адьяагийн Эрдэнэцог. “Зотол мандал трейд” компанийн захирал юм. Нутгийнхан нь түүнийг бие нь жижиг ч том сэтгэдэг нөхөр гэж магтаж байсан юм. Бид ярилцлаа.

 

-Бизнесийн хүрээнд орж ирсэн үеэ дурсахгүй юу?

-Би 1990 оны морин жил Мандалговь хотын 10 жилийг төгссөн, тэгээд эхний үед ганзагын наймаанд л явдаг байлаа. Бага сагаар өлөн зэрэг түүхий эд цуглуулж борлуулдаг. Ийм л цаг. Тэгээд 1998 онд анх барилга руу орж найман айлын орон сууц бариулж ашиглалтад өгсөн. Бариулж гэдгийн учир ийм юм л даа.

Барилгын байгууллагад хөрөнгөө оруулж захиалагчийн үүрэгтэй ажилллаж тэр орон сууцыг босгосон юм. Дараа нь “Хаан” банкны байрлаж байсан байрыг битүүмжилсэн дуудлага худалдаагаар авч зориулалтыг нь өөрчлөн мөн орон сууц болгосон. Бас дэргэд нь аймагтаа анхны дороо гарааштай орон сууц нэгийг барьж байсан. Дөрөв дэх орон сууцаа ноднин ашиглалтад өгсөн дөө.

-Тэгэхээр компаниа хэдийд байгуулсан юм бэ?

-”Зотол, Мандал” нэртэй жижгэвтэр компанийг 1999 онд байгуулж эхлээд шатахуун түгээх газар бий болгосон. Энэ үед манай аймагт нэг литр шатахуун 1000 төгрөгт хүрчихсэн байсан цаг. Харин манай компани ажиллаж эхлээд удалгүй шатахууны үнэ 340-370 төгрөгөөр буурсан байдаг. Янз бүрийн нь салбар руу орж үзсэн дээ. Нэгэн үе хэвлэл мэдээллийн газар олширч байхад аймагтаа “Хорол” нэртэй кабелийн телевиз байгуулж байлаа. Удалгүй худалдчихсан. Өмнө нь манай аймагт олон суваг үзүүлдэг телевиз байгаагүй болохоор шинэлэг юм хийсэн нэр авч байсан.

-Компанийн нэр “Зотол Мандал” гэдгийн учрыг бас асуухгүй байж чадахгүй нь ээ?

-Би Мандалговьд төрсөн. Тэгвэл аав маань Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Зотол хан” гэдэг уулын энгэрт төрсөн хүн байсан. Компани байгуулах бэлтгэлээ хийж байх үед нэг өглөө аав манайд ирлээ. “Би чиний байгуулж байгаа компанид “Зотол Мандал” нэр өгье гэлээ. Учрыг ч хэлсэн. Ингээд нэрлэсэн учиртай л даа. Ер нь миний өдий зэрэгтэй юм хийх гэсэн санаатай байдаг нь аавын минь нөлөө юм даа.

-Аав чинь юу хийдэг хүн байсан юм бэ?

-Аймгийн худалдааны байгууллагад олон жил ажилласан даа. Сүүлдээ мэргэжлийнхээ дагуу өлөн зэрэг түүхий эдийн ченж болж боловсруулсан өлөнгөө Голландад гаргадаг ажилтай. Тэр нь амжилттай байсан. Би туслагч нь. Тэр шугамаар баруун Европын орнуудад явж явж ирдэг байж билээ. Аав маань 2006 онд бурхан болж би компанийг нь өвлөж аваад компаниа “Зотол Мандал трейд” гэж нэрлэсэн.

-Сүүлийн үед ямар ажил эрхэлж байна вэ?

-Өөрөөсөө жаахан ахадсан нэг газар бий болгох гэж зүтгэж байна. Аймгийн төвөөс зургаан км-т орших Хөрхийн хад гэдэг газарт эко амралтын төв байгуулах ажилтай. Тэр газар уг нь Сайнцагаан сумын тусгай хамгаалалттай нутаг. Тэнд 10 га газрыг тусгай хамгаалалтаас нь гаргаж эзэмших эрх авсан. Тэгээд бүтээн байгуулалтаа өнгөрсөн хавраас эхлээд байна.

Тэнд очиж үзлээ. Нүд булаам том гэр барьчихаж. Хорин ханатай дотор талдаа иж бүрэн сийлбэртэй 12 баганатай зай гэж том юмаа. Төвийн хэдэн аймагт л байхгүй гэр дээ гэж захирал залуу хэлж байналээ. Нээрээ ч тийм байх. Гэрийн доторх сийлбэрийг л хараад баймаар юм. Арванхоёр жилээс эхлээд дан монгол хээ сийлжээ. Өлзий угалз, хаан бугуйвч, хатан сүйх, түмэн насан хээ гээд л Гадаадынхан бол тэр гэрийг үзэхэд л монголтой танилцчихам юм.

-Гэрийнхээ зориулалтыг сонирхуулна уу?

-Энэ гэр суугаагаараа 100 хүн хооллуулах зориулалттай ресторан. 25 ширээ, 100 сандал тавьчих багтаамжтай. Хамгийн гол нь Монголыг таниулах гол зүйл гэх юм уу даа. Том гэрийнхээ хажууд долоон гэр (тэнгэрийн долоон бурхан шиг) барих суурь тавьсан. Гэрээ захиалчихсан. Түрүүч нь ирээд байна.

-Гэрийнхээ дэргэд гурван давхар байшин барьж эхэлжээ дээ?

-Тийм ээ. 24:36 метрийн хэмжээтэй байшин. Гурван давхар юм бишээ. Дан байшин шүү дээ. Гэхдээ орж үз дээ.

Байшингийн зүүн талаас ороод өрөө тасалгааг нь дамжиж баруун талд нь очиход хоёр давхрын цонхоор харах. Бас дээрээ задгай талбайд хүмүүс амарч тухлах газартай. Энэ нь холхноос харахад гурван давхар юм шиг. Газрынхаа хэвгийг ашиглан ийм адармаатай шийдлийг олж. Илбэчний хайрцаг сав л нэг тиймэрхүү байдаг даа гэж санагдав.

-Энэ байшинд юу юунд зориулсан өрөө тасалгаа байна вэ?

-Хурал зөвлөлгөөн хийх заал, томоохон ресторан, шоу цэнгээний газар, вип өрөөнүүдтэй, саун массажны байр, биллярд, теннисний өрөө бас дэлгүүр байх юм. Базаад хэлбэл арваад төрлийн үйлчилгээ үзүүлнэ дээ. Амралтын төвдөө нэг ээлжинд ор давхардуулалгүйгээр 80 хүн амруулах боломжтой. Бас амрагчдын өрөөнүүд бий. Мөн 300 хүний хүлээн авалт өлхөн хийнэ. Гэр болон энд хоёр томоохон ресторан ажиллах юм.

-Ийм томоохон газар амралтын төв байгуулж байгаа нь сайхан юм аа. Харин ийм газар байгуулах санаа яаж төрөв. Ямар тооцоо хийсэн бэ?

-Одоо манай аймгийн төвд босоогоороо 150-200 хүн л хүлээн авалт хийдэг ресторан бий. Тэгвэл манайх 300 хүн тавтай хооллуулах хүчин чадалтай. Мөн аймагт томхон хурал, зөвлөлгөөн болоход театраас өөр том заал танхим байхгүй. Аймгийн төрийн удирдлагын ордон, хүүхдийн төлөө төвд тарж хуралддаг, хоолонд орох болоход 4-5 газар хуваагдах болдог. Бас нэг юм нь аймгийн сургууль соёлын газар нийтээр ой, өдрөө тэмдэглэх, амрах болоход багтаамжтай газар алга. Аймгийн эргэн тойронд 50-60 км-ийн радуст аятайхан амралтын газар байхгүй л дээ. Энэ бүхнийг нөхөх санааг нэгтгэж үзсэн. Тооцоо маань тэр юм даа. Манайд томоохон хурал зөвлөлгөөн, вакум сургалт зохион байгуулж болно.

-Дундговь жижгэвтэр аймаг. Ийм газар бизнес хийхэд гол бэрхшээл юу байх юм бэ?

-Ер нь байгаадаа тааруулаад л байвал юм хөгжихгүй. Байрандаа байна гэсэн үг гэж би боддог. Тиймээс томоохон төв барьж байгаа юм. Бэрхшээл их байна. Иргэдийн худалдан авах чадвар сүүлийн үед муухан болж. Гэхдээ дандаа ийм байхгүй л биз. Бизнесмен хүн л гэнэ. Би ч хүртэл мөнгөөр гацчихаад санаснаа гүйцэлдүүлэхэд хэцүүхэн байна. Гагцхүү хийе, бүтээе. Аймаг орондоо хүн оччих нэг газартай болгоё гэсэн чин санаагаараа л зүтгэж байна. Ер нь сэтгэлээсээ хандаж чадвал бизнес ч бай ямар ч ажил амжилтад хүрнээ гэж би санадаг даа.

-Өндөр хүчдэлийн шугам хэзээ татуулсан бэ?

-Аймгийн хөгжлийн сан, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас нэг удаа 80 сая төгрөгийн зээл авсан. Түүгээрээ 5,6 км газар өндөр хүчдэлийн шугам татуулсан. Цахилгаанаа ч авч байна. Мөн 87 метрийн өрөмдлөгтэй худаг гаргуулсан түүнд 18 сая орчим төгрөг зарцуулсан. Бас энэ 20 ханатай гэр 80 саяын үнэтэй. Ингээд ярихаар их баярхуу эр юм гэж санав. Тийм биш. Би дээр хэлсэн бүтээе, хийе гэсэн санаа маань л давамгайлж байгаа юм шүү дээ.

-Эко амралтын газар гэж хэлэв дээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Байгальд халгүй л гэсэн үг. Уг нь 1000 мод тарихаар төлөвлөсөн. Аймгийн ТМС сургуулиудтай гэрээ хийгээд байгаа. Одоодоо 100-г тарьсан. Амрагчдиддаа ч байгаль ээлтэй байх сэтгэлгээг бүрдүүлэхийг хичээнэ. Энэ байшин гэхэд гал өдөөх ямар ч зүйл ороогүй. Мод ороогүй гэсэн үг. Хаалга цонхны вакум нь төмөр рамтай байх юм.

-Хамгийн сүүлд сонирхоход өөрийг чинь бүр эртээс ардчиллыг идэвхтэй дамжигч гэж байхыг сонслоо.

-Энэ их сонин шүү. Түүх ярьвал анх дунд сургуульд байхдаа аймгийн төвийн гудамж талбайд байрладаг “социализм, коммунизм мандтугай” марксизм-ленинизм гэсэн үгтэй лоозон, самбарыг үзэн ядаж гэх юм уу, сахилгагүйтэж ч гэх юм уу сүйтгэж байлаа. Сүйтгэж байлаа гэж дээ пенцилиний шилэнд өнгө бүрийн будаг хийж өвөртөлж яваад самбар руу шидэж буддаг л ажил даа.

-Цаг үедээ “ангийн дайсан” байж дээ. Сүйтгэгч гээд баригдаагүй юу?

-Гол нь тэр үедээ илчлэгдээгүй ээ. Сүүлд ардчиллын 10 жилийн ойн үеэр тэр хэрэг сөхөгдөхөд “Тэр хэргийн эзэн чинь би байна” гэж хэлсэн дээ. 1990 оны дараахан ардчилсан холбоонд элсэх гэж очоод насанд хүрээгүй гээд худалдааны ажилтны соёлын төвийн байрнаас хөөгдөөд гарч байлаа.

-Тэгээд намд элссэн үү?

-Аймагтаа анх ардчилсан залуучуудын байгууллага байгуулж байлаа. Түүгээрээ дамжиж ардчилсан намд элссэн.

-Ихээхэн улс төрждөг бизнесмен байх нь ээ.

 

-Багаасаа ардчиллыг дэмжсэн хүн дээ. Гэхдээ улстөрөөр хөөцөлдөх миний чадах ажил биш.