Х.МОНГОЛХАТАН
Халхын голын түүхт ялалтын 75 жилийн ойд зориулан бид энэ дугаарын “Амьдралын тойрог” буландаа ард олноо “Залуу жанжин” хэмээн өргөмжлөгдсөн Монгол Улсын баатар, Жамъянгийн Лхагвасүрэнг онцоллоо. Тэрээр Халхын голын дайнд монгол хүний сүр жавхаа, хийморь золбоог гайхуулан нөхдөө манлайлан тулалдаж, мянган мянган баатарлаг эрсийнхээ алтан амиар туурга тусгаар улс орноо, туг, сүлд, түүх соёлтой нь авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан баатар билээ. Монголын түүхэнд 27-хон настайдаа арми командалж, дэлхийн хоёр том дайнд оролцож явсан аавынхаа тухай түүний хүү ШУТИС-ийн харъяа Механик инженерийн сургуулийн Аэрогидромеханикийн багийн профессор, доктор Л.Лхагваа гуай ийн дурсамж хөврүүллээ.
ААВ МИНЬ ГЕНЕРАЛ ХУВЦАСТАЙГАА ИНЭЭМСЭГЛЭЭД ЗОГСОЖ БАЙСАН ДҮР ОДОО ХҮРТЭЛ САНААНААС ГАРДАГГҮЙ
Би өөрийгөө дөрвөн настайгаасаа сайн санадаг. Тэр үед цагаан сар өргөн тэмдэглэдэг байлаа. Шинийн нэгний өглөө бид гэртээ золгочихоод Маршал Чойбалсан гуайнд очно. Маршал, Гүндэгмаа гуай хоёр монгол дээлтэй, их л гоё харагддаг байсан санагддаг юм. Аав Маршалын нэгдүгээр орлогч нь, хамгийн дотны хүмүүсийнх нь нэг байсан. Дараа нь аав ээж бид гурав Бумцэнд гуайнд очно. Бумцэнд гуайн сахал нь надад их сонин гоё харагддаг байв. Маршалыг нас барсны дараа цагаан сарыг өргөнөөр тэмдэглэхээ больсон шүү дээ, манайх тэгээд шинэ жилээр битүүрч, золгодог болсон.
Аавыг академиа төгсөх жил гэр бүлээ авчрахыг зөвшөөрчээ. Эхлээд бид машинаар Улаан-Үд орж, Улаан-Үдээс галт тэргээр долоо хоног явж Москвад очиж байлаа. Вокзал дээр буухад аав минь генерал хувцастайгаа инээмсэглээд зогсож байсан дүр төрх одоо хүртэл санаанаас гардаггүй юм.
Дунд сургуулиа төгсөөд би Жуковскийн нэрэмжит академид нисэхийн инженерийн мэргэжил эзэмшихийг хүсч байв. Цэргийн нисэхийн инженерийн академи өндөр босготой, цэргийн тусгай дунд боловсролгүй хүн авдаггүй учраас аавд хэллээ. Гэтэл аав Цог генералд өргөдөл бичээд өгчих гэдэг юм байна. Цог генерал надад ЗХУ-ын Батлан хамгаалах яамнаас зөвшөөрсөн шийдвэр авч өгсөн. Тэнд Цог генералын хүү бас сурч байв. Гэтэл хоёр генерал хүүхдүүдээ том сургуульд дураараа оруулсан гэсэн яриа гарч надад ихийг бодогдуулсан. Би аавынхаа итгэлийг алдахгүйн тулд сургуулиа сайн төгсч, сайн мэргэжилтэн болох ёстой гэдгээ ухаарч хичээн сурч төгссөн дөө.
МАРШАЛ ЖУКОВЫН БЭЛЭГЛЭСЭН “ПОБЕДА” МАШИНЫГ ААВ УЛСАД ӨГЧИХСӨН
Миний хоёр дүү, бид гурвуулаа Москвад сурдаг байсан юм. Өөр өөрийнхөө сургуулийн оюутны байранд амьдарна. Нэг удаа аавыг Москвад ажлаар ирэхэд нь Батлан хамгаалах яамны сайд Маршал Р.Я.Малиновский уулзаад бид гурвыг тусдаа амьдардгийг мэдээд “Смоленская набережная” гудамжинд, цэргийн том цолтой хүмүүс суудаг байшинд тавилгатай хоёр өрөө байр гаргаж өглөө. Нэг өрөөнд хоёр дүү, нөгөөд нь би эхнэртэйгээ сургуулиа төгстлөө амьдарсан. Бид байр, цахилгаан, газ, утасны үнэ гэж сард ердөө 12 рубль төлдөг байлаа.
Аавыг Фрунзегийн академид сурч байхад маршал Жуков Батлан хамгаалахын сайд байсан юм. Гэтэл Халхын голд орлогчоор нь байлдаж явсан хэрнээ аав маршал Жуковтой ерөөсөө уулзаагүй гэдэг. “Би академийн сонсогч хүн Батлан хамгаалахын сайдтай уулзах ёсгүй. Багш нарт ч эвгүй, надад ч эвгүй” гэж надад хэлж байсан.
Хожим Биеийн тамир, спортын хорооны дарга байхдаа 1957 онд Бүх дэлхийн оюутан, залуучуудын зургадугаар фестивальд Монголын төлөөлөгчдийг удирдаж Москвад очсон үед нь маршал Жуков сонин хэвлэлээс аавыг ирснийг мэдэж, гэртээ урьсан юм билээ. Тэгээд оройн хоол идэж, зөндөө удаан ярьж сууснаа гэнэтхэн “Чи машинтай юу” гэж асууж л дээ. Аав албаны унаа бол бий, хувийнх байхгүй гэж. Гэтэл тэр оны арванхоёрдугаар сард маршал Жуков аавд “Победа” маркийн шинэ машин бэлгэнд явуулжээ. Аав тэр машиныг улсад өгчихсөн гэдэг. Харин аавыг тэтгэвэрт гарахад нь Засгийн газрын тогтоолын дагуу “Москвич” өгсөн түүхтэй.
Аавыг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Дээхнэ үед айлууд гэрийнхээ хойморт еэвэн мөрдэстэй китель өмссөн аавын минь зургийг дээдлэн тавьдаг байсан. Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий ерөнхий газрын даргын хувьд би Засгийн газрын тусгай онгоцоор нисэх дарга нарыг дагалдан явдаг байв. Нэг удаа Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном Өмнөговь аймагт нэг айлд ороод намайг “Лхагвасүрэн жанжны хүү“ гээд танилцуулсан чинь гэрийн эзэн Д.Содном даргаас дээш суулгах гээд сандаргаж билээ.
“Дайнд ялалт байгуулсан гээд хүмүүс аавыг нь магтах нь бий. Яг үнэн чанартаа дайн гэдэг хүсмээр зүйл биш. Яг байлдаан дууссаны дараа хэн нэгнээ налаад унасан хүүрэн дундуур алхаж, өнгөрсөн хүмүүсээ манайх танайхаар нь ялгана. Сэтгэл зүрх нэг байсан сайхан баатарлаг цэргүүд, анд нөхөд, дарга нараа хорвоогийн улаан нарыг харахгүй, ижий аав, үр хүүхэд, эх нутаг, элгэн садандаа очихгүй гэж бодохоор гол харлаж, зүрх шимширдэг” гэж ярьж байсан юм.
ХҮМҮҮС ЭЭЖИЙГ МИНЬ ХАРАХ ГЭЖ ХОЛООС ЗОРЬЖ ИРДЭГ БАЙСАН
Аав минь эхээс наймуулаа юм. Таван эгч, нэг ахтай, ихэр отгон хөвгүүдийнх нь нэг. Зундуй ах тэр хоёр багадаа усны дусал шиг адилхан байжээ. Айл саахалтынхан байтугай эцэг, эх хоёр нь ч заримдаа андуурдаг болохоор аавд улаан, Зундуй ахад хөх утас зүүж өгсөн гэдэг. Зундуй ах багын томоотой мөрөөрөө чухам бодь хүүхэд байсан бол аав арай хөдөлгөөнтэй овсгоотой байсан гэдэг.
Харин ээж минь эгэлгүй түүхтэй, гайхалтай хүн байсан. 1913 онд Богд гэгээнд мөргөх гэж Дундговь аймгаас хориодхон настай бүсгүй Д.Цэнд охиноо аваад Хүрээнд иржээ. Богд гэгээнтэнээс адис авахаар өмнө нь сөгдөхөд тэрээр охиныг нь хараад “Яасан нүдэнд дулаахан охин бэ, энэ танай хүүхэд биш байна, надад өгөгтүн” (төөрч төрсөн байна) гээд хоёр настай Дашцэдэнг /миний ээж/ өөрийн төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавт үрчлүүлэхээр болсон гэдэг. Богд нааштай хандаж охинтойгоо хааяа уулзаж байхыг зөвшөөрснөөр эмээ нутагтаа буцалгүй, эр нөхрөө орхиж, Хүрээнд үлдэн ажил хийж охиноо эргэж байжээ. Чойжин лам, түүний эхнэр Сүрэнхорлоо хоёр бяцхан охиндоо их хайртай, тусгай гэрт ламаар харуулж, хөгжмийн олон зэмсгэн дээр тоглохыг сургаж, хятад хэл ч зааж тухайн үедээ өндөр мэдлэг боловсролтой болгон өсгөжээ. Богд гэгээний таалсан хоёр настай охин нас бие гүйцэхдээ хүн бүрийн нүдийг булаам сайхан бүсгүй болжээ. Тэр үеийнхний яриагаар хүмүүс ээжийг харах гэж хаа холоос ч ирдэг байсан гэдэг.
Ардын хувьсгал ялж, Богд гэгээний ивээлд байсан түүнийг феодалын охин хэмээн нэрлэх болсон байна. Хөгжим, бүжгийн авъяастай Дашцэдэн 17-18 настайдаа Бөмбөгөр театрт хөгжимчнөөр орж, улмаар бүжигчин болжээ.
1940 онд аав минь найз “циркийн” Раднаабазарын хамт Бөмбөгөр театрт тоглолт үзчихээд ээжтэй танилцжээ. Ийнхүү 30 дөнгөж шүргэж яваа корпус командлан захирагч гэдэг цэргийн цолтой олон түмний хүртээсэн “Залуу жанжин” өргөмжлөлтэй Ж.Лхагвасүрэн феодалын охинд сэтгэл алдарсан хэргээр зэмлэл хүлээсэн гэдэг. Тэглээ гээд хайртай бүсгүйгээсээ салалгүй гурван хүүхдийн эцэг эх болон насан туршдаа хамтдаа сайхан амьдарсан даа.
Ээж минь Сүрэнхорлоо ээжийгээ өнгөрсний дараа төрсөн ээж Цэндийгээ гэртээ авчраад, өөд болтол нь асарч халамжилсан юм. Мөн Дундговь аймгаас Галсанжав аавыгаа хоёр охин дүүгийн хамт авчруулжээ. Том дүүгээ Анагаахын дунд, бага дүүгээ дунд сургуульд оруулсан гэдэг.

ААВЫН НЭР ХҮНДЭД ДАРАГДАХГҮЙН ТУЛД ЭРХ МЭДЭЛТНҮҮД ХАВЧИН ГАДУУРХАЖ ЭХЭЛСЭН
Маршалын орлогч жанжин байхдаа аав 1948 онд Москва руу академид яваад 1952 онд төгсч ирсэн. Гэтэл яг тэр үед Маршал нас барсан. Маршалыг өнгөрснийг дуулаад аав минь хамгийн ихээр харамсан гашуудаж байсан. Талийгаачийн цогцсыг ачиж явсан гашуудлын цуваа Улаан-Үдэд ирж зогсоход Улаанбаатараас аав Маршалын хүү Ч.Нэргүй нар машинтай тосч очсон юм.
Маршалын нэгдүгээр орлогч жанжин байсан аав академийг онц дүнтэй төгсч ирэхэд төр засаг Цэргийн ерөнхий сургуулийн захирлаар томилсон юм. Ард түмний дунд нэр хүндтэй учраас том албан тушаалтнууд сүрэнд нь дарагдахгүйн тулд аавыг ийнхүү хавчин гадуурхаж эхэлсэн дээ.
Цэргийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад 1955 онд Армийн жанжин штабын дарга болоход ажлаас нь өөрчилж Биеийн тамир спортын хорооны дарга болгосон юм. Биеийн тамир спортын хороогоо Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тусгай газар болголоо. Энэ үеэс би аавыгаа бүр сайн мэддэг болов. Аав армийн жанжин штабын даргаар ажиллаж байхдаа цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хавсран гүйцэтгэж, ганцхан яндан нь л байсан газар нэгдүгээр цахилгаан станцыг байгуулсан.
Мөн Биеийн тамирын хорооны даргаар гуравхан жил ажиллахдаа Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэнг бариулж байв. Аавын нэр нөлөөн дор Монгол Улс олон сайхан зүйлс бүтээж, сайн муу олон зүйлд аавыг минь өмнөө барьсан даа. Тэтгэвэрт гартлаа улсын наадмын хурдан морины комиссын даргаар ажилласан. Наадмын морины комисс гэдэг бөөн будлиан, хэрүүл маргааны үүр уурхай. Заргалдаад ирсэн хүн аавын нэрийг дуулаад л дуугүй гараад явдаг байсан гэдэг.
1958-1959 онд Хятадтай харилцаа муудаад эхлэнгүүт татан буулгаад байсан армиа шинээр байгуулах ажилд аавыг томилсон. Усан цэргээс бусад бүх чиглэлээр бэлтгэгдсэн орчин үеийн чадварлаг арми болгоход миний аав онцгой хувь нэмэр оруулсан. Хоёр дайнд зөвлөлтийн маршал генералуудтай хамт оролцсон болохоор дайны нөхөрлөл ч зузаан. Ямар ч сайд дарга генералууд аав шиг зөвлөлтийн генералуудтай ойлголцож чаддаггүй байсан гэдэг. Ямар сайндаа 1945 онд Берлинийг бүсэлж эзлэхэд “Берлинийг гурван монгол эзэлж явсан” гэсэн яриа байдаг. Учир нь Халх голд байлдаж явсан оросуудыг улаан армийнхан монголчууд гэж нэрлэдэг байж.
АРД ТҮМНИЙ ШАХАЛТААР 1989 ОНД БААТАР ЦОЛ ОЛГОСОН
Аав минь яруу найраг их сонирхоно. Өөрөө их сайхан шүлэг зохиодог хүн байлаа. “Цэрэг эрийн замналаас”, “Зузаан найрамдал”, “Халхын гол” гэсэн гурван ном бичсэн. Тэгээд дөрөв дэх номоо бичиж байгаад 1982 онд дуусгаж амжилгүй бурхан болсон. “Сэтгэлд шингэсэн он жилүүд” хэмээх дурсамж, дурдатгалын номд нь өөрийнх нь бичсэн шүлгүүдийг оруулсан.
1969 онд Халхын голын ялалтын 30 жилийн ой тохиосон. Тухайн үед аав Батлан хамгаалахын сайд байлаа. Хэрвээ сайдаараа ойтойгоо золгосон бол Зөвлөлтийнхөн баатар цол өгөх гэж байсан юм билээ. Гэвч наадмын өмнөхөн Улс төрийн товчооныхон гэнэтийн хурал зарлаж, шөнөжингөө хуралдсаны эцэст аавыг сайдын суудлаас нь огцруулах өдөөн хатгалга хийснээр аав өөрөө огцрох хүсэлтээ гаргасан гэдэг.
Харин ард түмний шахалтаар 1989 онд баатар цолыг нь нөхөн олгосон юм. Ард түмэн ингэж шахан шаардаж байж, амьдад нь өгүүлж чадаагүй ч өнгөрсөн хойно нь нөхөн олгуулсан нь жинхэнэ ардын баатар байсныг харуулсан. Аав минь шулуун шударга цэргийн жанжин хүн. Насаараа чин үнэний төлөө явсан юунаас ч айдаггүй, хэзээ ч мөхөөгүй цэргийн жанжин байсан юм.