Б.ЗАЯА, С.УЯНГА
Монгол Улсад хэн нэгнийг цагдан хорих явц хуулийн дагуу байгаа эсэх, чухам ямар үндэслэлээр хорьдог, шүүгч, прокурор үзэмжээрээ хандаж байна уу, цагдан сэргийлэх арга хэмжээ авахад эрх нь зөрчигдөж байна уу зэрэг олон асуудал ойрын өдрүүдэд олны анхааралд байна. Энэ олон асуултад хариулт нэхэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл, өмгөөлөгч, судлаачдын дунд өчигдөр өрнүүллээ.
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан өнгөрсөн сард хорих ангид амиа алдсан. Энэ явдал цагдан сэргийлэх арга хэмжээ эрүүдэн шүүлтийн хэлбэрт шилжив үү гэж олон нийтийг хардахад хүргэсэн юм. Өнгөрсөн онд хуулийн байгууллага 1900 гаруй хүнийг сэжигтнээр татсан нь өмнөх онуудаас буурсан үзүүлэлт гэнэ. Гэвч Хүний эрхийн үндэсний комисст цагдан хоригдож, эрхээ сэргээлгэхээр гомдол гарган хандсан хүмүүс сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон байна. Өнгөрсөн онд гэхэд тус байгууллагад ирүүлсэн гомдлын талаас илүү хувь нь хорих ангитай холбоотой байсныг хэлэлцүүлгийн үеэр дуулгалаа. Саатуулагдсан хүмүүсийнх нь тоо 800-гаас буурдаггүй цагдан хорих 461 дүгээр ангиас энэ оны эхний дөрвөн сарын байдлаар найман иргэн зөвхөн эрүүл мэндээ хамгаалуулах эрх нь зөрчигдөж байгаа талаар Хүний эрхийн үндэсний комисст хандсан байна.
Шүүгч, прокурорууд нь үйлчлүүлэгчдэд нь таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа оролцуулдаггүй, тэдний дунд мэтгэлцээн явуулах боломжийг хангаж өгдөггүйг өмгөөлөгчид онцолж байсан бол шүүгчдийн хувьд тэс өөр зүйл ярьж байна. Тодруулбал, өмгөөлөгчид олон нийтийг хамарсан сүр дуулиантай хэрэгт идэвхтэй оролцдог ч энгийн иргэдийн хэрэгт санаачлага гаргадаггүй гэв. Түүнчлэн шүүгчдийн ачаалал их байгааг ч энэ үеэр дурдсан юм. Харин хөндлөнгийн мэргэжилтнүүд зөвхөн өмгөөлөгч, шүүгч, прокурор гэхээс илүү одоо мөрдөж буй хууль нь тодорхой бус байдгаас алдаа дутагдал гарах үндэс болж байна гэж үзэж байна. Хуулийн байгууллагын төлөөллүүд хэлэлцүүлгээс гаргасан үр дүнг зөвлөмж, эсвэл уриалга хэлбэрээр шийдвэр гаргах дээд байгууллагад хүргүүлэх саналд нэгдсэн юм. Хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүдийн байр суурийг тоймлов.
С.Олзод: ӨМГӨӨЛӨГЧДИЙН МЭТГЭЛЦЭХ ЗАРЧМЫГ ХАНГАДАГ
/Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч/
-Бид ЭБШХ-ийн 58, 68 дугаар зүйл болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорын хамтарсан захирамж, тушаалыг барьж ажилладаг. Өмгөөлөгчид ЭБШХ-ийн 68.3, 69.10-т зааснаар хүсэлтээ гаргахгүй бол шүүх авч хэлэлцэхгүй. Өдөрт сэжигтнийг цагдан хорих, баривчлах, хугацааг сунгах асуудлаар өдөрт 2-3 удаа заавал хуралддаг. Ачаалал их байна. Хүсэлт гаргасан өмгөөлөгчдийг мэтгэлцүүлдэг.
Б.Батаа: ШҮҮГЧ, ПРОКУРОРТ ҮЗЭМЖЭЭРЭЭ ХОРИХ ЭРХИЙГ НЬ ХУУЛИАР ОЛГОЧИХСОН
/ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга/
-ЭБШХ-ийн 68 дугаар зүйлийн 68.1-д хэн хэнийг, ямар зорилгоор хорих тухай заадаг. Зорилго бол үндэслэлээс өөр. Зорилго нь субектив шинжтэй. Өөрөөр хэлбэл, таамаглалын шинжтэй байгаа юм. Түүнээс биш хорьж мөрдөх үндэслэл байдаггүй. Харин прокурор, шүүгч үзэмжээрээ хэн нэгнийг хорих боломжтой. Тиймээс цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэдийн тоо 800-гаас буухгүй байна. Ийм үндэслэл бүрдвэл тухайн этгээдийг нэн даруй суллана гэсэн заалт байхгүй. Ядаж тэр үндэслэлийг тодорхой болгох ёстой.
Б.Сарантуяа: ЦАГДАН ХОРИХОД ЗӨВХӨН ШҮҮГЧДИЙГ БУРУУТГАЖ БОЛОХГҮЙ
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн/
-Цагдан хорих шүүн таслах асуудал дээр зөвхөн шүүгчдийг буруутгаж болохгүй. Шүүгчид баяр ёслол, амралтын өдрөөр амардаггүй. Цагдан хоригдож байгаа хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх нь өмгөөлөгчийн хийх ажил. Хорих ангид хүний амь нас хохирсон нь өмгөөлөгч нь дутуу ажилласнаас болсон хэрэг. Хуулийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна.
Г.Оюунболд: ХУУЛЬД ЗААГААГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ХОРЬЖ БОЛОХ ЖУРАМТАЙ
/Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга /
-Монголд 1963 оны ЭБШХ-ийн үзэл хандлага, ерөнхий тогтссон загвар хэвээр байна. Хууль зүйн шинэтгэлийн хүрээнд ЭБШХ-ийг бид цоо шинэ үзэл хандлагаар эргэж харах шаардлагатай. Ялангуяа хүний эрхэнд халдаж хязгаарлалт хийхдээ хуулиар халддаг байх хэрэгтэй. Тухайлбал, хуулиас гадна дүрэм журам заавраар хүний эрхэнд халдаж байна. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорын хамтарсан тушаал, заавар дүрэм журамд хуульд заагаагүй үндэслэлээр хүнийг цагдан хорьж болох зүйлийг оруулсан байна. Тухайлбал, хуулиар хүнд, онц хүнд гэмт хэрэгт хүнийг хорьж болдог. Гэтэл хүндэвтэр гэмт хэрэгтнийг хорьж болох тухай үндэслэлийг оруулсан байна. Цаашид хүнийг цагдан хорихдоо процесс нь тодорхой байх ёстой юм байна. Мөн гарааны тэгш боломжоор хангаж өмгөөлөгч, яллах талыг байлцуулж цагдан сэжигтний санал хүсэлтийг сонсож нотлох баримтад тулгуурлаж цагдан хорих шаардлагатай.
Ж.Энхчулуун: МОНГОЛЫН ТӨР ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ЧАДААГҮЙ
/Өмгөөлөгч/
-Хорих 461 дүгээр ангид хүн нас барлаа. Энэ нь манай хуулийн байгууллагын үйл ажиллагаа ямар байгааг харуулсан. Монголын төр Үндсэн хуулийнхаа хүрээнд иргэнийхээ амьд явах эрхийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадаагүй. Цагдан хорих ажиллагаа нь хүний эрхийг хэрхэн зөрчиж байгааг мэргэжлийн төвшинд судалж, бодлого боловсруулдаг хүмүүсийн төвшинд шийдүүлэх цаг нь болжээ.
БАРИМТ-1: Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан өнгөрсөн сарын 14-нд цагдан хорих 461 дүгээр ангид нас барсан. Түүнийг 2013 оны сүүлчээс баривчилсан ч өнгөрсөн нэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан. Ингээд дөрөвдүгээр сард дахин хорьсон. Энэ үед биеийн байдал нь дээрдээгүй байсан бөгөөд дахин батлан даалтад гаргахаар хууль, шүүхийн байгууллагад олонтаа хандсан тухай талийгаачийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид нь хэлж буй.
БАРИМТ-2: Хөвсгөл аймгийн иргэн Э 2007 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд хүнд гэмт хэрэгт шалгагджээ. Тэрээр 68 хоног цагдан хоригдсон бөгөөд эцэст нь түүнд холбогдох хэргийг цагаатгасан.
БАРИМТ-3: Нийслэлийн шүүхийн 25 тоот магадлалаар иргэн Б-гийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зургаан жилийн хорих ялыг дөрвөн жил болгон өөрчилсөн байдаг. Ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ч Нийслэлийн шүүхийн уг магадлалыг ялтан Б-д гардуулж өгөөгүй, шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор оноосон дөрвөн жилийн хорих ялаас илүү хугацаагаар чанга дэглэмд хууль бусаар эрх чөлөөг нь хязгаарлажээ.
БАРИМТ-4: Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2005 оны гуравдугаар сарын 18-наас эхлэн шалгажээ. Түүнийг нийт найман жил нэг сар 12 хоног шалгаж, цагдан хорьж, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учруулжээ.