-Татварын өршөөлийн хуулийг, гэмт хэрэгтнүүдийг өршөөх хуультай хамт батлахаар ярьж байна- 

Ө.БАТХҮҮ

Ямар ч улс оронд аль ч Засгийн газрын үед иргэддээ ямар нэг төрлийн өршөөл үзүүлэх  хууль олны анхаарлын төвд  байдаг. Алсын АНУ-д  гэхэд л  цагаачдыг өршөөж, таван тивийн орноос очсон 20 орчим сая хүнийг тус улсын иргэн болгох тухай хууль дэлхий нийтийн анхааралд байна. Нэгдсэн улс цагаачдад  зориулсан өршөөлийн хуулиа батлалгүй 17 жил болж буй учраас олон сая хүн зөвхөн үүнийг чих тавин чагнаж буй юм. Харин манайд гэмт хэрэгтнүүдийг өршөөх хуулийн төсөл өнгөрсөн намар УИХ-ын дэд даргын ширээн дээр  очсоноос хойш гурван улирал солигджээ.

Тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Бат-Эрдэнэ, Л.Цог, С.Ганбаатар нар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Тэр цагаас хойш  тус хуулийн төсөл олны анхааралд байж, Засгийн газар, УИХ таг чимээгүй байснаа өнгөрсөн бямба  гаригийн Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг өргөн барих болсныг олон нийтэд зарлалаа. Ц.Оюунбаатар нар анх Өршөөлийн хуулийг өргөн барихдаа эдийн засгийн ач холбогдлыг нь илүү дурьдаж байсан юм.  “Манай улсад шоронд ял эдэлж буй долоогоос найман мянган иргэн байгаагийн 3000 орчим нь Өршөөлийн хуулиар суллагдана. Тэдгээрт  жилд 12 тэрбум төгрөг зарцуулж  байгааг хэмнэх боломжтой” гэж үзсэн. Мөн олон айл элэг бүтэн болж  тэр хэрээр нийгмийн амьдрал эрүүлжинэ хэмээн тайлбарласан. Харин Засгийн газраас гаргасан шинэхэн мэдээг үзвэл Өршөөлийн хуулийг  илүү олон хүнд хамаатай байхаар дахин өргөн мэдүүлэх гэж буй бололтой.

Засгийн газрын албан мэдээнд “Өршөөл үзүүлэх тухай төсөлд гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд өөрийн шууд асрамжид байгаа 18 хүртлэх насны хүүхэдтэй эрэгтэйчүүд, ял эдэлж байхдаа хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж, тахир дутуу болсон хүмүүс, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ.Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн ялаас хоёр болон гурван жилийг өршөөн хасахаар тусгасан байна.Зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас, зарим захиргааны зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлж байгаа нь алдаж эндсэн иргэндээ төрөөс онцгой итгэл хүлээлгэж байгаагийн илэрхийлэл бөгөөд, энэ нь тэдний цаашдын засрал хүмүүжилд эергээр нөлөөлнө гэж үзэж байна”  хэмээжээ. 

Энэ бол 1990 он гарснаас  хойш зургаа дахь удаагийн Өршөөлийн хуулийн төсөл юм. Засгийн газрын мэдээнээс үзвэл Ц.Оюунбаатар нарын өргөн барьсан төслөөс илүү олон хүнийг Өршөөлийн хуулийн дагуу суллах болж байна. Жишээлбэл анхны төсөлд зөвхөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон  хүмүүсийг өршөөхөөр байсан бол шинэчилсэнд  нь давтан хэрэгтэн байх нь хамаагүйгээр 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш  насны эрчүүдийг бүгдийг нь суллахаар тусгаж, хүнд гэмт хэрэг  хийсэн хүмүүсийн ялнаас ч хасахаар болсон  байна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлахад Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэл  амтайхан хамгийн сүүлд оруулсан юм. Харин  энэ төсөл нь Засгийн газраас өөрчлөгдөөд гарч ирсэн эсэхийг Ц.Оюунбаатар гишүүнээс асуухад “Засгийн газар  өөр төсөл ярьсан байх. Бид дөрвийн санаачилсан хууль хэвээр байгаа” хэмээв. Гэвч Хууль зүйн яамныхан “Өмнөх  хуулийн төсөлд Хууль зүйн  яам, Засгийн газрынхан ажиллаад  өргөн барих болсон. Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийг хамтад  нь хэлэлцэж батлахаар ярьж  байгаа” гэж арай өөр тайлбар хэлсэн юм.

Ийнхүү эдийн Засгийн болоод бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн иргэдээ    төр  өршөөн хэлтрүүлэх хуулийн төслийг наадмын өмнө,хаврын чуулганаа  хаахаас  өмнө биш юм гэхэд энэ ондоо багтаан батлах  бололтой. Энэ бүгдийн цаана  маш  олон хүний, маш олон айлын амьдрал байгаа учраас бүх төрлийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн талаар бүх нийтээрээ анхаарч байна. Эдийн  засаг хүндэрсэн энэ үед дээрх хуулийг яаралтай батлах нь хэмнэлт  хийх  боломж, хамгийн чухал  нь  нийгмээ эрүүлжүүлэх чухал шийдвэр байж  болох юм. Нөгөө  талдаа нийгмээс тусгаар байсан олон хүн зэрэг гэртээ харих учир ажлын байр олдохгүй байх, гэмт хэрэг өсөх гэх  мэт сөрөг үр дагавар  гарахыг ч үгүйсгэхгүй. Ер  нь Өршөөлийн хууль  батлагдах  болгонд тухайн хуулийг батлуулсан авторуудад сайн, муу хоёр нэр давхар очдог нь жам  юм. Ямар боловч дээрх Өршөөлийн хуулиудыг батлаж төр нь иргэддээ сюрприз барихаар зэхэж  байна. Гэмт хэрэг хийсэн хүмүүсийг ямар нөхцлөөр  өршөөх нь бараг тодорхой байгаа бол, татвараас зайлсхийсэн  гэх мэт  эдийн засгийн гэмт хэрэгтнийг хэрхэн өршөөх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.