Д.ГЭРЭЛ

Модыг ямар ч хөрс шороогүйгээр тарьж болохыг та дээрх зургаас харлаа. Мод төдийгүй жимс, жимсгэнэ, хүнсний ногоог хүртэл ямар ч хөрсгүйгээр ургуулчихдаг юм байна, энэ өвөрмонголчууд. Хөрсгүй тарих хоёр боломж бий гэнэ. Нэгдүгээрт, усанд тарьж ургуулах арга. Хүний эрүүл мэндэд ямар ч харшилгүй тусгай бордоог усанд нь хийхэд ямар ч ургамал ургачихдаг байна. Хоёрдугаар арга нь хүнсний ногоог хана түшүүлэн босоогоор нь ургуулж авдаг аргатай. Үүнийг Өвөрмонголын Баяннуур аймгийн Линьхэ дүүргийн Хаотүн газар тариалангийн үлгэр жишээ үзүүлэх паркийн хүрээлэнгээс харж болно. Энэ парк тарьсан ногоон хүлэмжээ аялал жуулчлалын чиглэлээр ашиглахаас гадна аж ахуйн нэгжид нийлүүлдэг тухай тус хотын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ли онцолж байсан юм. Өвөрмонголчууд устах аюулд орсон цэцэгсийг олшруулах зорилгоор тарьж эхэлжээ. Хөх хотод үйл ажиллагаа эрхлэх Хэшиньюань хэмээх компани гантай тэмцэх ургамал судлан ургуулж байна.

Түүнчлэн БНХАУ-ын удирдлагууд Бээжин рүүгээ чиглэсэн их төвлөрлийг сааруулах зорилгоор зах нутгаа тэр дундаа харъяанд байгаа өөртөө засах улсуудаа дэмжин хөгжүүлэх бодлогыг сүүлийн жилүүдэд баримтлажээ. Говь цөлөрхөг бүс ихтэй Өвөрмонголын өөртөө засах орныг хөгжүүлэхээр 10 томоохон төсөл эхэлсний нэг нь цөлийг ногооруулах хөтөлбөр юм.  Үүний нэг нь Талын хар уулаа дагасан 670 га газрыг бэлчээр болгох төсөл.  Цөлөрхөг сул шороонд ургаж чадах тэсвэртэй 10 гаруй зүйлийн ургамлыг сонгож тарьсан энэ бэлчээрийг түшиглэн 1500 морь үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөж байна.

Энэ талаар ӨМӨЗО-ны Экологийн газрын ажилтан Шин На “Өвөрмонголын хувьд Монгол Улсыг бодвол усны ундарга бага. Ногоон байгууламж бий болгохын тулд тэд хэдэн зуун километрийн алсаас улс татаж байж энэ ажлыг амжилттай хэрэгжүүлж байна” гэсэн хариулт өгсөн юм.