С.ЦЭЛМЭГ

Багахангай дүүргийн малчин Ц.Батмөнхийнд хурга, ишиг, үрээгээ хөнгөлж байхтай нь таарч түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

 

-Танай нутгаар өвөл­жөө, хаваржаа ямар­шуу­хан болж өнгөрөв дөө?

-Энэ жил манай ну­тагт өвөл цасгүй, хүйтрээгүй онцгой өнтэй жил болж өнгөрлөө. Хаврын хувьд урьдынхтай адил хүйтэн хавсарга тавьсангүй. Тавдугаар сард цас бороо холилдоод сайхан чийг тунадас өгсөн. Ногоо эрт гарлаа. Газрын чийг сайн байна. Энэ байдлыг ашиглаж малынхаа тэ­жээлийг тарина. Эндээ гурван га газар  авсан. Үүнийхээ хоёр  га-д нь тэжээл овьёос, улаан­буу­дайг хольж тарих гэж байна. Ингэсэн нөх­цөлд ургац их гардаг. Ногоо­ноор нь хатааж аваад тэжээл бэлтгэж голдуу үхрээ тэ­жээж өвөлжинө. Ирэх жил ямар болохыг хэлж мэдэхгүй гэхдээ чанга өвөл ямар тэжээл хэрэгтэйг одооноос бэлтгэхээр анхаарч байна.

-Та өөрөө чангахан өвөлдөө яаж бэлтгэл хийе гэж бодож байна?

 -Өнгөрсөн жил бага оврын трактор хадуур, хамууртай нь авсан. Боломжийхоо хэрээр ойрынхоо хадлангийн гуу жалгыг хадаж авна гэсэн бодолтой байна. Нэг га-д нь зуун чацарганы бут авч тарьснаас 30 хувь нь ургаад эхэлчихлээ.

-Төрөөс малчдад хөнгөлөлт, тусламж үзүүлж байна гээд ярьдаг. Багахангай дүүрэгт энэ нь хэр хүрч байна даа?

- Манай дүүрэг нийслэлдээ хамгийн бага газартай, хамгийн цөөн хүнтэй нь. Тэр хэмжээнд тохирсон хөрөнгө мөнгө ирж байна. Түүнээс нь манай удирдлагууд мал­чид  бидэнд аль болохоор хандуулахыг боддог. Яг өнөөдрийн байдлаар хүрээд ирчихсэн юм бага ч ирэх боломж байгаа, хүртэнэ гэж найдаж суугаа даа.

-Ямар өдрийг сонгож малаа хөнгөлж байна вэ? Зарим нэг уламжлал, арга устаж үгүй болж байна. Харин мал хөнгөлөхөд энэ уламжлал, аль хэр хадгалагдаж байна вэ?

-Өнөөдөр тавдугаар сарын 21 хаврын сүүл сарын 20-доос хойшхи үе. Мөн ялгаагүй хуучнаар хаврын сүүл сарын 21-ны өдөр. Ер нь монголчууд сар болгоны даан ялангуяа зуны эхэн сарын шинийн 15-ны дотор малаа хөнгөлдөг байсан. Энэ жилийн хувьд хаврын сар дөрөв байснаас зун оройтож эхэлж байгаа. Зуны эхэн сарын шинийн 3-наас хойш засах гэхээр дэндүү дулаан болж өт, батгана элбэгшдэг. Түүнээс болгоомжлоод малаа заслаа. Рашаан барилдлагатай өдөр юм. Рашаан барилдлагатай өдөр малд мэс хүргэхэд шарх сорвыг хурдан эдгээдэг гэдэг дээ. Иймд өнөөдөр хурга ишиг, үрээгээ заслаа.

-Малчдын хувьд тодорхой өдрүүдэд зан үйл хийдэг. Бар өдөр унагаа тамгална ч гэдэг юмуу сонгосон өдрүүд байдаг уу?

-Ер нь сонгосон өдөр­тэй. Хонь, ямааг ноос­лоход тодорхой өдөр гаригтай байдаг. Монголчууд дандаа сарын эхний 15 хоногт багтааж энэ үйлийг явуулдаг. Энэ жилийн хувьд сайхан цаг болсон учраас өт, батганаас урь­таж хөнгөллөө.  Өнөөдөр мал хөнгөлж эхлэхэд эх­­ний үед тогтуун сай­хан байсан. Дундуур жаахан салхилсан. Мал хөнгөлөөд дууссаны дараа салхи тогтлоо. Энэ бол хөнгөлсөн малд ивээлтэй дээ.

-Таныг Багахангайн Баажгай аварга гэж ав­гайлах юм. Аварга болсон үеэ дурсахгүй юу?

-Манайх Багахангай дүүрэгт нүүж ирээд 12 жил болж байна. Бид хоёр чинь анх хотоос гарахдаа зургаан ишигтэй ямаа, тугалтай үнээ, унааны морьтой, гурван хургатай хоньтой гарч ирсэн.  Энэ хэдэн малаасаа гадна хүний 50-иад хонь ямаа, 20-иод үхэр мөн 10 гаруй адуу малласан. Энэ хугацаанд бид хоёрын мал өсч үржлээ. Малаа маллуулж байсан улсууд бид хоёрт тав арван мал хөлсөнд өгч байсан. Тэр бүгдийг нийлүүлж арчилж хамгаалж хороохгүй, зуд өвчинд нэрвэгдүүлэхгүйн төлөө тэмцсэний хүчинд 2005 онд дүүрэгтээ хамгийн олон малтай анхны “Сайн малчин” болсон. 2006 онд мөн малаа өсгөөд хоёр дахь удаагаа “Сайн малчин” болсон. Тэрнийхээ эрчээр 2007 онд Улсын сайн малчдын зөвлөгөөнд оролцсон. Энэ үеэр ми­ний хөдөлмөрийг үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасан. Үүнээс хойш хөгшин бид хоёр энэ орчиндоо малынхаа тоо толгойгоор тэргүүлээгүй ч мал маллах арга ажил­­­­лагаагаараа мал­чин залуучууддаа үл­гэр дууриал болж яваа. Дүүргийн маань 25 жилийн ой ирэх наймдугаар сард болно. Энэ ойд зориулаад дүүрэг намайг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд” хөгшнийг маань Хөдөө аж ахуйн яамны шагналд тодорхойлжээ. Ер нь цаашдаа бид хоёр малаа маллана. Өнгөрсөн хугацаанд хошой аварга болсноосоо хойш гурван айлыг малчин болгохын тулд тус бүрд нь 50-60 толгой мал тасалж өгч малаа хариулуулж байна. Дээр нь тэдэнд сар болгон тэтгэврийхээ мөнгөнөөс цалин олгож байна. Тэдний нэг нь бидний өгсөн малаараа хөлжөөд амьдраад явж байгаа. Нэг айл нь манай хамаатны залуучууд байсан. Тэд малаа зараад хотод амьдрах эх үүсвэр болгоод явсан даа.  Гуравдах айл маань олон ам бүлтэй. Мөн 50 толгой мал тасалж өгсөн. Дээр нь сар бүр цалин авч байгаа. Эд маань энд шилжиж ирээд малжихын төлөө ажиллаж байна даа.

-Та өмнө нь хаана ямар ажил эрхэлж байв?

-Би анх Их сургууль төгсөөд Барилгын зур­гийн институтад сек­то­рын эрхлэгчээр ажил­лаж байлаа. Эрдэм шинжилгээний ажил хийх зорилготой тодорхой сэдэв аваад байсан. Гэтэл хотын намын хорооноос Цахилгаан сантехник, угсралтын нэгдсэн трестэд намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллуулахаар хүсэлт тавьсан. 15 жил намын ажил хийсэн дээ. Дараа нь угсармал барилгын нэгдэлд очиж мөн намын дарга, боловсон хүчний ажил хийсээр яваад 60 хүрээд гавьяаныхаа амралтад гарсан даа. Манайх 2011 онд нийслэлийн “Бүтээлч гэр бүл”-ээр өргөмжлөгдсөн бол өнгөрсөн жил Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа.