А.ТҮМЭННАСТ

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга, доктор, Г.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Монгол Улсын стандартчиллын хөгжлийн талаарх таны бодлыг сонсоё. Манай улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хөгжлийн аль шатанд явна вэ?

-1970 оноос Стандартчиллын улсын зөвлөл байгуулж, дүрмийг баталсан нь стандартчиллын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтайгаар хэрэгжүүлэх эхлэл тавигдсан бөгөөд энэ үеэс стандартчиллын тогтолцооны үндэс бүрдсэн гэж үзэж болно. Стандарт боловсруулах, заавал мөрдөх, согогүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөдөлгөөн өрнөж 1979 он гэхэд 3500 гаруй улсын стандарттай болсон нь улсын 10 гаруй үйлдвэрийг болон социалист улсуудтай харилцан солилцох барааны хэрэгцээ, шаардлагыг хангаж байсан.

Үүнд бүтээгдэхүүний чанарт харилцан хяналт тавих, согогүй бүтээгдэхүүний аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, чанарын удирдлагын системийг боловсруулан хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн савхин эдлэлийн үйлдвэрийн Д.Доржсорог ахлагчтай чанарын бригадын хамт олны туршлага чухал байр суурь эзэлж байлаа. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, стандартыг хэрэглэх талаар онцгой гавъяа байгуулсан учир чанарын бригадын ахлагч Д.Доржсорог 1995 онд аж үйлдвэрийн гавъяат ажилтан болсон нь чанар, стандартын асуудалд төр, засгаас ихээхэн анхаарал тавьж зохих үр дүнд хүрч байсны илрэл юм.

1992 онд Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсан нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн бодлогыг үндсээр нь өөрчлөхөд хүргэсэн бөгөөд Монголын стандартчиллын тогтолцооны эрх зүйн орчинг өөрчлөх нийгэм эдийн засгийн бодит шаардлагыг бий болгосон. Үүний дагуу сүүлийн 20 гаруй жилд хууль эрх зүйн олон баримт бичиг гарч хэрэгжиж байна. Стандартчилал, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа нь улс орны эдийн засаг, техник технологийн дэвшил, аюулгүй байдлыг хангахад чиглэгддэг. Энэ утгаараа Монгол Улсад стандартчиллын тогтолцоо бүрдэж, хөгжиж буй орнуудтай харьцуулахад нилээд дээгүүр үзүүлэлттэй байгаа. Гэвч боловсронгуй болгох, шинэчлэх асуудал нилээд байна.

-Ер нь танай агентлаг аль сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг юм бэ?

-Стандартчиллын үйл ажиллагааг  улсын хэмжээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Стандартчилал, хэмжил зүйн газар хэрэгжүүлж байна. Манай агентлагийн үндсэн үүрэг нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах, холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг сурталчлах, тэдгээрийг хэрэглэж байгаа практикийг судалж, боловсронгуй болгох санал боловсруулж Монгол Улсын Шадар сайдад танилцуулахад чиглэгдэж байна. Мөн тус Агентлагийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуульд тодорхой зааж өгсөн.

-Та шинэчлэх асуудлууд байгаа гэж хэллээ. Стандартчиллын тогтолцооны эрх зүйн шинэчлэлд ямар асуудлууд хамаарч байна вэ? 

-Монгол Улсын стандартчиллын тогтолцооны эрх зүйн үндсийг “Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай” Монгол Улсын хуулиар анх 1994 онд тогтоож өгсөн бөгөөд түүнийг 2003 онд шинэчлэн, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хууль нэртэйгээр эдүгээ хүртэл мөрдөгдөж байна. Стандартчиллын тогтолцооны эрх зүйн үндэс болсон энэхүү хуулийн шинэчлэлийг олон улсын нийтлэг жишиг, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн онцлог шаардлагын дагуу хийх шинэчлэлийг дараах чиглэлээр гүйцэтгэж болно. Үүнд:

1. 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хэлэлцээрүүдийг хүлээн зөвшөөрч тэдгээрт нэгдэн орох тухай” Монгол улсын хуулиар Тариф, худалдааны тухай 1994 оны Ерөнхий хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч нэгдэн орсон.Энэхүү Ерөнхий хэлэлцээрийн салшгүй бүрдэл хэсэг нь “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай” хэлэлцээр юм. Энэ хэлэлцээр нь бүтээгдэхүүн болон үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг хуульчлан мөрдөх, бусад үзүүлэлт, шаардлагыг стандартаар тогтоон сайн дураар хэрэглэх зарчимд тулгуурласан байдаг. 2003 онд батлагдсан Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль нь стандартыг аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд стандартыг заавал мөрдөх зарчимд үндэслэсэн билээ. Иймд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд  уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зүй ёсны  шаардлага бий болсон.

2. Сүүлийн үед Монгол улсын хуулиуд нь “стандартын дагуу”,”стандартаар”, “холбогдох стандартыг мөрдөнө” гэсэн заалттай гарах явдал элбэгших боллоо. Судалгаанаас үзэхэд ийм заалт бүхий хууль 100-гаруй байна. Иймд олон улсын стандартчиллын байгууллага, гадаадын орнууд хуулиндаа стандартаас ишлэл хийдэг туршлагыг хэрэглэхшаардлагатай байна.Олон улсын стандартчилал, тохирлын үнэлгээний баримт бичгүүд болох Олон улсын стандартчиллын байгууллага /ISO/, Олон улсын цахилгаан техникийн комисс /IЕС/-оос хамтран гаргасан аргазүйн удирдамж /ISO/IEC Guide 2, Guide 65, Guide 67 г.м./ болон олон улсын суурь стандарт /ISO 9000,ISO/IEC 17000, ISO/IEC 17011/-д орсон зарчмын шинэ өөрчлөлтүүдийн дагуу уг хуулийн үндсэн ойлголтуудыг шинэчлэх шаардлага гарсан. 2004 онд шинэчилэгдэн гарсан ISO/IEC Guide 2 баримт бичигт “техникийн зохицуулалт” гэж техникийн шаардлагыг болон стандарт, техникийн нөхцөл, ажиллагааны дүрмийг хэрэглэхээр ишлэл хийсэн эсвэл эдгээр баримт бичгийн агуулгыг нь шууд тогтоосон заавал биелүүлэхээр төрийн захиргааны байгууллагаас баталсан баримт бичгийг хэлнэ” гэж тодорхой заасан байна. Иймд төрийн захиргааны байгууллагуудаас өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргаж байгаа аюулгүйн оновчтой хэм хэмжээ буюу шаардлага, аргыг агуулсан техникийн зохицуулалтыг холбогдох салбарт хэрэглэхээр төрийн захиргааны байгууллагууд баталж байхаар тогтоох шаардлага бий болсон. Энэ нь төрийн захиргааны байгууллагуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхээс гадна стандартын хэрэгжилтэнд эерэг үр дүн авчирна.

3. Аж ахуйн нэгж, байгууллагад олон улс, гадаадын стандарт, аргачлал, зааврыг хэрэглэхтэй холбоотой хоёр зөвшөөрлийг Стандартчиллын төв байгууллага олгохоор хуульчилсан. Энэ нь стандартыг сайн дураар хэрэглэхэд саад бэрхшээл учруулж байгаа талаар шүүмж гардаг. Сорилтын лабораториудын нэг хэсэг нь сайн дурын үндсэн дээр чадамжаа тогтоолгож, итгэмжлэгдсэний үндсэн дээр баталгаажуулалт хийдэг. Гэтэл үүнтэй давхардсан үйл ажиллагааг “сорилт хийх ур чадварыг тогтоох” нэрээр сорилтын гэгдэх сорилт, шинжилгээ, оношлогооны бүх лабораторийг хамруулан жил бүр хийж байхаар хуульчилсан байна. Энэ мэтчилэн аж ахуйн нэгж байгууллагын чөлөөтэй үйл ажиллагааг хязгаарлаж, илүү зардал, чирэгдэл, ачаалал өгч байгаа бүхнийг нэн яаралттай өөрчилж, зохицуулах шаардлага байгаа.

4. Олон чиглэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хэрэгжүүлэх нь тэдгээрийн уялдаа холбоо сайжрахгүй, зардлыг ч хэмнэхгүй харин хоорондоо зөрчилдөж, хөгжил дэвшилд саад болдог. Ийм үйл ажиллагаанд итгэмжлэл, баталгаажуулалт, хяналт ордог. Ийм ч учраас зарим орон Итгэмжлэл, баталгаажуулалтыг нэг байгууллага хэрэгжүүлэхийг хориглоно” гэж хуульчилдаг. Гэтэл манай оронд Улсын хэмжээнд итгэмжлэл, баталгаажуулалтыг Стандартчиллын төв байгууллагад төвлөрүүлэн гүйцэтгэж ирсэн. Стандартчиллын төв байгууллага гаальд баталгаажуулалтын алба байгуулан ажиллуулахаар хуульчилсан нь баталгаатай бараанд дахин баталгаа нэхэн буюу баталгаажуулалт хийхэд хүрэх юм. Иймд баталгаажуулалтыг олон улсын жишгийн дагуу мэргэшсэн байгууллагуудад шилжүүлэх арга хэмжээг ээлж дараатай авах нь зүйтэй юм. Мөн Стандарчилал, тохирлын үнэлгээний асуудлаар сургалт явуулах, мэдээлэл, арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүргийг Засгийн газрын шийдвэрээр Стандартчиллын төв байгууллага гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх хуулийн заалт үйлчилж байна. Сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгөх нь тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд хамаарагддаггүй. Ийм нөхцөлд энэхүү заалт нь төрийн бус мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд шийдвэр, гэрээ гэдгээр саад бэрхшээл учруулж, тэдний хөгжил, дэвшлийг чөдөрлөж буйг арилгах нь зөв гэж үзэж байна.

5. Итгэмжлэлийг хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд ноцтой хохирол учруулах нь тогтоогдсон бүтээгдэхүүний баталгаажуулалтыг зөвхөн итгэмжлэгдсэн байгууллагаар хэрэгжүүлэх, бусад тохиолдолд итгэмжлүүл гэж албадахгүй сайн дурын үндсэн дээр итгэмжлэх, олон улсын буюу өөр орны итгэмжлэгдсэн байгууллагаар итгэмжлүүлэх боломж нээлттэй байх гэсэн зарчимд үндэслэн олон улсын нийтлэг жишгийг мөрдүүлэхээр зохицуулах нь зүйтэй юм.

-Тэгвэл баталгаажуулалтын талаар ямар өөрчлөлтийг хийх вэ?

-Одоогийн мөрдөж буй хуулиар баталгаажуулалтыг зөвхөн стандартчиллын төв, орон нутгийн байгууллага хэрэгжүүлж байгаа бөгөөд олон улсын жишгийн дагуу албан журмын ба сайн дурын баталгаажуулалтыг сайтар зааглан ялгаагүй, сайн дурын баталгаажуулалтын үйлчилгээг зах зээлийн ёсоор либералчилж, сонголттой, хүртээмжтэй, өрсөлдөөнтэй бус онцсайн чанарын  бүтээгдэхүүнийг дэмжих арга хэлбэр дутмаг зэрэг дутагдал, бэрхшээлийг арилгаж, залруулан олон улсын жишигт нийцүүлэх зайлшгүй хэрэгцээ тулгарч байна.

-Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд танай байгууллага ямар ажлыг хийж, хэрэгжүүлж байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангахуйц тээвэр, агуулахын сүлжээ, ложистик байгуулахыг дэмжих” гэж заажээ.

Европын холбооноос Монголын стандартчиллын тогтолцоог шинэчлэх төслийг 2014 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийг тодорхой үр дүнд хүргэхийн тулд стандартчиллын бодлогын стратегийн зорилтуудыг тодорхойлж эрх зүйг шинэчлэх саналаа боловсруулан шийдвэрлүүлэхээр удирдах дээд байгууллагад хүргүүлээд байна. Энэ нь шинэчлэлийн Засгийн газрын дээр дурьдсан хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх үндэс болно.

-Тохирлын үнэлгээ нь экспортлогчдод ямар нөлөө үзүүлдэг юм бэ?

-Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Экспортолж байгаа бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг олон улсын стандартад нийцүүлэн шат дараатай ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлах” зорилт тусгагдсан билээ.Экспортын гол шалгуур нь олон улсын түвшний чанарын шаардлага буюу стандартын шаардлагыг хангах явдал байдаг. Зорилтот зах зээлд хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал ба байгаль орчныг хамгаалахын тулд тогтоосон шаардлагад бүтээгдэхүүн нь нийцэж байгааг экспортлогч өөрөө нотлох үүрэгтэй. Мөн экспортлогч нь барааг харилцан нийлүүлэхээр гэрээгээр хүлээсэн худалдан авагчдын тодорхойлсон чанар, стандартуудыг хангах ёстой. Энэ үүргийг стандартчилал, итгэмжлэл, баталгаажуулалтын зохистой тогтолцоо гүйцэтгэж байгааг олон улсын туршлага харуулдаг.  Иймээс олон улсын жишигт нийцсэн тогтолцоог бий болгож, үйлчилгээг нь хангах ёстой.

-Стандарт боловсруулах шат дамжлагыг цөөрүүлэх, мөн албан байгууллага дахь хүнд суртлыг арилгахад ямар арга хэмжээ авах вэ?

-Стандартчиллын үйл ажиллагаа нь шинжлэх ухаан техникийн ололт амжилт, тэргүүн туршлагад үндэслэдэг учир холбогдох техникийн хороогоор (ажлын хэсгээр) удирдуулан зохих судалгаа шинжилгээ, сорилт, туршилтын үйл ажиллагааг наад зах нь 3-5 жилийн хугацаанд гүйцэтгэж түүний явц, үр дүнг 6-10 удаагийн хэлэлцэх зэрэг багагүй хугацаа, хөрөнгийг шаарддаг. Ингэж боловсруулсан стандартын төслийг сард нэг удаа хуралддаг Стандартчиллын үндэсний Зөвлөлөөр хэлэлцэн баталдаг. Энэ нь стандарт батлах үйл ажиллагааг удаашруулах хандлагыг бий болгож байгаа талаар хэрэглэгчид шүүмжилдэг. Иймд уг Зөвлөлийг ажиллуулахгүйгээр, олон улсын жишгийн дагуу техникийн хорооны шийдвэрийг Стандартчиллын үндэсний байгууллагыйн дарга баталгаажуулах боломжтой. Үүний үр дүнд стандарт боловсруулах батлах үйл ажиллагаа хоёр шат дамжлагаар цөөрөх юм.