Д.ОДОНТУНГАЛАГ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваатай ярилцлаа.
-Энэ жил Сэлэнгэ аймгийн долоон сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж буйн нэг нь Мандал сум. Тэгэхээр сум орон нутгийнхаа үүх түүхээс танилцуулна уу?
-Юуны өмнө танай сонины захиалагч эрхэм уншигчдад болон төрөлх сумынхаа ард иргэд, ахан дүүстээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сумынхаа үүх түүхийг сөхөж үзвэл манай сум 1691 онд Түшээт хан аймаг халхын умар замын баруун гарын зүүн этгээдийн хошуу хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж 1911 он хүртэл энэ нэрээрээ нэрийдэж яваад 1911 оноос Баатар засгийн хошуу, 1923 онд Монгол Улсын засгийн газраас батласан Нутгийн захиргааны дүрэмд заасны дагуу бүх аймаг хошууны нэрийг газар усны нэрээр нэрийдэх болсон тул Богд хан уулын аймгийн Ноён хан уулын хошуу хэмээх нэртэй болсон. 1924 онд ардын засгийн газрын 68 дугаар тогтоолоор Ноён хан уулын хошууны дотор Мандал хэмээх сумыг анх байгуулж байсан түүхтэй юм. Энэ жил манай сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн Мандал сум маань есөн баг хоёр тосгонтой, 484,3 мянган га газар нутагтай, 106 мянган мал сүрэгтэй. Сумын хэмжээнд нийт 7,3 мянган өрхөд 25,6 мянган хүн ам ажиллаж хөдөлмөрлөн амьдарч буй Улсын Шилдэг сум болон өргөжин хөгжөөд байна. Өдөр ирэх бүр өргөжин тэлж байгаа сум орон нутгаа бид цаашид улсын загвар хот болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.
-Өнгөрсөн жилийнхээ онцлох үйл явдлаас товчхон дурдвал?
-Өнгөрсөн жил олон онцлох үйл явдлаар дүүрэн сайхан жил болж өнгөрсөн. Ажил хүлээн авсан гарааныхаа жилд хүнээ дэмжиж, сумаа хөгжүүлье гэсэн эрхэм зорилтын хүрээнд гурван бүлэг, 13 дэд бүлэг, 135 зорилт бүхий мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллаж жилийн эцэст засаг даргын мөрийн хөтөлбөр 84.6 хувьтай, тухайн жилийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт 88 хувьтай дүгнэгдлээ. Мандал сумын унаган хүү, бидний бахархал болсон Г.Эрхэмбаяр маань улсынхаа баяр наадмаар аварга цол хүртэж нутгийн зон олноо баярлуулсан төдийгүй жиу жицү бөхийн дэлхийн аварга гэсэн эрхэм хүндтэй цол тэмдгийг авчирж, мөн сумын маань хүү Г.Тэмүүлэн нь ой тогтоолтын дэлхийн аварга болж хоёртын тооллын бага насны төрөлд дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон, түүнчлэн хоёр оны босгон дээр Мандал сумаас маань дөрвөн ихэр хүүхэд төрсөн зэрэг олон онцлох үйл явдал болж нутгийн олноо баярлууллаа. Орон нутгаа хөгжүүлэх, ирээдүйн их хот болгох зорилтын хүрээнд бид дулааны нэгдсэн шугам сүлжээний техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, цэвэр болон бохир усыг татан зайлуулах шугмын зураг төсөв хийлгэж дээд шатны байгууллагад уламжлаад байна. Энэ нь Зүүнхараа хотыг ирээдүйн их хот болох үндэс суурийг тавих бэлтгэл ажил хангагдсан гэсэн үг юм. Мөн түүнчлэн 5000 хүний суудалтай хүүхэд залуучуудын соёл ёпортын цогцолборын зураг төсөв хийлгэж холбогдох шатны байгууллагад уламжлахын зэрэгцээ эрүүл мэнд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, сургууль цэцэрлэгүүдийн өргөтгөл засварыг хийлээ. Орон сууц барилгажилтын хувьд суманд маань өдөр ирэх бүр шинэ шинэ барилга сүндэрлэн босч байна. Бид саяхан төрийн орон сууц корпарацийн 126 айлын орон сууцыг сумандаа бариулахаар болж, 16км хатуу хучилттай зам, мөн зам дагуух гэрэлтүүлгийг асуудлыг төсөвтөө тусгуулан хэрэгжүүлж эхлээд байна.
-Энэ жил танай нутгаар хаваржилт хэр болов?
-Энэ жил өнтэй сайхан өвөл болж хавар нь хур бороо элбэгтэй байж сум орон нутаг маань дэлгэр сайхан зунтай золголоо. Энэ хавар 46,5 мянган мал төллөхөөс нийт 37 мянган төл мал хүлээн авч мал төллөлт 80.2 хувьтай байна. Газар тариалангийн хувьд 6400 га-д үр тариа тариалахаас 5760 га-д тариалж 90 хувьтай, төмс 730 га-д тариалахаас 680 га тариалж 93,1 хувьтай, хүнсний ногоо 427 га-д тариалж 95 хувьтай тариалалтын ажил явагдлаа. Манай сумын нэг онцлог бол үр тарихаас илүүтэйгээр төмс хүнсний ногооны үйлдвэрлэлээрээ аймагтаа төдийгүй улсад дээгүүр байр эзэлдэг. Жил бүр 68 аж ахуйн нэгж байгууллага, 1700 гаруй өрх дунджаар 8.0-10.0мян.тн ургац хураан авч аймгийн нийт төмс, хүнсний ногооны 23-36 хувийг нийлүүлж байна.
-90 жилийн ойг угтаж зохион байгуулж буй ажлуудаасаа танилцуулаач?
-Ойгоо угтаж бид хоёр томоохон зорилт тавин ажиллаж байна. сумынхаа үүх түүхийг арвижуулан бичиж ард иргэддээ хүртээх ажлыг хийж байна. Энэ нь олон жилийн өмнө сумын төв архив шатаж Мандал сумтай холбоотой түүх арчигдан алга болсонтой холбогдуулан аймгийн болон үндэсний төв архиваас сумтай холбоотой материал цуглуулах, мөн одоо байгаа ахмадуудаасаа үүх түүхээ өвлөн бичиж үлдээх эрхэм зорилгын хүрээнд хийгдэж буй ажил юм. Энэхүү ажил маань ахицтай байна.
Хоёрдугаарт айл өрх, албан байгууллага бүр өөрийн үүд хаалганаасаа эхлэн өнгө төрхөө сайжруулан тохижилт хийж сумынхаа их ойд бэлэг барих гэсэн уриалга гарган ажиллаж энэхүү ажлынхаа хүрээнд гэр хорооллын гудамж, хашаануудыг цэгцлэх, хог хаягдлыг цэвэрлэх, зам засах, гэрэлтүүлэг тавих, айл өрх албан байгууллагууд бүр мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг тохижилтын ажлууд хийж байна. Албан ёсны тоогоор сумын хэмжээнд нийт 10900 ширхэг мод тарив. Мөн мандалчуудын шүтээн хайрхан болсон Ширхэнцэг уулынхаа бэлд амралт цөлөө цагийг өнгөрөөх орчин бий болгож тохижуулах, хот доторх ногоон байгууламж цэцэрлэгийг засч сэргээх ажлууд хийлээ.
Мандалчууд бид 90 жилийн түүхэн ойгоо 2014 оны долдугаар сарын 31, наймдугаар сарын 1, 2-нд тэмдэглэнэ.
Мөн ойн ажлын хүрээнд долоон ажлын хэсэг томилон ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд Нутгийн зон олны уулзалт зохион байгуулж зөвхөн Мандал сумынхаа 2500 гаруй иргэдийг нэг дор цугларуулан уулзуулсанд ард олон маань их баяртай байгаа. Цаашид зургадугаар сарын 6,7-нд Сэлэнгэ болон Дархан уул аймагт энэхүү уулзалтыг зохион байгуулж тэнд амьдарч ажиллаж байгаа ард иргэдийгээ уулзуулах зорилготой байна. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаараа бид манай сумаас төрөн гарсан, одоогоор өөр аймаг хотод амьдарч ажиллаж буй алдартан гавъяатнуудаа олсон сайхан үйл явдал болсон. Бидний мэддэгээр сумаас маань 30 гавьяат төрөн гарсан гэж байсан бол тус уулзалтын үеэр тэр гавьяатуудын тоо нэмэгдсэн байгаа. Энэ нь уулзалтын маань үр дүн гэж бодож байна.